Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хэн юу хэлэв

Б.Өнөртогтох
2016 оны 1 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

Б.Бямбасайхан: Улс төр тогтворгүй байвал Монголд итгэх итгэл сайжрахгүй 

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг монголчуудад ашиггүй болсон хэмээн үзэж УИХ-ын 20 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.

Тавантолгойн цахилгаан станцын төсөл, Тавдугаар цахилгаан станцын төсөл, төмөр замын төсөл энэ бүх төслүүд хоорондоо холбоотой. 

Тэгвэл энэхүү ашиггүй болсон гэрээнд гар бие оролцож баталсан “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан Оюутолгойн далд уурхайн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Оюутолгой бол монголын нэрийн хуудас. Яагаад гэвэл дэлхийн стандартаар үйл ажиллагаа явуулдаг, зардал бага гаргадаг, сайн технологи ашигладаг. 

Өнөөдөр улс төрд тогтворгүй байдал үүсээд байх юм бол Монголд итгэх итгэл сайжрахгүй. Сүүлийн хоёр жил бид Оюутолгойн холбогдолтой маш олон ажил хийсэн. Маш их итгэл хүлээж авсан. Энэ итгэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд татах ёстой.

Өнөөдрийн нөхцөл байдалд гаднаас мөнгө олж ирэхгүйгээр эдийн засгаа томруулах боломж байхгүй. Тиймээс Оюутолгой бол зайлшгүй явах ёстой. Цаашлаад Тавантолгойн цахилгаан станцын төсөл, Тавдугаар цахилгаан станцын төсөл, төмөр замын төсөл энэ бүх төслүүд хоорондоо холбоотой. 

Гурван мянган ажлын байрыг шинээр бий болгох суурийг тавьсан. Өнөөдөр 6,500 хүн Оюутолгойн уурхай дээр ажиллаж байгаа. Дээрээс нь 4.4 тэрбум долларын зээлийг Монголын компани нь Засгийн газрын ямар нэгэн баталгаагүй босгоод үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тийм боломжтой болж байгаа. Энэ бүхэн бол давуу тал.

Гол нь бид Монгол Улсын хуулийнхаа хүрээнд хууль зөрсөн нэг ч зүйл байхгүй хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн нэг ч заалт байхгүй. Дубайн төлөвлөгөөнд бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Хэрвээ муу, сайн гэж ярих юм бол байгаа нөхцөл байдлыг харин ч сайжруулсан. Монголын эдийн засагт хөрөнгө оруулах гээд байж байвал бодлого болоод улс төрийн орчин тодорхойгүй байвал эцсийн эцэст юу болдог вэ гэхээр зардал нэмэгддэг.

Одоо бид бонд босгох гэж байгаа процесс нь уг нь их зөв зүйл шүү дээ. Аль ч Засгийн газрын үед олон улсын зах зээл дээр бонд босгоод эргэж төлөөд л явдаг. Тэрүүгээрээ эргүүлээд эдийн засагтаа хөрөнгө оруулдаг. Харин бид дотооддоо бие биетэйгээ янз бүрийн асуудал үүсгээд тэрнийхээ үр дагаварыг бид өөрсдөө л үүрдэг. Бизнес эрхлэх зардлыг нэмэхэд хүргээд байгаа юм” хэмээн ярьжээ. 

Д.Ганбаатар: Цагдаагийнхан зөвхөн нүүрсний лицензтэй компаниудыг шалгасан 

-Ирвэс хамгаалах сангийн биологич залуу Хөвсгөл далайд учир битүүлгээр живж амиа алдсан. Түүнийг өөрөө амиа хорлосон гэх мэтээр олон янзын таамаглал гараад байгаа. 

Мөн түүний амьд ахуйдаа тусгай хамгаалалтад авахаар хөөцөлдөж байсан Тост Тосонбумбын нуруунд лиценз эзэмшдэг уул уурхайн компаниуд зохион байгуулалттай энэ хэргийг үйлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа юм. Тэгвэл улсын тусгай хамгаалалтад авах талаар ажиллаж буй ирвэс амьдардаг өвөрмөц тогтоцтой Тост, Тосонбумбын нуруунд хятадын зургаан компани лицензтэй гэсэн мэдээллийг “Эрс шинэчлэл” ТББ-ын тэргүүн Д.Ганбаатар өгчээ. 

