Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Судлаач гэж хэн бэ

Б.Өнөртогтох
2015 оны 12 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Гадны орны ганц нэг хуулийн төсөл уншиж, өнөөгийн нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлийн талаар ганц нэг ярилцлага өгчихвөл өөрийгөө улстөрч болчихлоо хэмээн тоодог нийгмийн хэсэг бүлэг олон бий. Монголд өнөөдөр юу олон байна гэвэл улстөрч олон байна. Улс төрийн намууд хүртэл улс төрд шинэ манлайлагч гэсэн “элий балай” төсөл хүртэл гаргаж тэнэглэсэн.

Мэдсэн сурсан зүйлээрээ өрсөлдөж, нийгмийн шийдэл эрсэн асуудалд зөв шийдвэр гаргаж, бусдыг удирдаж сурсан олон жилийн туршлагатай хүмүүсийг л өнөөдөр улстөрч хэмээн нэрийдэж болох. Харамсалтай нь телевизийн эфирээр ганц нэг удаа гарч, зорилтот нэвтрүүлэгт орчихоор л улстөрч болчихдог гэсэн сэтгэлгээтэй залуус гадуур хэдэн зуугаараа байна. Болсон болоогүй хууль боловсруулж, түүнийгээ УИХ-ын даргад удаа дараа өргөн барьчихвал бараг л хал сууж халуун чулуу долоосон улстөрч болсон хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг хүмүүс ч өнөөдөр парламентын танхимд бий.

Энэ нь тэдний гэм биш зан юм. Тэгвэл өөргийгөө өргөмжилдөг энэ хэнээрхэл нийгмийн салбар бүрт халджээ. Нэг дуу цацаад л өөрийгөө дуучин гэж тоодог, бие даасан тоглолт хүртэл хийж халуурдаг хүмүүс олширлоо. Хуулийн төслөө ч бүрэн ойлгоогүй атлаа хуульч гэсэн сэтэр зүүчихсэн пээдгэр бацаанууд энэ нийгэмд олон байгаа.

Ганц шүлэгтэй яруу найрагч, зохиолч, орчуулагч нарын тоог одоо гаргана гэвэл цаг хугацаа ч хүрэлцэхгүй. Бас болоогүй, Монголд судлаачид гэсэн бүхэл бүтэн арми бий болов. Олон янзын л зүйл судладаг аж, тэд. Тэр дундаа улс төрийн асуудал, эдийн засаг, уул уурхайг судлах сонирхол асар их бололтой.

Судлаачдыг яг хаанаас хэн хэрхэн бэлтгэдэг талаар судлаад үзэхээр тийм тусгай сургууль алга. Бас хэн судлаач гэж өргөмжилдөг тухай ч мэдээлэл хомс юм. Хэд хэдэн улс орны тухай ном сонин уншаад л судлаач болчихлоо гэж боддог бололтой юм. Нэг онигоо ч гэмээр зүйл саяхан болж билээ. 

Өөрийгөө бөө судлаач хэмээн нэрийдсэн нэгэн эрхэм манай “Чөлөөт индэр” буланд өөрийнхөө судалгааны материалыг хэвлүүлэхээр болов. Монголын бөө судлалын эрдэмтэн, судлаач, олон улсын гэх мэт элдэв янзын л гуншинтай хүн аж. Тун л мундаг бүтээл болов уу хэмээн сэтгэж бүтээлийг нь тавихаар авсан ч нэг л биш ээ.

Эрхэм судлаач энэхүү бүтээлдээ бөө судлалын их сургууль байгуулах санааг дэвшүүлжээ. Тэнд суралцах хүмүүсийг тусгай шалгуураар сонгож оруулах бөгөөд аглаг ууланд таван жилээр суралцуулж, гэгээрлийн дээдийг олох бөгөөд огторгуй ертөнцөд өөрийн ой ухаанаар удирдах хөлгөөр аялах тухай судалж олжээ. 

Үнэндээ тэр материалыг уншаад нүдэндээ ч итгээгүй юмдаг. Манай судлаачдын нийтлэг төрх энэ биш ч иймэрхүү хүмүүс л өөртөө судлаач гэсэн нэр өгчихөөд элдэв янзын зүйл санаж сэдэж, ганц нэг номноос уншсан зүйлээ өөрийн бүтээл мэт эрээчиж явна гээд хэлчихвэл буруудсан болохгүй. Фэйсбүүк, твиттер хуудсанд судлаач гээд биччихвэл олон хүнд уншигдана гэж боддог ч байж мэдэх.

Хамгийн аймшигтай нь тэд өөрсдийнхөө судалсан, уншсанаа үнэн гэж итгүүлэхийн тулд хэвлэл мэдээлэл, твиттер, фэйсбүүкээр олон янзын мэдээлэл түгээдэг. Тэр тусмаа улс орны гадаад бодлого, геополитекийн асуудлаар ямар ч цензургүй ярьж, шууд дүгнэлт хийж байгаа нь асуудал болоод байгаа юм.

Хоёр хөршийн харилцаа, Монгол Улсын төвийг сахих бодлого, хүний эрхийг дээдлэгч улс зэрэг дэлхий нийттэй холбоотой олон ч шийдвэрийг манай улс шат дараатай гаргаж буй.

Тэр болгонд судлаачдын үг чухал байр суурьтай ч гэсэн би судалдаг, уншдаг, дүгнэлт хийдэг гээд юу хүссэнээ ярьж, түүнийгээ тулган шаардах нь учир дутагдалтай гэдгийг л онцлохыг хүслээ. Судлаач гэж яг хэн юм бэ. Өнөөдөр энд цензур тавих шаардлага байна уу гэвэл байгаа.

Өөртөө олон янзын цол чимэг өгч, гадны ганц нэг ном уншчихаад өөрийгөө судлаач гэж мянга түм хашгирлаа ч тэд судлаач болчихгүй. Харин хэлж буй үг, үйлдэл нь нийгэмд олон янзын ойлголт өгч, асуудлыг буруу тийш мушгих эх үндэс болж байгаа учраас судалдаг мэддэг хүмүүстэй жаахан учиртай хандая.

Зураг