Чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Үйтүмэнтэй ярилцлаа. Тэрбээр сүүлийн жилүүдэд 86 кг-ын дэлхийн шилдэг тамирчдын нэгээр тодроод байгаа юм. 2012 оны Лондонгийн олимпод оролцож эхэлснээс хойш бөх сонирхогчид түүнд найдлага хүлээлгэх болсон билээ.
-О.Үйтүмэн гэж ямар бөх вэ гэдгийг мэдэх нэг нь мэдэх байх. Гэхдээ мэдэхгүй хүмүүс ч бас бий. Тиймээс манай ншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Би Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрж, Есөнзүйл суманд хүүхэд насаа үдсэн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг 2011 онд дүүргэж, дараа жил нь шигшээ багт орсон. Амжилтын хувьд гэвэл, 2009 онд Залуучуудын улсын аварга, Оюутны улсын аварга болсон. 2010 онд оюутны универсиад наадамд оролцсон. 2012 онд Бүх ард түмний спартикадад түрүүлсэн.
-Таны удамд бөх байсан уу?
-Бөхийн удам бий. Манай аав аймгийн заан Л.Оргодол гэж хүн байдаг. Ах маань аймгийн начин О.Түмэндэмбэрэл гэж хүн бий. Багаасаа л аавыгаа дагаад бөх болно гэж боддог байлаа.
-Үндэсний бөх, жүдо, чөлөөт гээд сонголт олон байна. Гэтэл яагаад чөлөөт бөхийг сонгох болов?
-Би жүдогийн 48 килограммын жинд аймгийн аваргаас алтан медаль авч байсан. Шаггүй барилдчихдаг байлаа. Харин чөлөөт бөхийг сонгоход ах маань нөлөөлсөн. Ах чөлөөт бөхөөр барилддаг байсан учраас дагаж энэ төрлөөр хичээллэж эхэлсэн дээ.
-Бөхийн эрдэмд сургасан багш нараа дурсвал?
-Анх хоёрдугаар ангид байхдаа чөлөөт бөхийн секцэд бүртгүүлээд, долоо хоног яваад л орхисон. н.Бат-Эрдэнэ гэдэг багш миний анхны дасгалжуулагч байсан. Дараа нь зургадугаар ангидаа спорт хорооны Б.Баттүшиг багшид шавь орсон. Тэр хүнээс хөл авах мэх гэхчилэн чөлөөт бөхийн А үсгийг сурч байлаа.
Харин хотод ирээд Монгол Улсын заан, Гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчин багшийн удирдлага дор хоёр жил бэлтгэл хийсний үр дүнд залуучуудын улсын аварга болсон. Хотод ирснийхээ дараа бэлтгэлээс өөр юм хийдэггүй байлаа. Үндэсний биеийн тамирын дээд сургуульд сурдаг. Өглөө 07:00 цагт гараад сургууль руугаа явдаг.
Сургуулиа тараад 16.00 цагаас шууд бэлтгэлдээ ордог байсан. Нэг жилийн хугацаанд өөр зүйлд сатааралгүй, зөвхөн бэлтгэлээ л хийгээд явсан. Энэ бүх хугацаанд З.Дүвчин багш хажууд минь байж, их зүйл зааж өгсөн. Мөн З.Ойдов багшаар хонгодох мэх заалгаснаараа бахархаж явдаг. Би анх сумын заан болохдоо, аймгийн цол авахдаа ч З.Ойдов багшийнхаа хонгодох мэхээр өрсөлдөгчөө давсан байдаг. Үүндээ их баярладаг. Ямар ч хүний хөлийг бариад авчихвал унагах арга сайтай болсон шүү.
-Хүн зорьсондоо хүрнэ гэдэг сайхан. Өөрийн чинь хувьд ч гэсэн залуучуудын улсын аварга болоод тухайн үеийнхээ зорилтыг биелүүлж чадсан байх. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Би бэлтгэлээ л сайн хийхийг боддог байлаа. З.Дүвчин багш “Чиний энэ чинь болохгүй байна. Тэгж барилдаж сурах хэрэгтэй. Арай л болоогүй байна даа” гэх мэтээр байнга шүүмжилнэ. Гэтэл нэг удаа бэлтгэлд хамт явдаг хүүхэд “Багш чамайг энэ жилийн залуучуудын улсын аваргад түрүүлнэ” гэж байна билээ гэдэг юм байна.
Хотод орж ирээд удаагүй байсан болохоор залуучуудын улсын аваргад ямар бөх оролцохыг ч мэдэхгүй байсан. Өрсөлдөгч нараа сайн таньдаггүй байсан үе шүү дээ. Гэтэл багшийн хэлснээр үнэхээр түрүүлчихсэн. Их ч урам зориг авсан. Тэр тэмцээнд түрүүлээд, 120 мянган төгрөгийн шагнал авч байлаа. Тухайн үедээ их мөнгө байсан болохоор үнэхээр их баярлаж, урам орсон. Дахиж хүнд ялагдмааргүй санагдаж байлаа шүү дээ.
-“Рио-2016” олимп удахгүй болно. Чөлөөтийнхнөөс хэд хэдэн бөх олимпийн эрх авсан байгаа. Одоо олимпийн эрх олгох ямар тэмцээн байна вэ?
- Ирэх оны гуравдугаар сарын эхний долоо хоногт Казахстанд нэг тэмцээн болно. Олимпийн эрхийг алт, мөнгөн медаль авсан бөхчүүд л авах юм. Ер нь нэлээд хүнд шалгууртай. Гэхдээ л боломж бий.
-Сая Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс л авах хэрэгтэй байж дээ?
-Уг нь тийм л зорилготой очсон. Гэхдээ дэлхийн аваргад эхний зургаад орно гэдэг маш хэцүү. Олон улсын тэмцээнд дөрвөн тойрог л барилддаг. Гэтэл би дэлхийн аваргаар торгуулийн тойрогт орж, таван тойрог барилдаж байгаа юм. Мөн манай зоонд жингийн бүх шилдгүүд байсан.
Орос, Япон, Польшийн хүчтэй өрсөлдөгч нартай ойр ойрхон барилдаад нэлээд ядарсан. Олимпийн эрхийн төлөө 2011 оны дэлхийн аварга Болгарын бөх Михаил Петров Ганевтай таарсан. Намайг бодвол өрсөлдөгчөө эрт ялсан, амралт ихтэй байсан. Харин би хялайчихсан байсан учраас хожигдсон болов уу. Одоо олимпийн эрхийг эхний тэмцээнээс авах зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байна даа.
-Нэг үе чөлөөт бөх уналтад орсон. Харин одоо илт сэргэж байна. Энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олон медаль авч, түүхэн амжилт үзүүллээ. Шигшээ багийнхаа үе тэнгийн залуучуудаар бахархдаг байх?
-Манай шигшээ багийнхан сайхан амжилт гаргасан. Бид 2013 онд дэлхийд наймдугаарт жагсчихлаа гэж баярлаж байсан. Гэтэл энэ жилийн дэлхийн аваргын амжилтаараа дөрөвдүгээр байрт шалгарсан. Тамирчид болон дөрвөн дасгалжуулагчийн нөр их хөдөлмөрийн хүчээр бид ийм амжилтад хүрлээ.
Өнгөрсөн Лондонгийн Олимпийн наадмаас С.Батцэцэг л хүрэл медаль авсан шүү дээ. Эрэгтэй шигшээ баг 30 жил аваагүй Олимпийн наадмын медалиа авахад ойрхон болсон гэдэгт би хувьдаа итгэж байгаа. 2013 оны дэлхийн аваргаас медаль авах зорилготой яваад наймдугаар байрт орсон. Тэр үед багш нар “Наймдугаар байрт орно гэдэг тийм ч чамлах юм биш. Сайн барилдлаа гэж хэлж, урам өгч байсан.
Түүнээс хойш урам зориг сэргэж, бэлтгэл сургуулилтаа илүү их хийх болсон. Өнгөрсөн хугацаанд жингийнхээ бүх том бөхчүүдтэй барилдаж үзлээ. Манай жинд таван дэлхийн аварга байгаагийн хоёртой нь барилдаж үзсэн. Тиймээс ч өмнөх алдаагаа засч, Риогийн олимпоос медаль авна. Ямар ч байсан эхлээд Олимпийн эрхээ авах зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Өөрийн чинь нэг ярилцлагыг уншиж байхад 82 кг жинтэй мөртлөө 86-д барилддаг гэж ярьсан байсан. Одоо жиндээ хүрч байгаа юу?
-Одоо бол жиндээ хүрч байгаа, 86, 87 кг болсон. Би өдөрт хоёр, гурван удаа бэлтгэл хийдэг. Нэг бэлтгэл дээр 1.5 кг жин хаядаг. Гаргасан хөлс хүчээ хоолоороо нөхдөг. Зарим тамирчид хэтэрхий их бэлтгэл хийгээд эхлэхээрээ хоолноос гарах тохиолдол ч байдаг. Энэ бүхнийг шигшээ багийн эмч нар зохицуулдаг юм.