Тэрбээр, “Анх хэвлэлээр Тост, Тосон бумбын  нуруунд 21 компани уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж мэдээлж байсан. Харин Ашигт малтмалын газраас 16 компани лиценз эзэмшдэг гэжээ. Түүнээс  Тост, Тосон бумбын нуруунд алтны зургаан лиценз олгосон.

Эдгээр зургаан лицензийн дөрөв нь нэг эзэнтэй, хоёр нь өвөрмонгол хүний нэр дээр. Тост, Тосон бумбын нурууг сансраас авсан зураг бидэнд байна. Энэ зураг дээр нурууны баруун талд ирвэс хамгаалах ажил явагдаж байсан. 

Нийт хамааралтай 21,16 лизенз байгаа гээд байгаа. Үүнд  тус нуруунаас урагш 20 км-ийн зайтай “Нарийн сухайт”-ын орд бий. Нүүрсний энэ ордын хажуу болон урд талд нь 19,036 гэсэн бас нэг талбай бий. Энэ хэргийг хэвлэл мэдээллийнхэн дутуу мэдээлэлтэй болоод олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байна уу, эсвэл шалгаж байгаа газар хариуцлагагүй хандаад байна уу гэдэгт  асуудал байна. 

Учир нь Цагдаагийнхан зөвхөн нүүрс олборлох лицензтэй  компанийг шалгаад  энд нэг ч зөрчил гараагүй гэж  бүх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компаниудыг хамаатуулан мэдэгдсэн үү” хэмээлээ.

Г.Байгальмаа: Үнийг хямдруул гэж тулгавал чанар хаягдана  

 

-Эдийн засгийн “Өөрчлөгч” клубын сэтгүүлчид УИХ-ын даргын барилгын асуудал, ипотекийн асуудал хариуцсан зөвлөх Г.Байгальмаа уулзаж барилгын салбарт хэрэгжихээр яригдаж буй ипотекийн зээлийг таван хувьд хүргэх асуудлаар ярилцсан юм.

Тэрбээр, “Ипотекийн зээл бол зөвхөн барилгын салбарын асуудал биш. Дагалдсан олон бизнесийг хөгжүүлэхийн тулд таван хувийн зээлийн асуудлыг сөхөж гаргасан.

Жишээ нь, Нийгмийн даатгалын хуульд л гэхэд ирээдүйд үүсэх тэтгэврийн өв сангийн асуудлыг оруулж ирж байгаа. Тус санд хуримтлал үүсгэнэ.

Өмнө нь найман хувийн зээл авсан иргэдийн буцаан төлж буй 2.4 их наяд төгрөгөөс таван хувийн зээлийг санхүүжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. 

Барилгын үнэ ханшийг буулгая гэж байгаа бол чанар аюулгүй байдлыг хаяхаас аргагүйд хүрнэ.

Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж буй нэг асуудал бол барилга, орон сууцны үнэ ханш. Үүнийг яагаад буулгаж болохгүй байна вэ, нийлүүлэлт нь эрэлтээс их байхад үнэ буурах ёстой гэж та бүхэн үзэж буй юм байна. Иргэд өмчлөн авсан газраа ямар өндөр үнээр үнэлж байгаа билээ. Дэд бүтэц татахад хэдий хэр өртөгтэй вэ. 

Энэ бүгдийг тооцож үзэх нь зүйтэй болов уу. Үнэ буурах тусмаа барилгын чанар мууддаг. Бүх барилгыг газар хөдлөлтийн есөн баллд тэсвэртэйгээр бариуллаа гэхэд барилгын үнэ ханш одоогийнхоос 30 хувиар нэмэгдэх тооцоо гарсан. 

Чухам тиймээс л барилгын үнэ ханшийг буулгая гэж байгаа бол чанар аюулгүй байдлыг хаяхаас аргагүйд хүрнэ. Тэгэхээр тал талаас нь харж шийдвэр гаргаж байгааг дуулгая. Та бүхэн шүүмжилж, хэлэлцэж байгаа шиг Засгийн газар, УИХ-ын төвшинд ч хэлэлцдэг юм шүү гэдгийг хэлье” хэмээн ярьжээ.

Зураг