Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Жигжид: Өнөөдрийн байдлаар бензиний үнэ 100 төгрөгөөр буураад байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Б.Бямбацогт, Э.Энхбаяр нар Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулга тавьсан билээ.

Тэд асуулгынхаа хариуг УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны үеэр сонслоо. 

Уул уурхайн сайд Р.Жигжид  “Монгол Улсын шатахууны импортоос хараат байдал нь эдийн засгийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлж, инфляцыг хөөрөгдөх нэгэн суурь хүчин зүйл болсоор ирсэн. Шатахууны үнэд хилийн үнийн өсөлт, импортын татвар, төгрөгийн ам.доллартай харьцах ханш зэрэг зүйлс нөлөөлдөг. 

2014 оны наймдугаар сараас дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ буурч эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газар, УУЯ зах зээлийн хэлбэлзлийг анхааралтай ажиглан иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, улсын төсвийн бүрдүүлэлтэд гэнэтийн эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ бодлогоор авч хэрэгжүүллээ. Тухайлбал, шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны импортлогч компаниудад олгож байсан зээлийн хөнгөлөлтийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зогсоож зээлийн хүүг 16-18 хувь болгож өсгөсөн.

Шатахууны үнийг баруун бүсэд 80-400 төгрөгөөр, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр тус тус бууруулсан

2015 оны улсын төсвийн тухай хуулиар улсын төсөвт шатахууны гааль, онцгой албан татвараас 226 тэрбум төгрөг төвлөрүүлэх болсонтой холбогдуулан алслагдсан бүс нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газраас тогтоолоор тонн тутамд 252,000-265,000 төгрөг байхаар тогтоосон.

Мөн Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоолоор шатахууны гаалийн татварыг 5 хувь болгож нэмэгдүүлсэн. Улмаар Засгийн газрын 2015 оны 438 дугаар тогтоолоор шатахууны онцгой албан татварыг тонн тутамд Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар автобензинд 400,000 төгрөг, дизель түлшинд 520,000 төгрөг, Эрээнцав боомтоор автобензинд 270,000 төгрөг, дизель түлшинд 290,000 төгрөгт тус тус хүргэж нэмэгдүүлсэн. Шатахууны онцгой албан татварыг ийнхүү нэмэгдүүлснээр улсын төсөвт 50 орчим тэрбум төгрөг нэмж төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд 2015 оны гүйцэтгэлээр нийт 270 тэрбум төгрөг төвлөрчээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас шатахууны жижиглэнгийн үнийг баруун бүсэд 80-400 төгрөгөөр, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр тус тус бууруулснаар баруун болон зүүн хязгаар нутгийн үнэ төвийн бүсийн үнийн түвшинд ирээд байна. Цаашид алслагдсан сумдын шатахууны жижиглэн худалдааны үнэ харьцангуй өндөр хэвээр байгаад судалгаа хийж үнийг төвийн бүсийн үнийн төвшинд хүргэх бодлогын шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зарим ШТС-уудаар автобензин төрөл тутамдаа 100 төгрөгөөр бууруулан худалдаж эхлээд байгааг дуулгахад таатай байна” гэсэн юм. 

Ж.Энхбаяр: Монголчууд хамгийн үнэтэй шатахуун хэрэглэж байна 
 

Харин Уул уурхайн сайдын мэдээллийн дараа асуулга тавьсан гишүүд хэвлэл мэдээллийнхэнд хандах дараах мэдээллийг өглөө. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ 5-6 дахин хямдраад байна. 2013 онд баррель нефтийн үнэ 120 ам.доллар байхад Монгол Улсад шатахуун 1,650 төгрөг байсан. Өнөөдөр 28 ам.доллар болчихоод байхад шатахууны үнэ буурахгүй хэвээрээ байна. Цаашдаа бензин шатахууны үнэ өсөхгүй, доод хязгаартаа 2-3 жил байна гэж судлаачид үзэж байгаа.

Тийм ч учраас дэлхийн олон оронд шатахууны үнийг хямдруулж байна. Монгол Улс ч оновчтой зохицуулалт хийж 2020 он хүртэл шатахууны үнийг бууруулж тогтвортой байлгах боломжтой. Хамгийн багадаа 250, цаашлаад 400 төгрөгөөр буурах бололцоо бүрдсэн байна. Шатахууны үнийг буулгаснаар ард иргэдийн эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлд хэмнэлт гарна, бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийн зардал багасч ашиг нэмэгдэнэ. Нүүрсний салбарт л гэхэд олборлолтын зардлын 50 хувийг шатахуун эзэлж байна. Тэгэхээр шатахууны үнийг бууруулах замаар ард иргэд, баялаг бүтээгчдээ дэмжиж эдийн засгийг идэвхжүүлэх боломж байна” гэв. 

Мөн УИХ-ын гишүүн Э.Энхбаяр “Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ огцом дахин буурсантай холбогдуулан БНХАУ 41.1, ОХУ 48.2, АНУ 15.1, Вьетнам 28.5, Герман 29.3 хувиар шатахууны үнээ бууруулсан. Харин Монголд 2.5 хувиар буурсан. Өнөөдөр бид хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байна. Тиймээс шатахууны үнийг буулгах талаар Засгийн газар оновчтой арга хэмжээ авах ёстой” гэлээ.