“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж Монгол ардын сайхан үг байх. Мэдээж хүн бүр л өр шир тавилгүй санаа амар сайхан амьдрахыг хүсдэг. Гэхдээ улс орны хувьд өөр. Эдийн засгаа хөгжүүлэх, тодорхой төслүүдийг хөдөлгөн иргэдийнхээ амьдралыг сайжруулахын тулд гаднаас төрөл бүрийн зээл тусламж авахаас өөр аргагүй нөхцөл бишгүй. Дэлхийн хамгийн хөгжингүй улс орнууд ч асар их өртэй байдаг, эдгээр улс орныг зээлээ төлөх чадвартай гэж зээлдүүлэгчид итгэдэг учраас нэмж зээл өгсөөр байдагтай холбоотой. Гаднаас өр зээл тавихгүйгээр эдийн засгаа аваад явчихаж байгаа улс орнууд ч бий. Бүр зээл авах хүсэлтэй ч зээлдүүлэгчид эрсдлээ тооцон гар сунгах боломжгүй улс орнууд ч байх. Энэ хоёр шалтгаанаар дэлхийн хамгийн бага өртэй улсын тоонд орсон улс орнуудын тухай www.vesti.ru цахим хуудасд жагсаасныг хүргэе.
Гадаад өр ДНБ-ийн 0%- тай тэнцүү
Гадаад өр сая ам.доллараар: 0
Бруней бол Баруун Өмнөд Азийн жижигхэн улс. Гэхдээ хамгийн баян, чинээлэг улс орнуудын нэг. Оршин суугчид нь чинээлэг амьдардаг тул энэ улсыг “Исламын Диснейленд” гэж нэрлэх нь ч бий. Газрын тос болон хийн нөөцөөр баялаг тул Бруней улс Азидаа амьдралын түвшнээрээ дээгүүрт ордог.
Энэ улсын эдийн засгийн гол үндэс нь газрын тос /жилд 10 сая тонн гаруй /, байгалийн хийн /жилд 12 тэрбум куб.метр/олборлолт, боловсруулалт бөгөөд эдгээрийг экспортолсноороо валютын урсгалын 90 гаруй хувийг олдог юм байна. Брунейн нутаг дэвсгэрт Япон болон бусад улс орнууд руу нийлүүлдэг хий шахах үйлдвэр ажилладаг.
Гадаад өр ДНБ-ийн 0%- тай тэнцүү
Гадаад өр сая ам.доллараар: 0
Макао БНХАУ-ын бүрэлдэхүүнд байдаг автономит улс. Макаогийн тусгай захиргааны газар 1999 оны 12-р сарын 20-ны өдөр Макаог Португалийн колони байсныг цуцлан, БНХАУ-ын хоёр захиргааны тусгай газар байгуулсны дараа үүсч байлаа.
Макао улс бол нээлттэй боомт, томоохон санхүүгийн төв бөгөөд казино, тоглоомын газрууд, шөнийн клубуудээрээ алдартай. Макаогийн нутаг дэвсгэр дээр 33 казино үйл ажиллагаа явуулдгаас хамгийн алдартай нь The Venetian, Grand Lisboa болон Galaxy юм. 2010 оноос эхлэн тоглоомын бизнес Макаогийн төсөвт орлогын 70 хувийг бүрдүүлж байжээ.
Гадаад өр ДНБ-ийн 0%- тай тэнцүү
Гадаад өр сая ам.доллараар: 0
Палау улс Номхон далайн Филиппиний тэнгист байх, Филиппинээс дорно зүгт 800 км зайд байрладаг арал улс юм. Энэ улсын эдийн засгийг аялал жуулчлал /2007 онд 85,000 жуулчин хүлээн авчээ/, загас агнуур болон гар урлал байдаг. Ердөө 20 мянга гаруй хүнтэй энэ улс АНУ, Сингапур, Япон улстай гадаад худалдааны түнш бөгөөд мөнгөний нэгж нь АНУ-ын доллар юм байна.
Гадаад өр ДНБ-ийн 1%- тай тэнцүү
Гадаад өр сая ам.доллараар: 174
Экваторын Гвиней бол дэлхийн хамгийн ядуу улс орнуудын нэг. Газрын тос, байгалийн хий, ой, алт зэрэг байгалийн нөөцтэй ч энэ улсын амьдралын түвшин маш доогуур, хүн амынх нь тал хувь нь нэн ядуу нөхцөлд амьдардаг юм байна. Аж үйлдвэрийн голлох салбар нь хөдөө аж ахуй. Гэхдээ энэ улсад газрын тос, байгалийн хий олборлодог. 2013 онд гэхэд л 14.6 сая тонн газрын тос олборложээ.
Гадаад өр ДНБ-ийн 2%- тай тэнцүү
Гадаад өр сая ам.доллараар: 3 389
Алжир бол Африктаа нутаг дэвсгэрээрээ дээгүүрт ордог улс. Газрын тос, байгалийн хий энэ улсын эдийн засгийн үндэс бөгөөд ДНБ-ийн 30 хувь, улсын төсвийн орлогийн 60 хувийг, экспортын орлогын 95 хувийг энэ салбараас олдог юм байна. Алжир улс байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд 8-р байранд ордог бол хийн экспортоороо эхний 10-т багтдаг юм.
