Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: ҮХЦ-ийн буруу шийдвэрийг УИХ залрууллаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын дарга З.Энхболд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ҮХЦ-ийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын буюу 70.2 хувийн саналаар Үндсэн хуулийн 15 дугаар дүгнэлтийг хүлээж авсангүй.  

УИХ-ын дарга З.Энхболд “Өнөөдөр Хүний эрхийн өдөр. Ийм чухал өдөр ҮХЦ-ийн буруу шийдвэрийг залруулах шийдвэрийг УИХ гаргасанд талархаж байна. Газар бол иргэдийн хөрөнгө мөн юм гэсэн шийдвэрийг УИХ-аас хоёр дахиа гаргаж байна. Өмнө нь УИХ-аас батлахад МАН хуульчаа явуулж Үндсэн хуулийн цэц дээр хүчингүй болгуулсан. УИХ сая хүчингүй болгуулсан нь буруу, газар бол эд хөрөнгө юм гэсэн шийдвэрийг гаргалаа. 

Төрийн ордноос 40-50 метр зайтай, гуравхан айлын газар 24 тэрбум төгрөгт хүрлээ. Улаанбаатар хотод ямар их баялаг байгаа нь ажиглагдлаа. Урьд нь хотын захиргаа газрыг дуудлагаар худалдаалдаггүй байсан. Энэ бол иргэдийн газрын үнэ нэмэгдэхэд тодорхой сигнал юм. Зах зээлийн үнэ тогтож эхэлж байна. Үүнийг ҮХЦ устгаж байгаад маш их харамсаж байна” гэлээ. 
 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Ганбаатар нар өмнө нь мэдээлэл хийж байсан билээ. Тэд “Газраа банканд барьцаалсан иргэн зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй бол банк үл маргах журмаар газрыг нь дуудлага худалдаанд оруулах” агуулгатай заалт оруулсан. Хамгийн аюултай нь иргэн хүний зээлийн барьцаанд тавьсан газрыг ямар ч үл маргах эрхгүйгээр хурааж авах гэж байна.

Ядаж гурван шатны шүүхээр явах эрхийг нь үлдээ л дээ. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудын бараг ихэнх нь гадаад эзэнтэй, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Иймээс барьцаалсан газрыг банк хурааж авна гэдэг нь гадны иргэний өмчинд шилжих нөхцлийг бүрдүүлж байна. Энд үндэсний аюулгүй байдлын асуудал яригдана” хэмээж байсан юм. 

Уг асуудлын дараа хэлэлцэх байсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс МАН тав хоногийн завсарлага авлаа.