Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тайвансайхан: Зурхайд хүмүүнд өвчин, зовлон бага, жаргалан ихтэй, малын гарлага үгүй гэж буусан

Ж.Нарангэрэл
2016 оны 2 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг

Гарма Гаржид Үржин Пэрэнлайнлин хийдийн тэргүүн, буддын гүн ухааны гэвш Д.Тайвансайхантай ярилцаж, ирж буй бичин жилийн өнгө болоод хүн зонд зурхайгаар хэрхэн буусныг тодрууллаа. 

-“Муу нүүрт” хэмээх бичин жилийн өнгө зурхайд хэрхэн бууж байгаа бол. Хүмүүс бол бичин жилийн зуд гэдэг сургаар л тэвдүүхэн байх шиг санагдах юм? 

-Ерөнхий ноён нуруу тун сайн байгаа. Энэ жилийн зурлагаар аливаа худалдаа арилжаа, эд эрдэнэ дэлгэрнэ гэсэн байгаа. Хүмүүст өвчин, зовлон багатай, жаргалан ихтэй гэж буусан. Малын гарлага үгүй гэж буусан. Хүмүүсийн айгаад байгаа шиг зуд, турхан болохгүй. Санаа зовнин, сэтгэлээр унах ямар ч шаардлагагүй. Харин хүмүүсийн гай барцад ихээр арилна. Хонь жилд хүмүүсийн сэтгэл оюун ихэд арвидсан гэсэн үг.

Нялхаст амгалан сайн, өвгөдөд ширүүхэн, залууст ихээхэн хатуу гэж зурхайд буусан. Тиймээс ихээхэн хатуугаас сэргийлж залуучууд амьдрал ахуй, ажил төрлөө бодууштай. Үүний тулд омог бардам, дээрэнгүй зангаа татах хэрэгтэй. Ер нь сүүлийн үед залуусын омог ихдээд байгаа.

Ерөөхдөө хүртэл олз, омог ихтэй гэдэг болж. Мэдээж олзтой байна гэдэг сайхан. Харин омог гэдэг чинь таван хорын нэг юм. 

Хүмүүсийн айгаад байгаа шиг зуд, турхан болохгүй. 

Омогтой байна гэдэг нэгнээ дарлан, дээрэлхэхийн л нэр. Тиймээс эхлээд үүнийгээ л тэвчээд сурчих хэрэгтэй. Нийгэмдээ хэрүүл тэмцэл ихтэй. Хаан нь улс орноо анхаарахгүй бол үймээн, самуунтай байх магадлал бий. Хаан гэдэг нь өнөө цагт бол манай улстөрч, удирдагчид л гэсэн үг шүү дээ. Тэдний хувьд нэгэнт зурхай, номоо харж, танилцан үүнийг бас бодох л хэрэгтэй болов уу. 

Миний зурхайн зурлагаар улс оронд их л эерэг зүйлүүд тохиохоор байгаа. Бичин жилд манай улсын төр барьж байсан хаад олноороо төрсөн бас хаан ширээнд заларч байсан түүхтэй. Жишээ нь Хубилай хаан, Хайсан хүлэг хаан, Шадбал гэгээн хаан, Ринчинбал хаан, Эсэн тайш хаан гээд бүгд л бичин жил хаан ширээнээ заларсан байдаг. Тэгэхээр бичин жилийн хувьд тэргүүн нь тэнгэрлэг одтой байж, тэр чинээгээрээ ард олноо тэтгэн, амар тайвныг үзүүлэх хэрэгтэй байх.

-Хүний ахуйгаас болж байгаль орчны нөлөөлөл ихээр нэмэгдсэн гэж ярьдаг. Гэсэн ч тухайн жилийн өнгө ахуйд нөлөөлнө биз?

