МОНСУДАР: Монгол хэлний хичээл
Уншигч та бүхэнд монгол хэлний зөв бичих дүрэм, үг хэллэг, хэлц нэгжийн утга гарал, товчилсон үг болон найруулгазүйн холбогдолт зүйлсийг хичээл болгон хүргэж байгаа билээ. Энэ удаад доорх этгээд үг хэллэгийн тайлбар, хэлцийн утга, үгсийн зөв бичихзүйг хүргэж байна.
УУЛ УСНЫ ОЙР НЬ ДЭЭР
УРАГ ТӨРЛИЙН ХОЛ НЬ ДЭЭР
Уул усны ойр нь дээр
Ураг төрлийн хол нь дээр – Ах дүү, ураг садны хүмүүс хол байх нь сайн муу явавч нэгэндээ тээр дараа, нэрэнд сэв болохгүй, ойр байснаасаа дээр, зөв юм гэсэн утгатай хэлц юм.
«Монголчууд эрт дээр цагаас нэг омог яснаас ураг барилдахыг цээрлэдэг. Охиноо эрд гаргах, хүүдээ бэр сонгохдоо нутаг орны холыг сонгож ирсэн нь цус ойртохоос сэрэмжилж байгаа хэрэг аж. Нөгөө талаар ураг төрлийн хол байх нь залуу эр эмийн биеэ дааж амьдрах, хадмууд хүүхдүүдийнхээ гэр бүлийн амьдралд хошуу дүрэхгүй байх, улмаар хов жив гарахаас болгоомжилж байсан зэрэгтэй холбогдож дээрх үг гарсан гэдэг билээ.» “Монгол хэлний хэвшмэл хэлцийн толь, 51-р нүүр”
Галууг дуурайж
Хэрээ хөлөө хөлдөөх – Өөрийн чадал хэрийг мэдэхгүй, бусдыг дуурайн тэнсэх гэвэл эцэстээ өөрөө хохирох гэсэн санаа бүхий хэлц.
«Нэг хэрээ улай эрж нисэж явсаар нуурын хулсанд өндөг дарж үр зулзага гарган амьдарч байсан галуунуудыг үзээд тун бахархав гэнэ.Тэгээд тэр өнгөрсний тэрхүү өндөр модны салаан дээр өнчин ганцаараа амьдрах тэнүүл амьдралаа орхиж, өтгөн зузаан хулстай нуурт ирж амьдрахаар болов. Гэтэл тэр ер нь хулс нуурт амьдарч үзсэнгүй тул, ургаа хулсны оройд суух гээд тогтож чадсангүйгээр усанд унаж, жигүүр далавчаа савж дэвсээр ус залгиж үхсэн гэнэ. Үүгээр хүмүүс өөрийн чадвараа мэдэхгүй, бусдыг дуурайж атаархан аашилсаар хохирол амсахад хүрэхийг дүрсэлдэг байна. » “Монгол хэлний хэвшмэл хэлцийн толь, 124-р нүүр”
Сурталчилгаа юу? Суртчилгаа юу? /Зураг дээр дарж томруулна уу/
Монгол хэлний кирил бичгийн зөв бичихзүйн толь, 338-339-р нүүр”
ЭТГЭЭД ҮГ ХЭЛЛЭГ
Үг яриагаа хөгжүүн болгох, санаагаа нуух, хувийн имиж бүрдүүлэх, бүдүүлэгдүү гэмээр ярих үг хэллэгийг этгээд үг хэллэг гэнэ. Та бүхэнд цэргийн холбогдолт этгээд үг хэллэгээс сонирхуулбал:
Асман – хугацаат цэргийн албаны завсар үеийн цэргийн хоч нэр
Гоожуур – шинэ цэргийн хоч нэр
Жаа – жагсаалын дарга
Онжав – нэг оны цэрэг (“он” гэдэг үгэнд хүний нэрийн “жав”-ыг залгажээ)
Хал цэрэг – халагдах цэргийн хоч нэр
Цоожлогч – цэргийн жагсаалын төгсгөлийг хааж явах цэргүүд
Цоожлох – цэргийн жагсаалын төгсгөлийг хааж явах “Монгол хэлний этгээд үгийн толь, 133-р нүүр”
Эх сурвалж:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

