Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

ХЗБХ: Ипотекийн зээлтэй холбоотой хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив

open.parliament.mn
2016 оны 1 сарын 14
open.parliament.mn
Зураг зураг

Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороо өнөөдөр 14 цаг 10 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй хуралдаж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулттай гишүүд байсангүй. Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй санал байхгүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг гишүүд 90.9 хувийн саналаар дэмжив. Ингэснээр анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж батлуулах саналыг 100 хувийн саналаар дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.