-Тэгэлгүй яах вэ. Энэ жилийн тухайд аялал, жуулчлал хийвэл ихэд тустай. Энэ нь байгаль орчноо таньж, мэдэх, тахиж шүтэх зэрэгт ихээхэн нэмэртэй. Хүнсний ногоо, жимсний гарц бол сайн. Харин тарианы болц тааруухан буюу үр боловсрохдоо дундхан зэрэг байхаар буусан.

-Тэгэхээр тариалангийн салбарт бизнес эрхлэгчид бол анхаарах хэрэгтэй гэсэн уг байх нь вэ?    

-Ер нь аливаа зурхай муу зүйлийг зөгнөхөөсөө илүү түүнээс сэргийлэхийг урьдчилан хэлдэг шүү дээ. Тийм болохоор иргэд ч үүнд анхаарал хандуулж газар, тариалангийн бүс нутагт буудай тариалдаг хүмүүс нь тухайн нутаг, усныхаа лус савдгийг тахиж, тайтгаруулбал гайгүй болно. Мөн өнгөрч буй жил салхи ихтэй байсан. Харин айсуй жил гал ихтэй, түймрийн магадлал өндөр байгаа. Хуурайшна л гэсэн үг л дээ.

-Бороо хур багатай гэсэн үг үү?

-Ер нь тийм шүү. Гандуухан байхаар байгаа. Үүнийг номхотгохын тулд уул, yсaa сайн тахивал үр жимсээ сайн өгөхийн нигууртай гэдгийг олон түмэн одоо мэддэг болж дээ.

-Иргэд бичин жилд хурим найр хийж, байшингийн суурь тавьж болохгүй гэх зэргээр л ярьж байгаа. Бүтэн жил хурим, найраа хойш тавих хэрэг үү?

-Бололгүй яах вэ дээ. Болно. Ураг садан бололцоход өлзийтэй сайн өдрүүд олонтой сайн жил. Би дээр хэлсэндээ бичин жил хаан ширээнд залардаг байсан тухай. Тэгэхээр энэ нь цаад утгаараа бат бөх, амар амгаланг илэрхийлдэг гэдгийг харуулж байгаа юм. Сэвлэг үргээхэд ч асуудалгүй.

-Ирж буй жилийг “Муу нүүрт” гэдэгт олон хүн эгдүүцэн гайхаж байх шиг байна. Энэ талаар тайлбарлаж өгөөч?

-Бүтэн жарны таван бичин жилээс нэг, нэгээр нь ялгах гэж нууц утганд хураасан нэр гэж ойлгож болно. Түүнээс шууд утгаар нь хүлээж авах хэрэггүй. Жишээ нь, үдэж байгаа хонь жилийг согтууруулагч, галзууруулагч л гэж байсан биз дээ. Түүнийгээ дагаад бүгдээрээ галзуурч, согтуураад гүйсэн зүйл байхгүй шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд айл өрхүүд өөр, өөрсдийн зурхайг даган шинэлдэг болж. Чингисийн зурхай, шар зурхай гээд. Яг алийг нь дагах учиртай гэдгийг нэг үг нэлээд хурцаар маргалдаж байсан ч чимээгүйхэн болсон. Гэхдээ жил бүр тодорхой хэмжээгээр хоёр шинийн 1-н байгаад байх юм?

-Заавал тэр, энэ шашин гэхгүй төв Гандан хийд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ямар шашин, зурхай ашиглаж тооллоо гаргаж буйг харах хэрэгтэй. Яагаад гэвэл “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх” гэж үг бий. Бүр Монгол Улсын Үндсэн хуульд ч заасан байдаг. Тиймээс үүнийг дагах учиртай.

Тэгэхгүй хүн бүр өөрсдөө ямар нэгэн зүйл үндэслэж, худлаа зурхай зураад байвал утгаа алдана шүү дээ. Яагаад төр, шашны холбоо ийм нягт байна вэ гэхээр шашин, номыг хавчин гадуурхаж байх он жилүүдэд ч цагаан сараа хийхэд лам нар л зурхай зурж, ном хурж, олныг бясалгадаг байсны илрэл.

Зураг