Нийслэлчүүд бид энэ өвөл налайж байна. Гэхдээ цаг агаарын таатай нөхцөл биш. Харин жилийн жилд идэшний бараа хардаггүй, жижиглэнгийн махаар өвлийг давдаг байсан бол энэ жил гулууз гулуузаар нь тагтан дээр, үүдний амбаартаа хураах шиг болов.
Таташ, гэдэс гургалдайхнаар хоног өнгөрөөдөг айлууд ч түүнийгээ болиод хонь, ямааны мах кг-аар авдаг болчихож. Сайхан хэрэг. Энэ нь махны үнэ огцом хямдарсны л тус. Харин биднийг ийнхүү өнөтэй өвөлжих зуур талын жаварт хайрагдан таван хошуу малаа элдсээр яваа малчид маань хэр онд орж байгаа бол.
Малчдын амьдралын ганц эх үүсвэр болсон мал, махны үнэ өнгөрсөн зунаас эхлэн огцом унав.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2015 оны мал тооллын урьдчилсан дүнгээр манай улсын мал 55 сая 357 мянган толгойд хүрчээ. Үүнээс 345 мянга нь нийслэлд, үлдсэн 55 гаруй сая мал нь хөдөө өвөлжиж байна. Өнгөрсөн жил малчдын хувьд хүнд байлаа. Одоо ч хүнд байдал үргэлжилсээр байна.
Малчдын амьдралын ганц эх үүсвэр болсон мал, махны үнэ өнгөрсөн зунаас эхлэн огцом унав. Захын лангуун дээр 8,000-аас буудаггүй үхрийн мах 4,000, 6,000-аас доош ярьдаг байсан хонины мах 3,000-аар зарагдах боллоо. Хамгийн сүүлийн шат дамжлага дээр л ийм үнэтэй байгаа. Харин худалдааны төв, дэлгүүрүүдэд бөөнддөг ченжүүд, ченжүүдийн малчдын гараас авч байгаа нь бүр хямд.
Зарим нь үүнээс ч хямдаар авдаг гэлцэх. Өөрөөр хэлбэл, ченжүүд малчдаас адууны махыг 1,800-2,300, үхрийн махыг 2,800 төгрөгөөр авдаг гэсэн үг. Харин ямааны махыг нэг кг нь 800-1,000, хонины мах ч 1,800-2,300 төгрөгөөр авч байгаа юм. Гэтэл өнөөдөр зоогийн газарт нэг ширхэг хуушуурын үнэ хонь, ямааны нэг кг махны үнэтэй эн тэнцэж байгаа.
Манай улс хоёр хөрш рүүгээ мах экспортолж, Малчдаа дэмжих бодлого баримталж буй. Өнгөрсөн жил гэхэд таван сая мал экспортлох шаардлагатай гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан байдаг. Адуу гэхэд 250 мянга орчмыг экспортлох шаардлагатай гэж байсан. Гэтэл манай улс олон улсын стандартад нийцсэн нядалгааны газар, хадгалах байр хүрэлцээгүйгээс амьдаар нь хил давуулах болсон юм билээ.
Өнгөрсөн намар зүүн аймгуудын малчид адуугаа хэдэн зуугаар нь БНХАУ-ын хил давуулсан. Тэнд малчид нутагтаа махласнаас дор үнээр адуугаа зарж байхтай манай сурвалжлах баг таарч байлаа. Уг нь адуу амьдаар ч, нядалсан ч нэг саяас дордохгүй үнэлэгддэг.
Хятад наймаачид зүүн аймгийн малчдаас нэг адууг 400-500 мянган төгрөгөөр авч байсан.
Гэвч Хятад наймаачид зүүн аймгийн малчдаас нэг адууг 400-500 мянган төгрөгөөр авч байсан. Малчид банкны зээл, хүүхдийнхээ сургалтын төлбөрөөс эхлээд ахуйн хэрэгцээ, өвс тэжээлээ бэлтгэхээр хямд ч хамаагүй гар дээрээ мөнгөтэй болохын тулд хэдэн арваар нь тууж явуулж байлаа.
Монголчууд таван хошуу малаа дагаж амьдралаа залгуулж ирсэн нүүдэлчин ард түмэн. Мал, мах нь ийн үнэгүйдсээр байгаа ч малчид хотоо цөмлөн нийслэлийг зорьсоор л байна. Эхнээсээ хот нь харлаж амьдралаа залгуулахын эрхээр төв суурин бараадъя гэсэн малчид ч бий боллоо.
Мал сүрэг бол үндэсний баялаг, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Үндэсний баялгийн ханш ингэж дордох нь юуны дохио вэ?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!