JCI Chairman салбар байгууллагаас Онцгой Байдлын Ерөнхий Газар /ОБЕГ/-тай хамтран “Онц ахлагч - Офицер” төслийг хамтран хэрэгжүүлэхээр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төслийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Г.Ариунбуян, удирдах бүрэлдэхүүн, JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгч Б.Наранжаргал, JCI Chairman салбар байгууллагын Ерөнхийлөгч Ё.Баатарилэг нар багийн хамт оролцлоо.
Нөгөө талаас ОБЕГ-ын сургагч багш нар нийслэл ба орон нутгийн залуучуудад гамшгийн үеийн бэлэн байдал, гал, ус, газар хөдлөлт, осол аваарын үед хэрхэн анхны түргэн тусламж үзүүлэх, биеэ хэрхэн авч явах, нөхөддөө хэрхэн туслах, багаар хэрхэн ажиллах гэх мэт иргэн хүний мэдвэл зохих сургалтуудыг явуулах юм.
Түүнчлэн төслийн хүрээнд танилцах аялал, чөлөөт ярилцлага, уулзалт, харилцан туршлага солилцох арга хэмжээнүүд явагдахын зэрэгцээ зарим гадаад харилцааны эхлэлийг тавих зэрэг ажлууд тусгагдсан байна.
Ийнхүү Төр ба Төрийн бус байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа ахин нэг түвшинд гарч, хамтдаа хөгжиж, хамтран томоохон туршлага бий болгох шинэ үзэгдэл эхэллээ. “Онц ахлагч - Офицер” төсөл нь энэ оны есдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна.
JCI байгууллага нь дэлхийн 100 гаруй оронд салбартай, 200 гаруй мянган гишүүнтэй тухайн улс орныхоо нийгэмд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 18-40 хүртэл насны манлайлагч залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг төрийн бус байгууллага юм.
JCI Монгол байгууллага нь анх 1992 онд байгуулагдаж, дэлхийн манлайлагч залуусын хүчирхэг сүлжээнд нэгдсэн бөгөөд эдүгээ 13 салбар байгууллагын нийт 700 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!