Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭЛХИЙГ ДОНСОЛГОСОН 10 ЗҮҮД

Б.Ууган, iKon.mn
2016 оны 1 сарын 16
iKon.MN

Зүүд зөнтэй гэдэгт олон хүн итгэдэг. Гэхдээ итгэхгүй хүмүүс түүнээс ч их байх. Шинжлэх ухаанаар зүүдийг янз бүрээр тайлбарладаг ч шинжлэх ухаан, ямар нэг онол, баримтлалаар тайлбарлах аргагүй зөнтэй зүүд гэж бий. Тэр дундаа түүхэнд нэр нь үлдсэн агуу хүмүүс зүүдээрээ дамжуулан нээлт, бүтээлээ олсон тухай та дуулж л байсан байх. Оёдлын машины зүү, Менделеевийн үелэх систем гээд л ... Энгийн хүмүүсийн зөнтэй зүүдийг ч тоочоод байвал барагдахгүй биз, харин энд  ямар агуу хүмүүс зөнтэй зүүд зүүдлэж, энэ нь хэрхэн биеллээ олж байсныг хүргэе.

Олимпиадагийн зүүд

 

Македоны Александрын ээж Олимпиада гал шиг эмэгтэй байж. Тэрбээр II Филипптэй хуримлахаас өмнө тун зөнтэй зүүд зүүдэлсэн гэдэг. “Шуурга дэгдэж, хэвлий рүү нь цахилгаан цахилж, хурц гал дэгдэн эргэн тойронд галын дөл авалцаж байна” гэж Олимпиада зүүдлэжээ. Хэсэг хугацааны дараа нөхөр нь ч зөнтэй зүүд зүүдэлж. Эхнэрийнх нь хэвлий дээр арслан сийлсэн тамгаар тамгалж байна гэж зүүдэлжээ. Харин энэ зүүдийг алдарт зөнч Телмессийн Аристандр тайлахдаа Олимпиада хөл хүнд, хэвлийд нь нуган үр байгаа, мэндлэх үр нь эрэмгий зоригтой, арслан мэт сүрлэг дайчин зантай байх болно гэж айлджээ.

Македоны Александр

 

Ээж нь зөнтэй зүүд зүүдэлж Александрыг төрүүлсэн бол хүү нь ч зүүд нойроороо тайлал авч байсан удаатай. Нэгэнтээ тэрбээр Египет рүү явах замдаа Тир гэх жижиг хотыг эзлэж чадаагүй гэдэг. Эргэн явах замдаа эзлэнэ гэж шийдэн аян дайнаа цааш үргэлжлүүлжээ. Гэвч эргэж ирээд ч дийлсэнгүй, есөн сар дайтав. Македоны Александр тэвчээрээ алдаж эхлэх тэр мөчид нэгэн зүүд зүүдэлжээ. Түүний бамбайн дээр ойн бурхан  /satyr- Грекийн домогт гарах ойн бурхан, үржил шимийн савдаг / дэвхцэн бүжиглэж байх юм гэнэ. Зүүдээ тайлуулахаар зөнч Аристандрт хандахад зөнч satyros гэх үгийг дундуур нь таслан бичжээ. Ингэснээр sa Tyros буюу “Тир чинийх” гэсэн утгатай болсон бөгөөд зөнч Александрт багахан тэвч гэж зөвлөгөө өгчээ. Маргааш өдөр нь л Тир бууж өгсөн гэдэг.

Цезарийн зүүд

 

Сенатыг эсэргүүцэж байх үедээ агуу удирдагч Ромыг түр хугацаанд орхин явахаас аргагүй болжээ. Энэ үеэр Цезарь ээжтэйгээ амраглаж байна гэж зүүдэлсэн гэдэг. Энэ зүүднээсээ ихэд эгдүүцсэн Цезарь зөнчдөө хандахад зөнч нь түүнийг тайтгаруулж ээж гэдэг нь Ром, төрсөн газар бөгөөд төрсөн нутаг нь өөрөө Цезарьд ирнэ гэж тайлбарласан байна. Үр дүн нь ч тодорхой, Гай Юлий Ромын тэргүүн болсон юм.

Инкүүдийн эзэн хааны зүүд

 

Инкүүдийн эзэн хаан гэж нэгэнтээ Уиракоч гэх бүхий л амьд, бурханлаг бүхнийг бүтээгч индианы бурхныг зүүдэлжээ. Энэ бурхан зүүдэнд нь орж ирээд “Цагаан арьст хүмүүс, гал гаргагч саваатай хамт ирнэ” гэж хэлсэн гэдэг. Энэ зүүд биелж, цагаан арьстнууд индианчуудыг байлдан эзлэж байжээ.

Суут сэтгэгчийн зүүд

 

Хятадын агуу гүн ухаантан Цунг цэ нэр алдар нь түгээгүй байхдаа нэгэн хачирхалтай зүүд зүүдэлжээ. Тэр ердөө л өөрийгөө эрвээхэй болсон байна гэж зүүдэлсэн гэдэг. Маргааш нь тэр сэрээд найз нөхөддөө “Цунг Цэ зүүдэндээ эрвээхэй болж чадаж байгаа бол эрвээхэй одоо унтаад тэр өөрийгөө Цунг Цэ гэж зүүдэлж байж болох юм” гэж хэлсэн байдаг. Энэ үг түүнийг алдартай болгосон юм. Өөр хүн эрвээхэй болж гэж зүүдлэвэл огт хайхрахгүй орхих байсан биз. Харин Цунг Цэ  амьдралыг хязгаарлагдмал гэж харах ч мэдлэг хязгааргүй гэсэн сургаалийг гаргасан юм.

