Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Үндсэн хуулийн цэц ЗЭЭЛИЙН ХҮҮГ хэд байхыг хэлэлцэж шийддэг газар биш

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

МАН-ын өргөдлөөр Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч ипотекийн зээлийн хүүг 8-аас 20 хувь болтол өсгөх гэж байна гэсэн мэдээлэл өчигдөр цахим сүлжээгээр тарсан. Энэ талаар МАН-ын Хуулийн зөвлөх Б.Энхбаяраас тодрууллаа.


-Та өчигдөр гарсан мэдээлэлтэй холбоотой тайлбар хийнэ үү?

-Өчигдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр АН-аас зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 болгууллаа” гэдэг цуурхал, гүтгэсэн мэдээллийг түгээсэн. Өнөөдөр ч энэ ажлаа үргэлжлүүлж байгаа.  

Судалж үзэхэд Цэц өчигдөр иргэн А.Базарын гомдлын дагуу 2015 оны аравдугаар сард дунд суудлаар шийдвэр гаргаад түүнийг нь УИХ хүлээж аваагүй, Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 13 тоот шийдвэртэй холбогдуулж гүтгэлэг тараасан юм байна гэж үзэж байгаа.

Иргэн А.Базар нь ямар асуудлаар гомдол гаргасан бэ гэхээр иргэн барьцаалсан орон сууцаа бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргаж Цэц хүлээн авсан байна. Цэц уг иргэний гомдлыг өчигдөр Их суудлаараа эцэслэн хүлээн авчээ.

-Тэгвэл энэ асуудлыг яагаад тантай холбох болов. Та өмнө нь Цэцэд ямар асуудлаар хандаж байсан юм бэ?

-Хоёр төрлийн маргааныг хольж хутгаад байх шиг байна. Миний хувьд иргэн Янжинхорлоогийн хамт 2015 оны есдүгээр сард Цэцэд гомдол гаргасан. Газрын газрын барьцааг банк санхүүгийн байгууллага үл маргах журмаар хураан авч, дуудлага худалдаагаар зарах нь иргэний шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргаж байсан.

Цэц хүлээн авч арваннэгдүгээр сард 15 тоот шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийг яг одоо УИХ-аар хүлээж авах уу үгүй юу гэдгийг ярьж байна.

Хоёр өөр шийдвэрийг зохион байгуулалттайгаар хольж хутгаад, МАН зохион байгуулсан гэдэг гүтгэлэг тарааж байгаа юм байна гэж ойлгосон.

-Үндсэндээ ипотекийн зээлийн хүү өснө гэдэг мэдээллийг үгүйсгэж байна гэж ойлгож болох уу?

-8 хувийн зээлийн орон сууцны хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар ба Монгол банк хамтран хэрэгжүүлж буй Засгийн газрын хөтөлбөр.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар, Монголбанк.  Эдгээр байгууллагууд энэ хөтөлбөрийг зогсоосон, 8 хувийг 20 болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд Цэц ч энэ талаар шийдвэр гаргаагүй.

Тэр ч битгий хэл Цэц зээлийн хүү хэд байхыг хэлэлцэж шийддэг газар ч биш.