Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Энхтөр: Н.Энхбаяр хэд хэдэн зүйл ангид холбогдох хэргээр шалгагдаж байгаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газар өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа өнөөдөр тавилаа. Тус газрын хэлтэс, албадын дарга нар ажлаа тайлагнахын зэрэгцээ олны анхаарал татсан гэмт хэргүүдийн талаар товч мэдээлэл өгсөн юм. 

  • АТГ 2015 онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн албан тушаалтныг авлига. ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 317 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Хүлээн авсан болон хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо өнгөрсөн оныхоос нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өргөдөл. гомдол, мэдээллийн 70 орчим хувийг хувь хүн, иргэнээс ирүүлжээ.
  • Өргөдөл, гомдол. мэдээллийг зөрчлийн шинж чанараар нь авч үзвэл 2013 оноос албанаас эрх мэдлээ урвуулсан. хэтрүүлсэн. бусдад давуу байдал олгосон асуудал нь нийт гомдлын дийлэнх хувийг эзэлж байсан бол 2015 онд албан тушаалтанд тавигдах хориглолт. хязгаарлалтыг зөрчих ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан болон хууль бус томилгоотой холбоотой асуудал давамгайлж байна.
  • 317 өргөдөл, гомдол. мэдээллийг албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, хариуцлага тооцуулах, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд анхааруулах, төрийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлэх, гэмт хэргийн шинжтэй зөрчлийг шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлэх зэргээр хянан шийдвэрлэжээ.

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2015 онд гэмт хэргийн шинжтэй 440 гомдол,  мэдээллийг хянан үзсэнээс 92-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс өсчээ. Гомдол, мэдээллийн шийдвэрлэл 97.1 хувьтай байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл төрийн улс төрийн албанд 88, төрийн захиргааны албанд 169, төрийн тусгай албанд 61, төрийн үйлчилгээний албанд 57 гомдол, мэдээлэл, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд 33, улс төрийн намын үйл ажиллагаанд 2, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 10, бусад 20 гомдол, мэдээлэл шалгасан байна. 

Хуульд заасан харьяаллын 345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 103, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 35, төрийн бус байгууллага. аж ахуйн  нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 36, төрийн бус байгууллага. аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 13, хээл хахууль авах 81, хээл хахууль өгөх 65, хээл хахуульд зуучлах 15, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 11, хууль бусаар хөрөнгөжих 7, мөнгө угаах 6, бусад хэрэг 103 байв. Хамгийн өндөр хувийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг эзэлж байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлийг авч үзвэл 55 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 50 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 30 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 13 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 28 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэжээ. Мөрдөн шалгасан хэргийн 163-ыг буюу 68.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлд 37.4 хувьтай байна.

АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн талаар тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс тодрууллаа.  

-МАХН-ын нарийн бичгийн даргыг саатуулсан. Түүнийг ямар үндэслэлээр саатуулсан бэ?

-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба авлигын хэргээр манай байгууллагад шалгагдаж байгаа. Тэрбээр олон нийтэд хандаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ил захидал илгээсэн. 

Ингэхдээ авлигын гэмт хэргийн талаар, авлига аваад хэнд өгсөн, авахдаа хувьдаа хэрэглээгүй, намынхаа эрх бүхий албан тушаалтнуудад өгснөө зарласан. Энэ үндсэн дээрээс прокурорын байгууллагаас Г.Шийлэгдамбын хэргийг дахин үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. Энэ хэрэгтэй холбогдуулан тус намын нарийн бичгийн даргыг шалгаж байгаа. 
Уг хэрэг шалгалтын шатанд байгаа учир тухайн хүний талаар болон, үйлдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. 

-Г.Шийлэгдамба авлигаар авсан мөнгөө намынхандаа өгсөн гэсэн. Үүний дагуу шалгаж байна гэж та хэллээ. Тэгэхээр Г.Шийлэгдамба авлига авсан нь тогтоогдсон гэсэн үг үү. Эсвэл намын санхүүжилтээ хандиваар авч байсан юм уу?

-Хандив, авлига хоёрын хуулийн ойлголт нь өөр л дөө. Энэ хэргийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл анги буюу Авлига авах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд байгаа учир тэр нь тэдэн төгрөг өгсөн,  нь эдийг авсан гэж хэлэх боломжгүй байна. Шүүхээр эцэслэн шийдэгдсэний дараа бүх асуудал тодорхой болох байх. 

-Засгийн газраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилохтой холбоотой мэдээллийг танайхаас авсан байсан. Танай байгууллагаас Засгийн газарт хүргүүлсэн албан бичигт Н.Энхбаярыг Шадар сайдын албан тушаалт томилох боломжгүй гэж үзсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаад шүүхээр ял авсан. Холбогдох хуулийн байгууллагаас авсан лавлагаагаар түүний ялтай байдал дуусаагүй байгаа. Ийм лавлагааг Засгийн газарт хүргүүлсэн. 

Дээр нь өнөөдөр Мөрдөн байцаалтын шатанд энэ хүн хэд хэдэн зүйл ангид холбогдох хэргээр шалгагдаж байгаа мэдээллийг мөн Засгийн газарт хүргүүлсэн байгаа. 

-Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа хэзээ дуусах вэ. Хэзээнээс төрийн албанд ажиллаж болох вэ?

-Үүнийг бид тодорхой эрх бүхий байгууллагаас тодруулсан. 2017 он хүртэл энэ  хүнийг төрийн албанд ажиллах боломжгүй байна гэсэн дүгнэлтийг хийж Засгийн газарт хүргүүлсэн.  Тодорхой хэлбэл, 2017 оны наймдугаар сард ялтайд тооцох хугацаа дуусна. 

-Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой хэрэг танайд шалгагдаж байгаа. Энэ хэрэгт холбоотой хоёр хүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа хэвээрээ юу?

-Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой буюу төмөр зам барих ажлыг зохион байгуулсан албан тушаалтнуудтай холбоотой хэрэг шалгагдаж байгаа. Энэ хэрэгт анх цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэснийг прокурорын байгууллагаас манайх руу шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг өнөөдрийг хүртэл шалгаж байгаа. 

Энэ хэрэгтэй холбоотойгоор интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хоёр хүний нэг нь  захидал бичиж, өөрөө эх орондоо ирээд шалгуулна гэдгээ мэдэгдсэнийг олон нийт мэдэх байх. Гэхдээ одоогийн байдлаар хэн нь ч ирээгүй, олон улсын шугамаар эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа.