Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung хуулсныхаа төлөө Apple-д төлбөр төлөхийг зөвшөөрлөө

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Ухаалаг утас үйлдвэрлэгчид ширүүн өрсөлдөөн дунд байдаг бөгөөд Apple, Samsung компаниуд тэдгээрийг тэргүүлдэг билээ.

Тэгвэл энэ хоёр компанийн дунд 2011 оноос эхлэн үргэлжилсэн маргаан байдаг. Энэ нь Samsung-ийг өөрийнхөө бүтээгдэхүүнийн дизайныг хуулбарласан хэмээн Apple буруутгасан хэрэг.

Тэгвэл урт удаан түүхтэй энэ хэрэг өчигдөр шийдэгдэхэд тун дөхөж очсон байна.

Өөрөөр хэлбэл Калифорни мужийн хойд дүүргийн шүүх дээр хоёр компани хамтарсан мэдэгдэл гаргаж Samsung компани $548 саяыг Apple-д төлөхөөр болсон гэнэ.

Гэхдээ энэ бол 2012 онд шүүхээс гарсан 1 тэрбумын нөхөн төлбөр төлөх шийдвэрийн нэгээхэн хэсэг юм.

Энэ дүнг давж заалдсан Samsung компани бууруулж хоёр салгасан бөгөөд $548 саяыг патент хуулбарласны төлөө, $382 саяыг хайрцаг савыг нь хуулбарласны төлөө болгон тогтоолгосон аж.

Ингээд хоёр хэсэг маргааны нэгийг нь Samsung хүлээн зөвшөөрч Apple-аас нэхэмжлэх хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор төлөхөөр болжээ.

Харин хоёр дахь хэсгийн төлбөрийн асуудлыг 2016 онд болох шүүх хурлаар шийдэх юм байна.

Apple-ыг үндэслэн байгуулагч Стив Жобс агсан “Би энэ хууль бус явдлыг засахын төлөө эцсийн амьсгалаа хураатал, Apple-ын банканд байгаа $40 тэрбумыг шавхтлаа зүтгэх болно. Биднээс хуулбарласных нь төлөө Андроидыг би сүйрүүлэх болно. Энэ асуудлаар би халуун цөмийн дайн эхлүүлэхэд ч бэлэн байна” гэж хэлж байсныг Уолтер Исааксоны дурдатгалд бичсэн байдаг.

 

Эх сурвалж: TheNextWeb