Нидерландын дизайнер, архитекторч Дан Руузгаард долоон метрийн өндөр, агаар цэвэршүүлэгч цамхаг (Smog Free Tower) бүтээснээ Бээжин хотод байрлуулах хүсэлтэй байна.
Тэр энэ хүсэлтээ Бээжин хотын захиргаанд тавиад нийт таван уулзалт хийгээд байгаа гэнэ. Яг л гадаа ажилладаг, үлэмж том агаар цэвэршүүлэгч гэж хэлж болохоор энэ бүтээл цагийн дотор 30,000 шоо метр агаарыг цэвэрлэнэ.
Өөрөөр хэлбэл 1.5 хоногийн дотор ердийн хөлбөмбөгийн стадионд агуулагдах агаарыг бүрэн цэвэрлэх юм.
Ажиллах зарчим нь үс хэрхэн агаарын бөмбөлөгт наалддагтай адил ионжуулах технологитой.
Маш бага эрчим хүч зарцуулах буюу гэрийн ус буцалгагчны хэмжээний цахилгаан хэрэглэнэ.
Туршилтаар түүний цамхаг нь Роттердам хотын цэцэрлэгийн агаарыг амжилттай цэвэрлэсэн гэнэ. Харин одоо тэр Бээжинд хэрэгжүүлэх сонирхолтой байна.
Руузгаард “Би үүнийг Бээжинд босгохыг маш их хүсч байна. Ийм зүйл зохион бүтээхэд хүргэсэн шалтгаан нь энэ хот юм” гэжээ.
Гэвч сүүлийн хоёр жил Бээжинг зорьж хөөцөлдсөөр байгаа түүнд хотын захиргаа нааштай хариу өгөхгүй хойшлуулсаар байгаа гэнэ.
Түүнд Хятадын агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэдэг компаниуд хандан хамтрах санал тавьсан ч Руузгаард засгийн газартай тохирч, олон нийтийн сайн сайхны төлөө хийхийг илүүд үзэж байгаа ажээ.
Руузгаард 2013 онд Бээжинд нэгэн дизайны арга хэмжээний үеэр илтгэл тавихаар очихдоо энэ санааг бодож олсон байна.
Санаагаа хэрэгжүүлэхийн тулд Kickstarter кроудфундинг сайтад амжилттай хөрөнгө босгосон гэнэ.
Руузгаард 20-25 ийм цамхагийг Бээжингийн цэцэрлэгүүдэд тавихаар төлөвлөж байгаа аж. Мөн зардлыг нь бууруулахын тулд лизингийн нөхцөл санал болгоход ч бэлэн байна.
Руузгаард энэ шийдлээ цааш нь Энэтхэг, Мексик зэрэг агаарын бохирдол өндөртэй улс орнуудад танилцуулах зорилготой байгаа гэнэ.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!