Монголын хөлбөмбөгийн холбооны 2015 оны шилдгийн шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр боллоо. Тус шагналд нэр дэвшиж буй тоглогчдын нэрсийг Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсээс гаргасан бөгөөд тухайн жилийн турш оролцсон тэмцээний статистик дүнг харгалзан дэвшүүлсэн юм.
Тодруулбал,“Алтан бөмбөг-2015” шагналд шилдэг дасгалжуулагч, эрэгтэй болон эмэгтэй тоглогч, оны шилдэг шүүгч, гоол, бэлгэдлийн 11 тоглогчийг нэрлэв. Дээрх номинацид нэр дэвшиж буй тамирчдад "Хүрхрээ" үндэсний дээд лигийн есөн клубын ахлах дасгалжуулагч, багийн ахлагч, "Хүрхрээ" үндэсний нэгдүгээр лигийн 10 клубын ахлах дасгалжуулагч, багийн ахлагч мөн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, Монголын хөлбөмбөгийн тухай нийтлэл, нэвтрүүлэг бичдэг 14 сэтгүүлч нийт 52 хүний саналаар "Алтан бөмбөг"-ийн эзнийг тодрууллаа.
Монголын хөлбөмбөгийн холбоо энэ онд гадны болон олон улсын чанартай гурван том тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулжээ.
Тухайлбал, гуравдугаар сарын 17-нд Монгол Улс Зүүн Тиморын шигшээ багтай 2018 оны ДАШТ-ийн плэй оффын урьдчилсан шатны тоглолтыг МХБХ-ын талбайд хийсэн. Мөн есдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд МХБХ Ази тивийн 16 хүртэлх насны урьдчилсан шатны К хэсгийн тоглолтыг хүлээн авч амжилттай зохион байгуулсан.
Ингээд МХБХ-ын 2015 оны шилдгийн шилдгүүдийг танилцуулж байна. Өөрөөр хэлбэл, “Алтан бөмбөг” шагналд оны шилдэг дасгалжуулагч, эрэгтэй тоглогч, эмэгтэй тоглогч, шүүгч, гоол, бэлгэдлийн 11 тоглогчдыг тодруулсан юм.
Шилдэг эрэгтэй тоглогч: О.Баяржаргал (ФЦ. Улаанбаатар, хагас хамгаалагч (Mid) Монгол улсын Футзалын шигшээ багийн тоглогч, Монгол улсын үндэсний шигшээ багийн тоглогч, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн дэд аварга,“Хүрхрээ" үндэсний дээд лигийн шилдэг хагас хамгаалагч, 2015 оны МХБХ-ны Цомын тэмцээний дэд аварга.
Шилдэг эмэгтэй тоглогч Б.Намуун (“Хад” клуб)
2015 онд зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн шилдэг хагас хамгаалагч.
Шилдэг дасгалжуулагч Д.Батнасан, З.Баттулга (“Эрчим”)
2015 оны "Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга, 2015 оны МХБХ-ны Цомын тэмцээний аварга
Шилдэг гоол Б.Гарьдмаг-най /Сэлэнгэпресс/
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн үеэр Хоромхон клубын эсрэг тоглохдоо оруулсан гоолоороо. 2015.06.06.
Шилдэг шүүгч Б.Хаш-Эрдэнэ
МХБХ ны I зэргийн шүүгч, найм дахь жилдээ шүүгчээр ажиллаж байна. 2015 оны бэлгэдлийн 11 тоглогчид хаалгачаар Э.Ариунболд (“Эрчим”), хамгаалагчаар Г.Төгөлдөр (“Эрчим"), Б.Гарьдмагнай (“Сэлэнгэ Пресс”), Ц.Энхжаргал (“Улаанбаатарын унаганууд”), хагас хамгаалагчаар Г.Батбилгүүн (“Эрчим”), О.Баяржаргал (ФЦ Улаанбаатар), Х.Цэнд-Аюуш (“Улаанбаатарын унаганууд"), А.Улсболд (“Хоромхон”), довтлогчоор Н. Наранболд (“Хоромхон"), Ц.Түмэнжаргал (Улаанбаатарын унаганууд) нар тус тус багтсан юм.
Мөн дээрх номинациудаас гадна МХБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгосон бөгөөд орон нутгаас “Хужирт” клуб, “Арвайн үндэс” ХХК, “Жи Эн Бевережис’ ХХК, NTV телевиз, “Их Монгол" ХХК тус тус хүртсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!