Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгой" компанийн ШИЛДЭГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧИД тодорлоо

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 22
iKon.MN

"Оюу толгой" компанийн шилдэг ханган нийлүүлэгчдийг тодруулах уламжлалт “Эрдэнийн говь” ёслол Өмнөговь аймгийн Ханбогд суманд өчигдөр /2016.01.21/ боллоо.

Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн оны амжилт бүтээлээр нь дүгнэж аюулгүй ажиллагаа, бизнесийн өсөлт хөгжил, нийгмийн хариуцлага, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулсан байдал, орон нутгийн шилдэг хамгам нийлүүлэгч болон шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч зэрэг таван торолд нэр дэвшүүлж шалгаруулжээ.

"Оюу толгой" компани 2015 онд 989 ханган нийлүүлэгчээс бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авчээ.

 

Тус ёслолыг нээж "Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Оюу толгойчууд , ханган нийлүүлэгчидтэйгээ хамтдаа хүлээдэг энэ ёслолд ёслолыг нээж үг хэлэх болсондоо баяртай байна. 

“Эрдэнийн говь” ёслол энэ жил тав дахь жилдээ зохион байгуулагдаж, 2015 оны шилэг тэргүүний, хамгийн үр бүтээлтэй ажилласан таван ханган нийлүүлэгчийг бид шалгаруулна. 

"Оюу толгой" компанийн жилийн нийт худалдан авалтын 80 хувийг дотоодын компаниуд бэлтгэн нийлүүлж байгааг дуулгахад таатай байна. Ийм хангамжийн сүлжээг бий болгож, тогтворжуулахад хамтран ажиллаж ирсэн ОТ компанийнхан болон ханган нийлүүлэгчдэдээ баяр хүргэе” гэлээ.

Ингээд “Эрдэнийн говь-2015” ёслолын оргил үе болж:

  • Нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй шилдэг ханган нийлүүлэгчээр “Мэргэн чадвар” компани
     
  • Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгчээр "Ханбогд хурд" компани
     
  • Үндэсний шилдэг ханган нийлүүлэгчээр“Минерал бэйг” компани
     
  • Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгчээр “Эн Би Ай Кэй" компани
     
  • ШИЛДГИЙН ШИЛДЭГ ханган нийлүүлэгчээр “Максам эксплосивс” компани шалгарч, өргөмжлөл, цом гардсан юм.
 

Шилдэг ханган нийлүүлэгчдэд баяр хүргэж “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Шилдгээр шалгарсан ханган нийлүүлэгчдэдээ өдийг хүртэл амжилттай хамтран ажилласанд баярлалаа гэж хэлмээр байна. 

Бид шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах “Эрдэнийн говь” ёслолыг Оюу толгойн эх нутаг Ханбогд суманд анх удаа зохион байгуулж байгаа нь үнэхээр бахархууштай. Цаашдаа ОТ-н ажилчдын ихэнх нь Өмнөговь аймаг, Ханбогд сумаас бүрдэх бөгөөд ханган нийлүүлэгчдийн бааз энэ нутагт бий болох ажлын эхлэл өнөөдөр тавигдаж байгаа юм. 

Далд уурхайн бүтээн байгуулалт энэ жилээс эрчимжиж байгаа. Тиймээс ханган нийлүүлэгчдэд маань маш олон жил үйл ажиллагаа явуулах уурхайд тогтвортой, найдвартай  нийлүүлэлт хийж, томоохон бүтээн байгуулалтын нэг хэсэг болох сайхан боломж нээгдэж байна. 

Өнгөрсөн  нэг жилийн хугацаанд зэсийн үнэ 25 хувь орчим  унасан нь  уурхайн үйл ажиллагаа болон хамтран ажиллагч байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ зэсийн үнэ бусад түүхий эдтэй харьцуулахад буцаад  өсөх хандлагатай байгаа. Магадгүй энэ жилийн эцэс, ирэх жилийн эхэн үе гэхэд зэсийн үнэ нэмэгдэж зах зээлийн нөхцөл байдал сайжирна. 

Хамтран ажиллагч байгууллагууд, ханган нийлүүлэгчид  та бүхэнтэйгээ хамт дэлхийн хамгийн тэргүүнд тооцогдох зэсийн уурхайн нэг болгохын төлөө ажиллахаас илүү хүндтэй зүйл гэж үгүй билээ” хэмээн хэллээ.

Гэрэл зургийг "Оюу толгой" компанийн архиваас /2016.01.21/