Дэлхийд танигдсан Хятадын брэндийг өөрчилж Азийн онлайн зах зээлд гол тоглогч болгох бодлогын хүрээнд Алибаба хэвлэл мэдээллийн салбарт багагүй хөрөнгө хаях болсон.
Үүний хамгийн сүүлийн жишээ бол хэдхэн хоногийн өмнө Хонг Конгийн англи хэл дээр гардаг South China Morning Post сониныг $266 саяар авсан явдал боллоо.
Шинжээчдийн дүгнэж байгаагаар Жэк Магийн зорилго нь уг сувгаар дамжуулан дэлхий нийтийн Хятадыг харах өнцгийг өөрчлөх, сөрөг дүр төрхийг нь засварлахад чиглэж байна.
Сонины онцлог нь зөвхөн Хятадын сэдвээр англи хэл дээр гардагт оршиж байгаа юм.
Энэ нь дэлхийн хоёрдагч том зах зээлийг сонирхож байгаа дэлхий нийтийн уншигчдад хүрэх чухал зам болж байна.
Алибаба уг сониныг авснаар онлайн хувилбартай болгож уншигчдын хүрээг нь тэлэх төлөвлөгөөтэй гэнэ.
Гэхдээ энэ наймаанд Барууныхан болгоомжлонгуй хандаж байгаа. Учир нь SCMP бол Бээжингийн цензургүйгээр улс төр, хүний эрхийн сэдвээр чөлөөтэй бичдэг хэвлэл байсан юм. Тэгвэл Хятадын эрх баригчдын нөлөө уг сонинд тусахгүй гэх баталгаагүй болжээ.
Хэдийгээр Алибабагийн зүгээс энэ наймаа нь улс төрийн ямар нэг оролцоогүй, зөвхөн компанийн гадаад зах зээлд гарах бодлогын хүрээнд хийгдсэн гэж байгаа ч Жэк Ма Бээжингийн эрх баригчидтай холбоотой байдаг нь нууц биш.
Алибабагийн медиа вант улс одоогоор Youku Tudou (онлайн видео платформ), Wasu media (кабель телевиз), China Vision Media (кино студи), Huayi Brothers (кино студи), China Business News (сонин), South China Morning Post (сонин) зэргээс бүрдэж байна.
Эх сурвалж: Shanghaiist
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!