Одоогоос гурван жилийн өмнө, 2013 оны тавдугаар сард Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнд шаардлага хүргүүлж байв.
Учир нь 2013 оны дөрөвдүгээр сарын 29-30-ны хооронд Хүний эрхийн үндэсний комисс, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран “Эрдэнэт үйлдвэр”-т хяналт шалгалт явуулсан. Уг шалгалтаар хэд, хэдэн зөрчил илэрсэн байна. Үүний дагуу Хүний эрхийн комиссоор таван зүйлийн шаардлага хүргүүлсэн байдаг.
...Тус компани нь Орос ажилчидтай ижил төрлийн ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол ажилчдад валютын нэмэгдэл хөлсийг огт олгодоггүй, зөвхөн орос ажилчдад үндсэн цалингаас гадна валютын нэмэгдэл хөлсийг олгож байгаа нь ажилчдыг ялгаварлах, гадаад ажилчдад давуу байдлыг бий болгож байна” гэсэн.
Уг шаардлагыг хүлээн авсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн долоо хоногийн дотор “...Зөрчлөө арилгачихлаа” гэсэн хариуг Хүний эрхийн үндэсний комисст илгээж байжээ. Гэтэл дээрх зөрчил арилаагүй, өнөөг хүртэл байсаар байгааг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хүдрийн ил уурхайн үйлдвэрчний эвлэлийн даргa П.Баттөр хэллээ.
Гурван жилийн өмнө арилгасан гэх зөрчил нь өнөөг хүртэл байсаар байгаа ажээ.
Тэрбээр 2016 оны нэгдүгээр сарын 12-нд Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Эрдэнэт үйлдвэр” Монгол ажилчдыг хоёрдугаарт, оросуудыг нэгдүгээрт тавьж үнэлдэг. Нийт 5,500 Монгол, 500 нь орос ажилчин бий. Оросууд монголчуудаас хоёр дахин өндөр цалин авдаг.
Монгол ажилчдын дундаж цалин 1.6 сая төгрөг Орос ажилтан бол энэ цалинг хэд нугалж авч байгаа. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон олон улсын гэрээ конвенцийг зөрчиж байгаа. Ажилчдад баяр ёслол болохоор урамшуулал болгож мөнгө өгдөг. Гэхдээ ажилтнууд тогтмол, өөрсдийнхөө хөдөлмөрт тохирсон цалинг шударгаар авахыг хүсч байгаа” гэсэн юм. Эндээс үзвэл гурван жилийн өмнө арилгасан гэх зөрчил нь өнөөг хүртэл байсаар байгаа ажээ.
Үүнээс гадна "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Ц.Даваацэрэнгийн сүүлийн үед байнга ярих болсон "Тус үйлдвэрт шахааны бизнес гэж байхгүй болсон" гэдгийг тэрбээр үгүйсгэн "...Шахааны бизнес байгаа гэдгийг баттай хэлье. Бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнээр нугалаад шахдаг" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!