Барууныхны Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг энэ зун гэхэд цуцлах саналтай байгаагаа Францын Эдийн засаг, Үйлдвэрлэл, Дижитал хэргийн сайд Эманнуэль Макрон өчигдөр мэдэгджээ.
Тэр Ням гарагт Москвад Францын бизнесмэнүүдтэй уулзах үеэрээ “Зүүн өмнөд Украины энхийн хэлэлцээр үр дүнд хүрмэгц буюу ирэх зун хоригийг цуцлах нь бид бүгдийн нэгдмэл зорилго болж байна” гэж хэлсэн байна.
Украины хямралыг эхэлсний дараа АНУ болон Баруун Европын орнууд нэгдэж Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм.
Хямралыг зохицуулахын тулд талууд Беларусийн нийслэл Минск хотод хэд хэдэн удаа уулзсаны үр дүнд Минскийн гэрээ хэмээх баримт бичгийг гаргаад байгаа билээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ч бас Минскийн гэрээний заалтууд хэрэгжиж дуусахад хоригийг цуцлах тухай мэдэгдсэн юм.
Саяхан болж өнгөрсөн Давосын Дэлхийн Эдийн засгийн Чуулга уулзалт дээр Керри “Минскийн гэрээ хэрэгжвэл ирэх саруудад хоригийг цуцлах боломжтой” гэж хэлжээ.
Францын эдийн засгийн сайд өнөөдөр буюу Даваа гарагт болох Франц-Оросын эдийн засаг, санхүү, худалдааны зөвлөлийн хуралдаанд оролцохоор Москвад ирээд байгаа юм.
2013 оноос хойш анх удаа болж байгаа энэ арга хэмжээний үеэр эрчим хүч, сансар судлал, тээвэр дэд бүтэц зэрэг салбаруудын хэд хэдэн том төслийг эхлэх аж.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!