Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад суух Элчингүүд ИЖБ барив

President.mn
2015 оны 12 сарын 8
iKon.MN
 

Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роберто Жагуарибэ Гомез Де Маттос, Данийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Карстэн Дамсгаард, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Янец Преможе, Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маряа Рислакки нар Итгэмжлэх жуух бичиг барив.

Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.


Бразил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роберто Жагуарибэ Гомез Де Маттос

 

Бразил Улсын Элчин сайд Роберто Жагуарибэ Гомез Де Маттостой уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орон газар зүйн байрлалын хувьд алс зайдуу оршдог ч дипломат харилцаа тогтоосон 20 шахам жилийн хугацаанд хоёр тал харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж ирснийг дурдлаа.

Элчин сайд хариуд нь хоёр тал харилцаа хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, түншлэлийн харилцаагаа улам  гүнзгийрүүлэх хүсэлтэйг илэрхийлж үүний төлөө идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.


Данийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Карстэн Дамсгаард

 

Данийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Карстэн Дамсгаардтай хийсэн уулзалтын үеэр Элчин сайд Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж, ардчилал ялсны 25 жилийн ойн жилд Элчин сайдаар ажиллахаар ирж буйдаа талархалтай байгаагаа дурдаж, өнгөрсөн хугацаанд Монголд чөлөөт хэвлэл хөгжүүлэх зэрэг олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг дурдлаа.


Словени Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Янец Преможе

 

Словени Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Янец Преможег хүлээн авч уулзах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Европын холбооны орнууд, түүний дотор Бүгд Найрамдах Словени Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ирээдүйд хамтран ажиллах чиглэлд байр сууриа илэрхийлж, баримталж ирснийг тэмдэглэв.


Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Маряа Рислакки

 

Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Маряа Рислакки уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоогоод 50 гаруй жил болж, энэ хугацаанд хоёр талын харилцаа идэвхтэй хөгжиж ирснийг дурдлаа. Мөн хоёр талын хооронд улс төрийн болон бизнес, соёл, боловсролын салбарын төлөөллийн айлчлал, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарт ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.