Хэл бол тухайн үндэстний оршин тогтнохуйн баталгаа, аюулгүй байдлын үндэс юм. Тиймээс ч алдарт Л.Витгенштэйн “Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар” хэмээсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд бид эх хэл маань харь хэлний түрэмгийлэлд өртөж байна, гадаад үг дэндлээ, Монгол хэл мөхөх нь хэмээн цаг ямагт ярих болсон. Энэ нь үнэний магадтай ч гэлээ монгол хэлний бас нэгэн асуудал бол яах аргагүй буруу ярих явдал гэдгийг мартаж боломгүй.
Монгол хэлний маань үгийн сан яндашгүй их, агуу бөгөөд сонсголонтой гэж бид омогших дуртай. Бидний эх хэл үнэхээр яруу, тансаг ч гэж чамирхах нэгэн бий. Гэхдээ бид энэ их омогшил, аархал доороо эх хэлээ эвдээд байгаа юм биш биз?
Үгийн тухайд:
Интернэт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд бүхий л орчинд буруу ярих тохиолдол их болжээ. Жишээ нь, “Том хямдрал, том баярлалаа, өндөр үнэ” гэх мэт үг байна.
Үүнийг эсрэгээр нь бодохоор “Жижиг баярлалаа, жижиг хямдрал, намхан үнэ” гэсэн ойлголт байдаг болж таарах нь ээ дээ.
Интернэт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд бүхий л орчинд буруу ярих тохиолдол их болжээ.
Мөн “Эмэгтэй эгч, эрэгтэй ах, эмэгтэйлэг бүсгүй, эрэгтэйлэг залуу, Цэрэн гуайн ууцыг чаналаа, үхрийн гараар татсан мах, хөлдүү хонины гуя” гэх мэтчилэн утгын алдаатай үг хэллэгийг тоочоод байвал дуусашгүй нь.
Харамсалтай нь бид буруу яриад байгаагаа мэддэг хэрнээ “За яах вэ дээ, монголчууд бид чинь угаасаа буруу ярьж зөв ойлгодог биз дээ” гэсэн үгээр өөрсдийгөө зөвтгөх гэнэ. Эсвэл “Энэ чинь монгол сэтгэлгээ” гэж биеэ өмөөрөхөөр яарна. Гэхдээ бид яагаад заавал буруу ярьж зөв ойлгох ёстой юм бэ? Зөв ярьж, зөв ойлгож болдоггүй юм уу?
Бидний энэ буруу яриад зөвөөр ойлгоод хэвшчихсэн байдлыг 2014-2015 оны хичээлийн шинэ жилээр Улсболд хүү нотлоод өгсөн. Санаж байгаа бол:
- Миний дүүгийн нэрийг хэн гэдэг вэ?
- Таны дүүгийн нэрийг үү?
- Үгүй ээ, миний дүүг хэн гэдэг вэ?
- Мэдэхгүй
- Нэрийг чинь хэн гэдэг билээ?
- Улсболд гэсэн товчхон асуулт, хариулт л даа.
Гэвч үүнд сэтгүүлч хүү хоёрын хэн хэнийх нь буруу байхгүй. Зөвхөн монголчууд бидний буруу логик, тогтолцоогоор яриад дадчихсаны илрэл.
Хэллэгийн тухайд:
Бид бүхэн маш олон хэлц, хэллэгийг өдөр тутамдаа хэрэглэсээр ирсэн билээ. Гэвч утгыг нь буруу ойлгож хэрэглэсээр ирсэн цөөнгүй хэллэгүүд байна. Тэдгээрээс тухайлан авч үзвэл,
1. Аальгүйгээс хамаргүй - XVII зууны үеэс манж нар монголчуудыг хооронд нь хагалан бутаргах, зүйл бүрээр уруудуулан доройтуулах, эрхэндээ оруулах гэсэн олон талын бодлого хэрэгжүүлж байсны дотор өнгөний өвчин Монголд дэлгэрүүлэх бодлого баримталсны үрээр нэг хэсэг Монголд өнгөний өвчин ихэд дэлгэрсэн тухай баримт түүхийн эх сурвалжуудад бий.
