Эрт дээр үеэс монголчууд өвлийн идшээ бэлдэхдээ давхар борц хийж хатаагаад хавар идэшний мах барагдах үеэс борцоо идэж эхэлдэг байжээ. Бид одоо ч борцыг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд харин өөрсдөө махаа борцолж бэлтгэх нь ховордсон байж магадгүй.
Тиймээс уншигчдадаа зориулж өвлийн идэш бэлддэг яг энэ цаг үед мах хэрхэн борцолж, хатаах аргачлалыг оруулж байна. Борцтой хоол амт сайхнаас гадна шингэц сайн байдаг тул та бүхэн гэртээ багахан хэмжээний ч болтугай борц бэлтгэж нөөцлөөрэй.
Борц хийхэд махаа шулах, зүсэх, хэцэнд өлгөх, хөлдөөх, урь идүүлэх, хатаах, савлах гэсэн дарааллыг баримтална.
Махыг борцлохдоо тураг (малын толгой, шийр, гэдэс дотроос бусад мах) махаа эвдсэний дараа борцлох махаа хутгаар булчингийн ширхгийн дагуу 20-З0 см урттай, З-5 см зузаантай зүснэ.
Зүссэн махаа голоор нь дахин зүсэж, ингэхдээ хэцэнд тохох битүү үлдээнэ. Ийнхүү бэлдсэн зүсмэл махаа байшин, пүнз, амбаар болон гэртээ татсан хэцэн дээр хооронд нь наалдахааргүй зайтай тохно.
Мөн тоос шорооноос хамгаалж нимгэн марель, даавуугаар бүтээж хөлдөөгөөд урь идүүлж болно. Энэ нь урин цагийн салхинд идүүлнэ гэсэн үг.
Борц хийх үеийн агаарын температур хөдөө -16,2’С; хотод -20,З’С байвал илүү тохиромжтой. Байрны чийгшил нь хөдөө З9-74%, хотод 52- 76% байх ёстой гэж үздэг.
Ийм орчинд мах борцолж хөлдөөхөд махны мөс шингэн байдалд шилжихгүйгээр аажмаар ууршин азотлог хандлаг бодис нь дотроо үлдэх замаар хатдаг байна. Ингэж мах борцлоход 4-5 сарын хугацаа шаардагдана.
Борцны чийг 7-8%, тослог 11.З%, уураг 78.0% байх ёстой. 1кг борцны илчлэг чанар З,600-4,000 ккал байдаг. Мөн 1 кг нойтон мах борцлоход хэд дахин хөнгөрч 200-210 гр борц гарна.
Зөв хатааж хийсэн борц цайвар бордуу өнгөтэй, сэвсгэр хөнгөн, өөх нь цайвар шаргал өнгөтэй, өвөрмөц сайхан үнэртэй болдог.
Монголчууд гол төлөв үхрийн махаар, зарим нутагт тэмээний махаар борц хийж хүнсэндээ ашигласаар ирсэн. Гэтэл зарим газар бог малын хаа, гуя, өвчүү, цорой, ууцыг бүхлээр нь давс түрхэн хатааж борцолдог байна.
Борцыг 40 минут орчим дэвтээхэд 2.4-2.5 дахин өсдөг бөгөөд түүгээр борцтой шөл, бууз, хуушуур, цуйван, хуурга зэрэг төрөл бүрийн хоол хийж хүнсэнд хэрэглэж болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|