Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, Засгийн газарт өргөн барьсан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Та Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг санаачлан боловсруулсан. Гэхдээ энэхүү хуулийн төслөө УИХ-д биш Засгийн газарт өргөн мэдүүлсэн нь ямар учиртай юм бэ?
-Хэдийгээр өөрөө санаачилсан ч Засгийн газарт өгчихлөө. Засгийн газраар дамжуулж УИХ-д оруулж ирвэл арай хурдан байдаг юм. Өөрөөр хэлбэл, яаралтай дэглэмээр хэлэлцэнэ гэсэн үг.
- Хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах болсон нь ямар нэгэн шалтгаантай байх. Яг ямар өөрчлөлтийг тусгаж өгөв?
-Өнөөдөр манай улсад 1,027 ломбард үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний тал нь буюу 500 гаруй нь нийслэлд байдаг гэх судалгаа бий.
Харин улсын хэмжээнд ломбардын үйл ажиллагаа явуулахаар 6,288 аж ахуйн нэгж зөвшөөрөл авсны 5,400 орчим нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт. Дээрх тооноос харахад л хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа нь харагдана.
-Яагаад тэр вэ?
-Ямар ч хяналтгүй, замбараагүй гэдэг нь харагдаж байна. Өнгөцхөн харахад л шүү дээ. Гэтэл дэлхийн олон оронд ломбардын үйл ажиллагааг хуулиараа зохицуулдаг туршлага байдаг.
Нэг үгээр хэлбэл, ОХУ болон Герман зэрэг орнууд ломбардуудыг задгай хаядаггүй. Манайх бол эсрэгээрээ дураар нь задгай тавьчихсан байна.
-Өөрөөр хэлбэл, ямар ч хяналтгүй байна гэж үү?
-Тийм. Гэтэл энэ бол өөрөө санхүүгийн үйлчилгээ. Хүний өдөр тутмын хэрэгцээг хангадаг байх ёстой. Уг нь, Монгол Улсын Тусгай зөвшөөрлийн тухай хуульд банкнаас бусад санхүүгийн үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан байдаг. Харамсалтай нь, тэрхүү хуульд ломбард гэдэг үг ороогүй. Бүр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэж огт бичээгүйд л хамаг учир байгаа юм.
- Гэхдээ тодорхой хуулиар зохицуулдаг биз дээ?
-Монгол Улсын Иргэний хуульд ломбардаар үйлчлүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж хоорондын уялдааг зохицуулсан байдаг. Дээр нь, 2003 онд гаргасан нэгдсэн стандарт хүртэл бий. Зөвхөн ломбардын үйлчилгээнд зориулж шүү дээ. Үүнд тухайн үйлчилгээг яаж явуулах ёстой, иргэдэд хэрхэн үйлчилгээ үзүүлэх вэ гэдгийг тодорхой тусгасан байдаг.
Монгол Улсад ломбардын үйл ажиллагааг хариуцах төрийн байгууллагатай болгож байгаа юм.
Харин гэрээг тэгш эрхтэй байх ёстой зэргийг Иргэний хуульд зааж өгсөн. Харамсалтай нь, дээрх хууль огт мөрдөгддөггүй.
Тэр ч битгий хэл, мөрдөгдөж байгаа эсэхийг нь шалгадаг байгууллага ч алга. Гэтэл мөнгө хүүлэх үйлчилгээг дээр дурдсан улс, орнууд хуулийг нь зохицуулж өгсөн байдаг юм билээ. Тиймээс манайд тэрхүү хууль, эрхзүйн орчин нь зайлшгүй хэрэгтэй.
-Таныхаар бол яг ямар өөрчлөлтийг оруулбал дээрх асуудал цэгцрэх юм бэ. Тухайлбал, та хуулийн төсөлдөө ямар өөрчлөлтийг түлхүү тусгаж өгөв?
-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд нэг зүйлийг тусгаж өгсөн. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны эрхлэх асуудлынх нь хүрээнд банк бус санхүүгийн болон даатгалын байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэсэн дээр нэмж барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэх үгийг нэмж өглөө.
-Хариуцах эзэнтэй болгож өгсөн гэсэн үг үү?
