Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

6.2 тэрбумаар босч буй “Алдар” спорт хорооны шинэ барилга нуржээ

Л.Оюунгэрэл, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 23
Өдрийн шуудан
Зураг зураг
Цутгамал баганууд нь хоёр хоногийн өмнө нуран унажээ

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дэргэд шинээр барьж буй 6.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй спортын ордны цутгамал баганууд хоёр хоногийн өмнө нуран унажээ.

Хоёрдугаар давхарт нь цутгалт хийж байх үеэр хэдхэн хоногийн өмнө цутгаад байсан даацын баганууд нурж хоёр ч хүн гэмтсэн байна. Эх сурвалжууд энэ ослоос болж нэг хүн нь нуруу нугасны хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орсон гэсэн бол нөгөө нь гараа хугалсан гэх мэдээллийг өглөө.

Харамсалтай нь энэ үйл явдлыг БХЯ, ЗХЖШ-ынхан ихэд нууцалж буй бөгөөд нурж унасан барилгын хогийг маш хурдан цэврлэсэн гэх мэдээлэл ирсэн юм. Мөн осол болсны дараахан мэргэжлийн хяналтынхан ирээд явсан ч чухам ямар дүгнэлт гаргасан нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Энэ мэдээллийн мөрөөр өчигдөр Офицеруудын ордныг зорьсон юм. Гэтэл “Алдар” спорт хорооны дэргэд баригдаж буй уг барилгын урд хэсэг нурж, цутгасан баганууд нь дахин ашиглах боломжгүйгээр дундуураа хугарч унасан байв.

Барилга юунаас болж нурсан, гэмтсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгаа талаар тодруулахыг хүссэн ч тэнд байсан, энэ ажлыг хариуцаж байгаа гэх хүмүүс мэдээлэл өгөх боломжгүй хэмээн эрс татгалзаж, бичиг баримт хурааж авахыг оролдсон.

Азаар манай гэрэл зурагчин болсон үйл явдлыг баримт болгож хэд хэдэн кадр дарж амжсан юм.

Иймээс бид улсын төсвийн хөрөнгө буюу татвар төлөгч та бидний төлсөн мөнгөөр барьж буй гэх уг барилгын талаар мөн хариуцан ажиллаж буй хүмүүс нь хэн бэ гэдгийг тодрууллаа.

Спортын ордны барилгын ажлын гүйцэтгэгч нь хурандаа Л.Балдан-Очир захирагчтай Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар анги юм байна. Хурандаа Л.Балдан-Очирын тухайд өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байгаад халагдаж улмаар ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын дэмжлэгтэйгээр энэ ангийн захирагч болсон ажээ.
 
Мөн гурван  жилийн дотор бэлтгэл ахмадаас хурандаа цолд хүрсэн гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж дуулгаж “Хурандаа Л.Балдан-Очир энэ дүгнэлтийг өөртөө ашигтайгаар гаргуулахаар идэвхийлэн хөөцөлдөж байна.

Богд уулын аманд барьсан 400 сая төгрөгийн үнэтэй барилга галд өртөхөд Л.Балдан-Очир ямар ч асуудалгүй өнгөрсөн. Энэ удаад яах юм бол” гэсэн юм.

Ингэснээр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн билэгт сайн өдрийг сонгон байж нээлтийг хийсэн спорт цогцолборын хувь заяа бүрхэг болж заасан хугацаанд ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй боллоо. Уг нь энэ цогцолборын нээлтийн үеэр Д.Бат-Эрдэнэ сайд “Шинэ спорт цогцолбороос үе, үеийн аваргууд төрөн гарна гэдэгт итгэж байна.
 
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд ханш нээх улирал эхэлж буй билэгт сайн өдөр спорт цогцолборынхоо шавыг тавьсандаа баяртай байна.

Бид ирэх оны өдийд шинэ спорт цогцолборынхоо нээлтийг хийхээр төлөвлөсөн. Тиймээс ч хамгийн орчин үеийн техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ спорт цогцолбороос үе үеийн тив дэлхий, олимпийн аваргууд төрөн гарна гэдэгт найдаж байна.

“Алдар” спорт хорооноос төрөн гарсан үе, үеийн аваргуудын буухиа үргэлжилж, медалийн өнгөө хувиргаж, тоог нь нэмнэ гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн бахархал дүүрэн өнгөөр ярьж байсан юм. Харамсалтай нь ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын найз нь сайдын энэ бардам үгийг хоосон амлалт болгож орхив бололтой.

Зарим хүн дэслэгч генерал Ц.Бямбажав найзыгаа дэмжих зорилгоор ямар нэгэн тендергүйгээр шууд гэрээ байгуулж энэ том объектыг барих эрхийг Барилгын цэргийн 017 дугаар ангид өгсөн гэх мэдээллийг өгч байгаа юм. Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилга угсралтын стандартыг огт мөрдөөгүйгээс ийм ноцтой осол боллоо гэдгийг энэ салбарынхан хэлсэн.

