Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин 2016 оны сонгуульд нэр дэвшихээр болжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Энхбайгалийн фэйсбүүк хуудаснаас авав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон тул 2015 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгджээ.

Б.Энхбайгаль сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа аж.


Б.Энхбайгалийн ажлын туршлага

Тэрбээр төрийн албанд 18 жил, үүнээс 13 жил удирдах албан тушаалд ажилласан, Монгол Улсын Ерөнхий Сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын Зөвлөлийн гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Дээд боловсролын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн Зохицуулах Хорооны бодлогын зөвлөлийн гишүүн юм.

Доктор, дэд профессор Б.Энхбайгаль 2013 оноос Үндэсний Хөгжлийн Хүрээлэнгийн захирлаар ажиллаж чанарын удирдлагын тогтолцооны ISO:9001 стандарт, эрдэм шинжилгээний стандартуудыг нэвтрүүлж, тус хүрээлэнг Монгол Улсад анхны олон улсын жишигт хүрсэн судалгааны байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Азийн шилдэг жишээ болгосон бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төсөл (2015-2040 он)-ийг боловсруулах ажлыг манлайлж ажилласан.

Эдийн засгийн хөгжлийн асуудлаар 18 жилийн судалгааны туршлагатай, Монгол Улсын хөгжлийн эрх ашиг, аюулгүй байдлын асуудлаар хүчтэй дуу хоолой болдог нэр хүндтэй эрдэмтэн юм. Тэрбээр судалгаанд суурилсан бодлого, хариуцлагатай, үр нөлөөтэй төр, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, дундаж давхаргын хувийг өсгөх, хүнээ хөгжүүлж, түүхий эдээ боловсруулах, технологийн түвшнийг ахиулах зэрэг олон асуудлыг шинээр хөндөж олон нийтийн хүртээл болгосон.

Доктор, дэд профессор Б.Энхбайгаль нь нэгдмэл бодлого алсыг харсан тууштай хөгжил, нийт иргэдийн эрх ашгийг гол зорилго болгодог чадварлаг удирдагч, туршлагатай эдийн засагч юм.

Макро эдийн засаг, удирдахуйн ухаан, төрийн удирдлага, засаглал, нийгэм-эдийн засгийн хөгжил, системийн онол, шугаман бус динамикийн чиглэлүүдээр мэргэшсэн, эдгээр чиглэлээр 150 гаруй эрдэм шинжилгээ, бодлогын судалгааны бүтээл туурвиж гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн, англи, франц, түрэг, орос хэлтэй, манай шилдэг эрдэмтдийн нэг билээ.

Тэрээр Монгол Улсын Ерөнхий Сайд асан Дашийн Бямбасүрэнгийн охин юм.


Эх сурвалж: Үндэсний Хөгжлийн Хүрээлэн