Эдийн засгийг ил тод, хяналттай, бүртгэлтэй болгох зорилт тавьж Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр 8 их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил болоод байна. Хуулийн хэрэгжилтийг энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан.
НӨАТ-ын 10 хувийн татварын хоёр хувийн буцаан олголт энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьж, УИХ-аар хэлэлцэн баталсан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй хяналтын нэгдсэн цахим хуудас www.shilenkhyanalt.gov.mn нь энэ зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-ийн эхэнд тэмдэглэлээ. Энэ системийн хөгжүүлэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн алба хариуцан хийж байгаа юм.
Лхагва гараг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад өнөөдөр Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Пүрэв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрхзүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар оролцлоо.
Төрийн байгууллагаас хувийн хэвшилд хийгдэж байгаа хяналт, шалгалтын давтамж, хамрах хүрээ, бизнест үзүүлж буй ачааллын талаарх тодорхой мэдээллийг бүртгэх, харуулах зорилготой цахим хуудас бэлэн боллоо.
Ерөнхий сайд www.shilenkhyanalt.gov.mn -д нэгдэхийг компани, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.
Энэ шилэн системд мэргэжлийн хяналт, гааль, татварын шалгалтыг эхний ээлжинд бүртгээд байна. Өөрөөр хэлбэл, тооцоо төлөвлөгөө, судалгаагүйгээр аж ахуйн нэгжүүдийг хааж боомилох биш төлөвлөгөөтэй, урьдчилсан удирдамж өгдөг, хаана, хэзээ шалгалт хийх болон тухайн байгууллагад хэчнээн удаа, ямар хяналт яаж хийв гэдэг үйл ажиллагааг шилэн болголоо гэж Ерөнхий Ч.Сайханбилэг хэллээ.
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас 23 төрлийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт, татварын шалгалтыг эхний ээлжинд энэ системд оруулсан. Нийт 144 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага, 13 мянга 500 үйл ажиллагаа эрхлэгч иргэний буюу шалгуулагч этгээдийн 177 мянган обьект бүртгэгдсэн нь энэ систем өргөн хүрээг хамарч байгааг харуулж байна гэлээ.
www.shilenkhyanalt.gov.mn нь үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллага, хяналтыг хянах албаны хүмүүс, олон нийт буюу вэб порталд зочлогч гэсэн дөрвөн төрлийн хэрэглэгчтэй.
Статистикийн мэдээ нь хяналтын тоо, хамгийн их хийгдсэн чиглэл, төрөл, хяналтад хамгийн олон өртсөн байгууллага, хяналттай холбоотой гарсан зардал, гомдолтой байгаа аж ахуйн нэгж, шалгалтын дүнгээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийг харуулах ажээ.
Шилэн хяналтын шинэ систем ажиллаж эхэллээ. Байнгын үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, мэргэжлийн хяналт, гааль, татварынхан мэдээллээ тогтмол шинэчилж, ажлын дүнг улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.
Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ сайт болон сайтын үйл ажиллагааг сурталчилж, www.shilenkhyanalt.gov.mn -д нэгдэхийг компани, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!