Тодруулбал,  Барилгын цэргийн 017 дугаар ангийнхныг барилга барих чадвартай мэргэжлийн боловсон хүчин хомс, техник тоног төхөөрөмжгүй атлаа яаж энэ ажлыг гүйцэтгэх нь анхнаасаа ойлгомжгүй байсан гэдгийг энэ салбарт олон жил ажилласан туршлагатай зарим нь ярьсан. Салбарынхны өгүүлснээр стандарт барьж ажиллах, хяналт тавих боломж тус ангид байхгүй.

Ядаж л бетон цутгалт хийх мэргэжлийн хүнгүйгээр энэ ажлыг гүйцэтгэж байсан гэдгийг онцлон, энэ зун БХИС-ийн Ахлагчийн сургууль төгссөн, барилгын мэргэжилгүй 30 ахлагчийг хуваарилагдсан анги руу нь явуулахгүйгээр барилга дээр ажиллуулж байгаа. Энэ бүгд барилгын чанарт нөлөөлөх нь дамжиггүй.Энэ барилга дээр ийм цутгамал барилга барьж байсан туршлагатай инженер, техникийн ажилтан нэг ч байхгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлсэн юм. Зөвхөн тус ангийн захирагч хурандаа Л.Балдан-Очир нь л гэхэд 1980-аад оны эхэнд Барилгын техникум төгссөн бол доор нь ажиллаж байсан хүмүүс энэ жил Ахлагчийн сургууль төгссөн залуус юм байна.

Ер нь Зэвсэгт хүчнийг тойрсон “но”-той асуудал олон дуулддаг. Зэвсгийн наймаа, онгоцны ангарын бизнес гээд л... Гэтэл үүний хамгийн сүүлийн жишээ нь дээрх үйл явдал болж, батлан хамгаалахын салбарын үе үеийн сайд нар ажлаа мэддэггүйгээс хоёр хүний амийг авах дөхсөн осол болох шахлаа.

Уг нь зэвсэгт хүчний салбарт 2009 оноос шинээр Барилгын цэргийн ангиудыг тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан Л.Болдын тушаалаар байгуулж эхэлсэн ч хүний нөөц, техник хангалтын асуудлыг бүрэн гүйцэт шийдээгүй нэр төдий байгуулсан нь эхнээсээ ийм аюул дагуулж эхэллээ. Товчхондоо бол барилгын салбарын одоогийн үсрэнгүй хөгжлийг хүрз, нийвийнээс өөр багажгүй хугацаат цэргийн алба хаагчид орлож, барилга барина, барьж байна гэснээс болж буй юм. Зөвхөн барьж дуусаагүй байхад нурж унасан шинэ ордны тухайд зургаан давхар томоохон  цогцолбор болох ёстой.
 
Ер нь бол дуусчихсаных нь дараа, нээлт нь болох үеэр магадгүй томоохон уралдаан тэмцээн болж байхад даацын баганууд нурсан бол гээд бодохоос ч аймар үйл явдал болох ч байсан юм билүү.Бас үүнийг дагаад мэргэжилтэй чадвартай барилгын инженерүүдэд мэддэг ажлыг нь даалгах уу эсвэл тогтмол цалинтай, тааруухан менежменттэй эрхмүүдэд ийм чухал ажил даалгаж, улсын өчнөөн хөрөнгө мөнгийг салхинд хийсгэх үү гэдэг нь анхаарах ёстой асуудлын нэг болж байна.

Түүнчлэн саяхан хэвлэлээр “Баянхонгор аймаг дахь Барилгын цэргийн анги 40 айлын орон сууц барьж ашиглалтад орууллаа”, “Баян-Өлгий аймаг дахь Барилгын цэргийн анги Асгатын орд руу гүүр барьж 7.3км хайрган хучилттай зам тавилаа” гэсэн мэдээлал гарч байсан.

Гэтэл дээрх хоёр ангиас гадна Сүхбаатар аймагт байрладаг ангид барилгын салбарын дээд мэргэжлийн нэг ч инженер байхгүй гэсэн мэдээлэл байна.Хэрэв энэ үнэн бол салбарын сайдаас энэ асуудалд анхаарал тавихыг хүсч байна. Эцэст нь Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн хашаанд баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгыг Сүхбаатар аймагт байрладаг Барилгын цэргийн ангийн барилгачин дайчид барьж байгаа гэсэн.Гэвч тэднийг ахалж буй хүмүүсийн хэд нь энэ салбарын мэргэжилтэй хүн бол гэдэг нь анхаарал татаж байгаа.
 
За яах вэ, чанаргүй барилга нурж материалын гарлага дүүрч гэе.Гэтэл энэ мэт байдлаас болж хүний амь эрсдвэл яах вэ. “Ниргэсэн хойно нь” гэдэг болж  ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, түүний дотны найз “барилгачин” хурандаа Л.Балдан-Очир нар хариуцлага хүлээх үү, эсвэл энэ бүхний гайг Батлан хамгаалахын сайд үүрээд хоцрох уу гэдэг нь айдас дагуулж байна.

Зураг