Энэ өнгөний өвчний нэг нь тэмбүү хэмээх яр өвчин байсан бөгөөд тэмбүү туссан хүний хамар яршдаг, улмаар мултарч унадагаас үүдэн ааль муутай, завхай явбаас өнгөний өвчинд нэрвэгдэх аюул бийг жигшиж тусгасан хэллэг /С.Чулуунпүрэв., Б.Одончимэг нар. Монгол хэлний хэвшмэл хэлцийн толь.УБ, 2012/ байжээ.
Өөрөөр хэлбэл, энэ үг анх “Аальгүйгээс хамаргүй” буюу “Аальгүйгээс хамаргүй үүднэ, аальгүй байснаас болоод хамаргүй болно” гэсэн санаагаар хэлэгдэж байжээ. Гэтэл өнөө үед бид “Аальгүй байснаас хамаргүй байсан нь дээр” гэсэн утгаар хэрэглэж ойлгосоор байна.
2. Оньсого гэвэл олийсон сохор, үлгэр гэвэл өлийсөн сохор – Энэ нь үлгэрт бахтай хүнийг хошигнож хэлсэн хэлц бөгөөд оньсого, үлгэр гэхээр бусад зүйлсээ умартан шимтдэг гэсэн санаа юм. Гэвч шарын шашин дэлгэрсэн үед үлгэрч, туульчдыг ид чадалтай, онгод сахиустай гэж үзэж байсны улмаас шарын шашны зүгээс ардын аман зохиолыг элдвээр муучлан дооршоохын хамт өөрсдийн эрх ашигтаа урвуулан ашиглахыг эрмэлзжээ. Тиймээс уг хэлцийг:
Оньсого яривал олийсон сохор
Олсон дуулснаа мартсан сохор
Үлгэр яривал өлийсөн сохор
Үзсэн дуулснаа мартсан сохор хэмээн /Ж.Дашдорж., Г.Ринченсамбуу. Монгол цэцэн үгийн далай. I боть. УБ, 1964/ өөрчилж, “Оньсого сонсвол олийсон сохор болно, үлгэр сонсвол өлийсөн сохор болно” гэсэн утга бүхий болгожээ.
Харамсалтай нь энэ бүгдийн ялгаа, учирзүйг мэдэхгүйн улмаас бидний дунд шарын шашныхны дэлгэрүүлсэн уг хувилбар буюу ойлголтоор хэрэглэгдэх тохиолдол байсаар байна.
Монгол хэл бол Монгол хүн бүрт хамаатай гэдгийг сайтар ойлгож ухаарах хэрэгтэй.
Гээндээ ч бий, гоондоо ч би гэдэгчлэн монголчууд бидний буруу ярих явдал хэн хэнд маань бий. Учир нь эцэг эхчүүд, багш, үе тэнгийнхэн ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин бүгд бидний хэлний зүйг агуулж, бүрдүүлж байдаг.
Зарим нэг хүмүүс “буруу яриад ойлголцоод болоод байгаагаас хойш юу нь болохгүй гэж” гэсэн мөчидхөн бодол тээж байж болох юм. Гэвч даяаршсан, олон улсын харилцаа, нийгмийн сүлжээ идэвхжсэн өнөө үед буруу яриад байж боломгүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Эцэст нь Монгол хэлний асуудал бол хэсэг эрдэмтэн, судлаач, төрд хамааралтай зүйл огт биш. Монгол хэл бол Монгол хүн бүрт хамаатай гэдгийг сайтар ойлгож ухаарах хэрэгтэй. Иймд хувь хүн бүр буруугаа засаад зөв болгочихвол тэр чинь Монгол хэлнийхээ төлөө санаа чилээн буйг гэрчлэх эхний бөгөөд чухал алхам юм шүү. Эх хэлээ аваръя, эх хэл маань сүйрлээ гэж шогшрохоосоо илүүтэй багахаан зүйлээс дорвитой алхмыг хийцгээе.
Б.Батцэцэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!