Өчигдөр Сөүлд The Database Center for North Korean Human Rights нэртэй хүний эрхийн байгууллага Хойд Солонгосын ажилчдын гадаад орнуудад эрхэлдэг боолын хөдөлмөрийн талаар хийсэн судалгаагаа танилцуулжээ.
Тэд өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн хуучин коммунист дэглэмд байсан Монгол, Польш улсуудыг сонгон авч судалгаа хийсэн байна. Ингэхэд Монгол, Польш улсуудад нийтдээ 2,600 ажилчин байдаг бөгөөд тэдний сар бүрийн орлогын 90 хувийг Хойд Солонгосын дэглэм хурааж авдаг болохыг илрүүлжээ.
Ажилчдын ихэнх нь хатуу ширүүн цаг агаартай орчинд барилга зэрэг хүнд хүчир ажилд хоногийн 12 цаг ажилладаг гэнэ. Зөвхөн Монгол улсын хувьд 1,800 ажилчин Хойд Солонгосоос ажилладаг. Пьёньяний албаны хүмүүс тэднийг сард $650 олж тушаахыг үүрэгддэг бөгөөд энэ нь ажилчдын сарын орлогын 90 хувь болдог гэнэ.
Тиймээс ажилчид нэмэлт ажил хийн дээд тал нь $100 орчмыг олж амжиргаандаа зарцуулдаг аж.
Харин Польшид ажиллаж байгаа 800 ажилчиндаа сард $100 орчмын орлогыг нь үлдээгээд үлдсэнийг нь Хойд Солонгосын дэглэм хурааж авдаг байна.
Хойд Солонгосын засгийн газар энэ мэтээр гадаадад ажиллаж байгаа 50,000 ажилчнаас жил бүр $300,000-ын орлого олдог тухай тус байгууллагын тэргүүн Юн Иё-сан ярьжээ.
Үүнээс гадна 15 улсын 60 компани Пьёньянаас хямд ажиллах хүч авдаг гэнэ.
Гэвч тэдгээр компаниуд нь Ким Жон Унаас боолууд авч ажиллуулдгаа нуун дарагдуулдаг тухай мөн мэдэгдлээ.
Хойд Солонгост тавьсан НҮБ-ын эдийн засгийн хориг арга хэмжээнээс болоод мөнгөөр гачигдаж байгаа дэглэм өөрийн иргэдээ мөнгө олох хэрэгсэл болгож байгааг хүний эрхийн байгууллага онцолжээ.
Эх сурвалж: KoreaTimes
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!