-Нэг жинд олон хүчтэй өрсөлдөгч байх тусам бөхийн ур чадвар сайжирдаг байх. Өөрийн чинь барилдаж байгаа жинд ямар тамирчид байна. Ур чадвар нь хэр байдаг юм бол?
-Олон сайн тамирчин бий. Саяхан АНУ-д сурч байгаад ирсэн Л.Төртогтох гэдэг залуу байгаа. Мөн өнгөрсөн жил улсын аварга болсон П.Өсөхбаатар байна. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Б.Өлзийсайхан гэж залуу бий. Гэх мэтчилэн миний жинд сайн сайн өрсөлдөгч их гарч ирж байна.
-Европ хүмүүс том биетэй байдаг. Тэд нартай барилдахад хэцүү байдаг байх, тийм үү?
-Тийм. Гэхдээ харахад том биетэй мөртлөө яг барилдахад тийм ч бяртай байдаггүй. Би чинь жижиг биетэй, тэднийг бодвол намхан. Гэвч барилдаад бяраа үзэхэд нэг их ялгаа гардаггүй. Гэхдээ чөлөөт бөх барьцгүй барилдаан учраас хүч их гардаг.
Үргэлж л бэлтгэл сургуулилт хийгээд, гэртээ тогтдоггүй.
Бид чинь биеэ тулаад л зогсож байгаа шүү дээ. Удаан барилдаад ирэхээр том биетэй хүмүүс нь ядрах нь бага байдаг юм. Түүгээрээ л Европынхон арай илүү давуу талтай байх.
-Үндэсний бөхөөр барилдах сонирхол байдаг уу. Их спортынхон нас ахиад ирэхээр үндэсний бөхөөр барилдаж байгаа харагддаг?
-Сайн тамирчид 32 нас хүртлээ барилддаг. Жишээлбэл, манай жингийн И.Алдатов гэж 32 настай бөх байна. 2013 онд дэлхийн аварга болсон хүн шүү дээ. Энэ жил гэхэд шилдэг наймд орсон. Тэр хүн одоо 33 хүрч байна. Гэтэл би одоо 26 настай. Ингээд бодохоор надад дахиад тав, зургаан жил барилдах боломж байна гэсэн үг.
Манай Оска /О.Пүрэвбаатар/ багш 27 насандаа шигшээ багт орж байсан гэдэг. Миний хамгийн гол зорилго бол олимпийн медаль авах. Тэгж байж үндэсний бөхөөр хичээллэнэ. Гэхдээ заримдаа тэсэлгүй аймгийнхаа наадамд барилдчихдаг, өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд зургаа давж, аймгийн харцага цол хүртсэн. Ер нь бол үндэсний бөхөөр барилдах сонирхол байдаг.
-Их спортын тамирчин хүний хувьд нийгмийнхээ асуудлыг шийдэх нь хамгийн чухал юм шиг санагддаг. Өөрийн чинь хувьд ивээн тэтгэдэг, нийгмийн асуудлыг чинь шийдэж өгдөг компани байдаг уу?
-2012 онд анх олимпийн эрх авахад Д.Дагвадорж аварга машин өгч байсан. Тэр үед дэмжлэг багатай байсан надад итгэж, тусалсанд талархаж явдаг. Мөн УИХ дахь Ардчилсан намын Ажлын албаны дарга С.Дэмчиг ах 2012 оноос эхлээд бэлтгэл сургуулилтаа хийхэд тусалж, цалинжуулж байгаа. Энэ дэмжлэг одоогийн амжилтад нөлөөлсөн гэж боддог. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Жаахан л юм болвол гэрээс утасдаад байвал бэлтгэл хийж чадахгүй шүү дээ.
Бэлтгэлээ хийж, мэхээ давтмаар, гэр бүлийнхээ асуудлыг шийдмээр болоод, сэтгэл хоёрдоно биз дээ. Энэ хүмүүсийн дэмжлэгээр ар гэрийнхээ асуудлыг бага ч болов шийдээд явж байна. Би чинь 12 сараас ердөө ганцхан сард нь л гэртээ тогтдог хүн. Үргэлж л бэлтгэл сургуулилт хийгээд, гэртээ тогтдоггүй. Тэгэхээр ар гэрийг авч явах үүрэг эхнэрт маань оногдож таарна. Миний хань намайг маш сайн ойлгож, тусалж дэмждэг. Тиймээс эхнэртээ баярлаж явдаг шүү гэдгээ хэлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!