-Яг зөв. Энэ бол их богинохон хууль. Монгол Улсад ломбардын үйл ажиллагааг хариуцах төрийн байгууллагатай болгож байгаа юм. Хэрэв энэхүү хуулийг батлах юм бол шүү дээ. Санхүүгийн зохицуулах хороо бол УИХ-д тайлангаа тавьдаг байгууллага. Банкнаас бусад бүх үйлчилгээг хариуцаж байдаг. Түүнчлэн ломбардын үйлчилгээ бол өөрөө хүртээмжтэй санхүүжилт байх ёстой.
-Ямар утгаараа хүртээмжтэй санхүүжилт байх ёстой гэж вэ. Жаахан тодорхой тайлбарлахгүй юу?
-Нэг үгээр хэлбэл, хүртэж байгаа хүндээ тааламжтай нөхцөлөөр болон хүртээж байгаа хүндээ ч харилцан үр ашигтай байх ёстой юм. Түүнээс биш сарын 4-6 хувь, эсвэл жилийн 60-70 хувийн хүүтэй байж болохгүй. Та бүхэн Монголбанкны бодлогын хүүг мэднэ. Одоо 12 хувь байна. Манай улсад хамгийн өндөр хүүтэй байгууллага бол арилжааны банкууд байдаг. Уг нь, тэд бодлогын хүүгээр хөтөч хийж үйл ажиллагааг явуулах ёстой.
-Харамсалтай нь, манайд эсрэгээрээ биш үү?
-Тийм. Бодлогын хүүгээсээ хэд дахин өндөр хүүтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Нуулгүй хэлэхэд, ийм л үйл ажиллагаа явж байна шүү дээ. Тэгэхээр цаашид үүнийг хүртээмжтэй санхүүжилт болгох тал дээр Санхүүгийн зохицуулах хороо анхаарах хэрэгтэй.
-Та маш товчхон хариулаарай Яг яаж, ямар замаар анхаарах ёстой юм бол?
-Нэгдүгээрт, Иргэний хуульд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаарх заалт бүрэн төгс хэрэгжиж чадаж байгаа эсэхийг хянах.
Хоёрдугаарт, 2003 онд баталсан стандартыг мөрдөж байгаа эсэх, дээр нь орчин үеийн хандлагыг дагаад иргэд хүртээмжтэй санхүүгээр хангагдах эрхтэй гэдгийг баримтлах хэрэгтэй. Ямар ч гэсэн санхүүгийн зах зээлд хэт өндөр, мөнгө хүүлэх шинжтэй үйлчилгээ байж болохгүй.
-Тэгвэл энэ бүхнийг зохицуулж, хяналт тавиад явах боломж бий юу?
-Тийм. Бүх эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлэх болохоор боломжтой. Мэдээж УИХ-аас тусгай чиглэл өгөх байх.
-Бас таны ярианаас дураараа хэлдэг зээлийн хүүг хянах боломжтой болж байна гэж ойлголоо?
-Бодлогоор хянах ёстой. Яг үнийн зохицуулалт хийж байгаа шигээ бодлогоор зохицуулж, хянах ёстой юм. Гэтэл иргэдийн, ялангуяа амьжиргааны түвшин тааруу өрхөд ломбард дарамт болдог. Өөрөөр хэлбэл, тэд тавьсан зүйлээ авч чадалгүй ломбардын хавханд орчихдог. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хавх юм. Тэр хавханд орчихоод гарч чаддаггүй. Үүнээс бид эрс шийдэмгий татгалзах цаг нь болсон.
-Ломбардуудын барьцаалж мөнгө олгож байгаа бараанд хяналт тавих боломж бий юу, Сүүлийн үед ломбардууд иргэдийн үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалж мөнгө олгодог болсон байх юм?
-Наадах чинь хориотой. Гадаад улс оронд зөвхөн хөдлөх хөрөнгө л барьцаанд авдаг. Дээр нь дураараа үнэлж болохгүй. Үүнийг хоёр тал тохирох ёстой. Тэр нь зүгээр нэг цаасаар биш гэрээгээр хамгаалагдсан байх хэрэгтэй. Тэрхүү заалтыг нь ч тусгаж өгсөн Энэ шинэчлэн олон зүйлийг хуульд тусгаж, өөрчлөлт оруулсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!