Японы эзэн хааны зүүд

 

Нэгэнтээ, хаан ширээнээсээ түлхэгдэн унасан  Японы 96 дахь эзэн хаан Го-Дайго өтгөн навчистай мөнх ногоон аварга мод зүүдэлжээ. Мөчирнүүдийн ихэнх нь өмнөд зүгийг чиглэсэн байх юм гэнэ. Харин модны доор аугаа гурван сайд мөн эрэмбээрээ суусан домч нар байрлажээ. Гэхдээ өмнөд рүү чиглэсэн гол суудал хоосон байх юм гэнэ. Энэ байрыг хэнд бэлдсэн юм бол гэж эзэн хаан зүүдэндээ бодсон гэдэг. Гэтэл хоёр хүүхэд гарч ирэн Го Дайгогийн өмнө сөхрөн суугаад уйлж, “Дэлхий дээр эрхэм дээдэстэн хэсэгхэн хугацаанд нуугдаж болох газар гэж үгүй. Бүгд л модны дор сууж, өмнө зүгт хандаж байна. Тэр сул хэсэг бол танд зориулсан хаан ширээ. Тэнд хэсэгхэн хугацаанд суугаач” гэж хэлээд удахгүй алга болж гэнэ. Ингээд л эзэн хаан сэрчихэж. Энэ зүүдийг тэрбээр дохио гэж үзэн “өмнө зүг”, “мод” гэсэн ханзыг зэрэгцүүлэн бичиж тайллыг олохыг оролдсон байна. Улмаар японоор “кусуноки” гэх үг үүсчээ.  Тэрбээр нэг их удаан бодолгүй Касаги сүмийн нэгэн ламыг дуудан, энэ хязгаарт Кусуноки гэх дайчин байгаа эсэхийг асуусан байна. Үнэхээр тийм нэртэй хүн байж. Ингээд 1331 онд Кусуноки Масасигэгийн арми эзэн хааныг хаан ширээнд нь эргэн залрахад туслажээ. Гэвч 1336 онд Кусунокигийн арми бут цохигдон, эзэн хааны үнэнч туслах амиа хорлосон гэдэг.

Линкольны зүүд

 

Энэ явдал 1865 оны 04 дүгээр сард болжээ. Авраам Линкольн Цагаан ордны хоосон өрөө зүүдэлсэн байна. Гэхдээ өөр нэг өрөөнд хүмүүс байх юм гэнэ. Тийшээ ороод авс, болон харуулд зогсож байгаа цэргүүдийг олж харав. “Хэн таалал төгсөө вэ?” гэж Линкольн асуухад “Ерөнхийлөгч” гэж хариулсан гэдэг. Линкольн энэ тухай тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн бөгөөд харин 10 хоногийн дараа Вашингтоны Форд театрд алуулсан юм.

Атомын физикийг үндэслэгчийн зүүд

 

1913 онд эрдэмтэн Нильс Бор залуу, эрч хүчээр ч дүүрэн байж. Тэр үед атом, түүний бүтцийн тухай толгойгоо гашилгаж байжээ. Ингээд нэгэн удаа удтал эргэцүүлсний эцэст унтахаар хэвтэж. Харин зүүдэндээ хий төлөвт нар гэрэлтэж, түүнийг тойроод нарийн утсаар холбогдсон гаригууд эргэлдэж байна гэж зүүдэлжээ. Гэнэт хий төлөв хатуурч, харин гаригууд болон гэрэлтэлт нь багассан гэдэг. Энэ зүүдийг зүүдлэн Бор атомын бүтцийн нууцыг нээсэн гэнэ.

Органик химийн үндэслэгчийн зүүд

 

1865 онд Германы химич Фридрих Август Кекуле бензолыг нийлэгжүүлж чадсан ч бодисын нарийн томъёог олж чадаагүй байжээ. Гэхдээ тэрбээр сүүлээ хазаж байгаа могой зүүдэлсэн гэдэг. Эрт дээр цагт могойг байгалийн үр шимийн бэлэгдэл, нөхөн төлжихийн тэмдэг гэж тайлдаг байж. Харин химич зүүдээ өөрийнхөөрөө тайлж, зөв зургаан өнцөгт хэлбэртэй бензолын томъёог зүүдэлсэн гэдгийг ойлгосон гэдэг.

Мөн энэ зүүднээс хэдэн жилийн өмнө өөр нэгэн зүүд зүүдэлсэн гэсэн яриа бий. Кекуле хоёр том атом хос болон нэгдэж, том нь жижгээ хүлээн авч байна, өөр арай том атом гурав эсвэл дөрвөн жижиг атомыг тогтоон барьж байна гэж зүүдэлсэн гэдэг. Кекуле сэрээд нүүрстөрөгчийн атомууд урт гинжэн холбоо үүсгэж болно гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд энэ зүүдийг органик химийн үндсийг тавьсан гэж үздэг.

Пол Маккартнийн зүүд

 

1999 онд Британийн ВВС 2 радиостанц хөгжмийн шинжээчид болон сонсогчдын дунд өргөн цар хүрээтэй санал асуулга явуулж, борлуулалтын үр дүнг тооцоолжээ. Энэ санал асуулгын дүн болон борлуулалтын дүнгээр Битлз хамтлагийн Yesterday сингл ХХ зууны хамгийн шилдэг дуу гэж тодорсон байна.  Харин Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдснээр бүх цаг үеийн дуунуудаас хамгийн их cover  хувилбартай болсон дуу нь энэ дуу юм байна. Ийм алдартай болсон дууны аяыг Пол Маккартни зүүдэндээ олж сонссон гэж батладаг.

 

Эх сурвалж: moya-planeta.ru