Харин газрын тосны нөөцөөрөө дэлхийд 15-р байранд, экспортоороо 11 дүгээр байранд бичигддэг юм байна. Алжирын эрх баригчид эдийн засгаа дээшлүүлж, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтуудыг бусад салбаруудад оруулахад хүчин чармайлтаа гаргадаг.
Гадаад өр ДНБ-ийн 4%- тай тэнцүү
Гадаад өр сая ам.доллараар: 15,640
Газрын тосны үйлдвэрлэл хөгжсөн аж үйлдвэрийн орон болох Иран улсад газрын тос дахин боловсруулах, газрын тос химийн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг. Газрын тос, нүүрс, байгалийн хий, зэс, төмөр, марганц, тугалгай цайр олборлодог бөгөөд машины үйлдвэр, металл боловсруулах үйлдвэрүүд мөн хүнс, бөс барааны үйлдвэр өндөр хөгжсөн. Иран улс байгалийн хийн дэлхийн нөөцийн 16 хувийг эзэмшдэг.
Гадаад өр ДНБ-ийн 5%- тай тэнцүү
Гадаад өр сая ам.доллараар: 15,730
Африкийн газрын тос үйлдвэрлэгч голлох улс болох Нигери ДНБ-ийн хэмжээгээрээ ӨАБНУ-ыг гүйцэж түрүүлэн, Африкийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болж байлаа. Газрын тосоор баялаг энэ улс улс төрийн тогтворгүй байдал, авлига, дэд бүтэц хөгжөөгүй болон эдийн засгийн муу удирдлагийн улмаас олон жил хүндхэн байдлыг туулсан. Сүүлийн жилүүдэд тус улсын засгийн газар шинэчлэл явуулж, хувийн секторын хүчээр дэд бүтцээ хөгжүүлэхийг дэмжиж байгаа.
Гадаад өр ДНБ-ийн 5%- тай тэнцүү
Гадаад өр сая ам.доллараар: 127
Фижи бол Номхон далайн арал дээр байх жижигхэн улс. Ой мод, эрдэс, загасны нөөцөөр баялаг Фижи улс Номхон далайн арал улсууд дундаа хамгийн хөгжингүйд тооцогддог. Гэлээ ч дэлхийн гол зах зээлүүд болон худалдааны төвүүдээс алслагдсан тул Фижигийн удирдлагууд эдийн засгийн хөгжлийн өөрсдийн гэсэн стратегийг боловсруулахаас аргагүй болсон юм.
Дотоод зах зээлийн хэмжээ бага, байгалийн нөөц хязгаарлагдмал, мөн импортын эрчим хүчний нөөцөөс хамааралтай зэрэг байдал нь Фижигийн эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх, бэхжүүлэх замд ихээхэн саад тотгор учруулж байгаа юм. Сүүлийн хэдэн арван жилд улс төрийн байдал тогтворгүй байгаа нь энэ улсын эдийн засгийн үзүүлэлт доогуур байгаагийн гол шалтгаан болсон.
Гадаад өр ДНБ-ийн 7%- тай тэнцүү
Гадаад өр сая ам.доллараар: 428
Гаити бол дэлхийн хамгийн ядуу буурай, тогтворгүй улсын нэг бөгөөд Америкийн тивийн хамгийн ядуу улс орон. Энэ улсад өлсгөлөн, байгалийн гамшиг, төрийн эргэлт байнга гардаг. Гаитигийн хүн амын 50 гаруй хувь нь нэн ядуу түвшинд амьдардаг. Энэ улсын валютын орлогын гол эх үүсвэр нь цагаачдаас илгээх мөнгөн гуйвуулга гэнэ. Хүн амын гуравны хоёр нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Энэ улсад алт, боксит, молибден, зэсийн орд газар илэрсэн ч эдгээр орд газруудыг хангалттай түвшинд ашиглаж чаддаггүй.
Гадаад өр ДНБ-ийн 8.2%- тай тэнцүү
Гадаад өр сая ам.доллараар: 6,059
Хүн ам нь 9 сая гаруй. Аж үйлдвэрлэл болон олон салбарт хөдөө аж ахуй өндөр хөгжсөн аж үйлдвэр-газар тариалангийн орон юм. Газрын тос болон хий олборлох, газрын тос боловсруулах, хими, машин үйлдвэрлэл, уулын баяжуулах үйлдвэрлэл, өнгөт төмөрлөг, хүнс болон хөнгөн үйлдвэрлэл нь Азербайжаны аж ахуйд голлох байрыг эзэлдэг. Азербайжан улс бусад улс орнуудаас ихэвчлэн бэлэн бүтээгдэхүүн тэр дундаа суурь машин, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, автомашин, хувцас, хүнсний бараа импортолдог юм байна.
Эх сурвалж: vesti.ru
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!