Цагаан сараар албан ёсны амралтын гурван өдөр манай улс хилээ хаана. Мөн БНХАУ ч гэсэн жил бүр Еэвэн сараа тэмдэглэж хилээ хаадаг билээ.
Энэ жил хил хэд хоног хаагдахыг ХХЕГ-ын Хилийн боомтын хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа.
- Энэ жил Хятадын Еэвэн сар, манай Цагаан сар хоёрын тэмдэглэлт өдрүүд зөрж байгаа гэсэн. Тэгэхээр урд хил хэд хоног хаагдахаар байгаа вэ?
- Хоёр улсын хилийн дэглэмийн гэрээ хэлэлцээрийн дагуу хил хаадаг. Энэ жилийн хувьд Хятадын Еэвэн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 7-ны өдөр таарч байгаа. БНХАУ уламжлалт баярынхаа үеэр тав хоног буюу хоёрдугаар сарын 7-11-ний өдрийг дуустал хилээ хаахаа мэдэгдсэн.
Харин манай Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 9-нд тохиож, хилээ гурав хоног хаана.
Баярын эхлэх өдрүүд зөрж байгаа ч хил нээх өдөр давхцаж, хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
- Хил хаах үеэр төмөр замын боомтууд хэвийн ажилладаг байх аа?
- Тийм ээ. Авто замын боомтууд л шинийн дөрөвний өдрийг хүртэл хаагдах бөгөөд төмөр замын боомт хэвийн ажиллана. Тиймээс сар шинийн баяраар хил гарах ажилтай хүмүүс галт тэргээр зорчиж болох юм.
- Улсын хэмжээнд хэчнээн боомт үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
- Улсны хэмжээнд нийт 26 боомт үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар Замын-Үүд, Алтанбулагийн боомтуудаар иргэд ихээр нэвтэрч орж, гарч байгаа.
Улирлын чанартай жилд цөөхөн хоногоор нээгддэг боомтуудаар ихэвчлэн тухайн орон нутгийн иргэд хил нэвтэрдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!