Манай дэлхийтэй төстэй, амьдрал тэтгэгч гариг манай нарны аймгаас хэдэн мянга, бүр хэдэн сая гэрлийн жилийн зайнд байж магадгүй.
Өнөөдрийн байдлаар астрономичид өөр нарны аймгийн 1,700 гаруй гаригийг NASA-гийн Кеплер дуран авайгаар илрүүлээд байна. Энэ дуранг 2009 онд сансарт хөөргөсөн юм.
Энэ олон гаригийн талаар төсөөллийг хүмүүст хүргэх хэцүү. Тэгвэл Вашингтоны Их сургуулийн оюутан Этан Крюз дараах хөдөлгөөнт дүрслэлийг бүтээжээ.
Энд байгаа гариг бүрийг харуулахын тулд бодит хэмжээ, харьцааг баримтлаагүй гэнэ. Харин гариг бүрийн орбитын хэмжээг зөв харьцуулсан байна.
Ингээд 685 одны систем дэх 1,705 гаригийг дэлгэн харуулжээ. Сонирхолтой нь бусад гаригууд манай нарны системийн гаригуудтай харьцуулахад маш хурдтай эргэлдэж байгаа нь тэд өөрийн нарандаа их ойр байдгийг харуулж байна.
Мөн тэдний температур нь ч манай дэлхийнхээс маш халуун болохыг өнгөөр ялган харуулжээ. Ийм өндөр температуртай гаригуудад амьдрал үүсэх боломжгүй гэж үздэг.
Эх сурвалж: Techinsider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!