Пүрэв гарагийн орой Дэлхийн Эдийн Засгийн Чуулган болж байгаа Швейцарийн Давос хотод Хятадын тэрбумтан Жэк Ма хувийн үдэшлэг зохион байгуулж, дэлхийн нэр нөлөө бүхий 40 орчим хүнийг урьсан байна.
Магийн зочдын дотор Их Британий ерөнхий сайд Дэвид Камерон, U2 хамтлагийн дуучин Боно, жүжигчин Леонардо Ди Каприо, Кэвин Спэйси зэрэг хүмүүс байжээ.
Мөн Cisco компанийн CEO Жон Чэмберс, Coca-Cola компанийн CEO Мухтар Кент, АНУ-ын Худалдааны сайд Пэнни Прицкер, JPMorgan Chase банкны CEO Жэми Даймон, UPS компанийн CEO Дэвид Абнэй, Австралийн ерөнхий сайд асан Кэвин Рудд, Их Британий ерөнхий сайд асан Тони Блэйр, Канадын шинэ ерөнхий сайд Жастин Трудо зэрэг алдартнууд байсан байна.
Жэк Ма энэ үеэр зочдод Хятадад өрнөж байгаа эдийн засгийн доргилт бол экспортын эдийн засгаас импортын эдийн засагт шилжих жам ёсны үзэгдлийн үр дүн гээд урт хугацаанд сайхан ирээдүй байгааг онцолсон байна.
Ма “хэрэглээ нэмэгдэж, үйлчилгээ нэмэгдэж, шинэ технологийн бизнесүүд нэмэгдэж байгаа бол уламжлалт биснесүүд унаж байна. Энэ бол эрүүл үзэгдэл. Хоёроос гурван жил магадгүй хүндрэлтэй байх байх. Гэвч ажлын байр тэнд бий, Хятадуудын хэрэглээ нэмэгдэж байна…одоогоор 300 сая дундаж ангийн хүмүүс байгаа. Энэ тоо 10-15 жилийн дотор 500 саяд хүрнэ. Энэ бол зөвхөн Хятадын боломж биш, дэлхий нийтийн боломж. Бүү санаа зов” гэжээ.
Эх сурвалж: Shanghaiist
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!