ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Уламбаяр: 2015 онд миний амьдралын хамгийн том үүд хаалга нээгдсэн

Б.Даваахүү
2015 оны 12 сарын 5
Монголын мэдээ

Рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ олсон охидын хамтлаг бол “Киви”. Тус хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр “11/06” хэмээх шинэхэн цомгийнхоо хэвлэлийн хурлыг хийсэн юм. Энэ үеэр нь дуучин бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. 

 

-Ука шинэхэн цомгийнхоо баярыг өнөөдөр хийх гэж байна. Сэтгэгдэл ямар байна даа? 

-Сэтгэгдэл маш өндөр байна. Их догдолж байна. Үндсэндээ наймдугаар сараас хойш цомгийнхоо ажилд ханцуй шамлан орж, өнөөдөр цомгийнхоо баярыг хийх гэж байна. Би сүүлийн үед цагаан өнгөнд дуртай болоод байгаа. Тийм учраас цомгоо цагаан өнгөөр чимж, дээр нь өөрийнхөө шаргал үсийг бэлгэдэж, бүх үг, үсэгнүүдээ шар өнгөөр бичсэн.

Цомогт багтсан “Амжиж хөтөлье гараас чинь” дуугаа жирэмсэн байхдаа бичүүлсэн байсан. Харин төрснийхөө дараа дууныхаа миксийг нь “Ocean grey” продакшнаар хийлгэсэн. “Ocean grey” гээд шинэхэн байгуулагдсан хамгийн орчин үеийн продакшны залуус маань надад санал тавьсны дагуу цомгоо гаргахаар болсон доо. Тэгээд л үндсэндээ наймдугаар сарын 17-ноос эхлэн цомгийн ажилдаа орсон доо. 

-Цомгоо яагаад “11/06” гэж нэрлэсэн юм бэ?

-Миний хувьд төрсөн өдрөөрөө тухайн жилдээ надтай хамт байсан бүх хүмүүсийг баярлуулахыг зорьдог. Тиймээс төрсөн өдөртөө зориулж цомгоо гаргахаар шийдсэн юм. Тэгээд төрсөн өдрөөрөө “11/06” гэж цомгоо нэрлэсэн.

Гэвч бичлэгийн явц удаашраад, төлөвлөсөн ёсоор хурдан хугацаанд бүтээгүй. Гэхдээ өөрийн үзэгч сонсогчиддоо зориулж, цомгоо гаргасан юм шүү.

Цомгийнхоо бүх дуунуудыг дүрсжүүлэх зорилготой  байгаа. Цомгийн эхний “Амжиж хөтөлье гараас чинь” дууныхаа дүрсийг “IC” студи дээр хийсэн. Дараагийн “Мөрөөдөл бид хоёр” дууны дүрсийг “Bowtie” студид, харин  “Зүрхэн тэмдэг” дуугаа Black Zebra студид хийсэн.

Дуугаа “Зүрхэн тэмдэг” гэж нэрлэсэн шалтгаан нь нөхөр маань над руу залгах үед ийм тэмдэг гарч ирдэг юм. Тиймээс энэ тэмдгийг харахаар яагаад ч юм  аз жаргалтай болж байгаа мэт санагддаг. Энэ дуу эхлэхдээ “Зүрхэн тэмдэгтэй өдрүүд, зөвхөн чамдаа зориулсан...” гэж эхэлдэг болохоор дууныхаа үгэнд ч гэсэн гоё үгнүүд оруулахыг зорьж ажилласан.

Тиймээс аз жаргалын бүхий л сайхан мэдрэмжийг дуундаа оруулахыг зорьсон. Дууны үгийн хувьд реппер Данка маш гоё бичсэн. Данкадаа онцгойлон баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Тэмүүлэн хоёр дууны үгийг бичиж өгсөн.

Реппер Цэцэ “Араас минь тэврээч” гээд +16 насныханд зориулсан дууны үгийг надад зориулж бичиж өгсөн. +16 насны залуучууд сонсож болохоор халуухан дуу байгаа. “Амжиж хөтөлье гараас чинь” дууны үгийг ZZ бичсэн байгаа. Ерөнхийдөө яг л миний амьдралд өдөр бүхэн тохиолддог сайхан бүхнийг шингээсэн үг аялгуутай, бүгд л надад, миний төрлийн сонсогчдод зориулсан мэт цомог болсон доо. 

-Ковер зурагны тухайд?

 

-Цагаан өнгийг сонгосон минь учиртай. Учир нь бүх зүйлийг цэвэр сайхан байхыг бэлгэдэж цагаан өнгөөр чимсэн. Тухайлбал, ковер зураг дээр өмссөн цамц манай нөхрийнх. Энэ цамц надад их таалагддаг юм. Бид хамт явж байгаад энэ цамцыг авч байлаа. Бас надад десант өнгөнүүд маш их таалагддаг. 

Бага байхаасаа л десант өнгийн хувцаснуудыг сонгож өмсдөг байсан. Үүний нэгээхэн жишээ нь нөхрийн минь цамц байна. Цомгийн коверын зураг авалтыг IC студид хийсэн. Цомгоо БНСУ-д хэвлүүлсэн. Ерөнхий ивээн тэтгэгчээр G mobile, Oriflame брэнд, IC студи, Ocean Grey продакшин ажилласан. Энэ дашрамд хамтарч ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийлье. 

-Энэ удаагийн цомог өмнөхөөсөө юугаараа онцлог вэ?

-2011 онд “I’m in love” цомгоо гаргаж байсан. Мэдээж хоёр цомгийн хооронд ялгарах онцлог маш их байгаа. Уран бүтээлч хүний хувьд би уран бүтээлээрээ дамжуулан бусдыг хамгийн сайхан бүхнээрээ л дайлахыг хичээдэг. Хүн шинэ дууг сонсохдоо түүнээсээ баяр баясал, сайхан бүхнийг мэдрэх ёстой. Тиймээс энэ цомогтоо тэр бүгдийг шингээж өгөхийг зорьсон. 

-Сүүлийн жилүүдэд “Киви” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэ уран бүтээл хийсэнгүй гэхэд хэтийдэхгүй байх. “Авьяаслаг монголчууд” шоуны үеэр дуулсан дуу танай хамтлагийн шинэ уран бүтээл үү?

-Тийм. “Авьяаслаг монголчууд” шоуны үеэр дуулсан дуу бидний “Хол хайр” гэдэг дуу байгаа. Энэ дууны үгийг реппер Данка бичиж, Ocean Grey продакшн ажилласан. Мөн “Gun fire” гэх шинэ уран бүтээлээ хийсэн байгаа. 

-Киви хамтлагийн Намуун мөн бие даасан цомгоо гаргасан байгаа шүү дээ. Одоогоор Агийгийн хувьд хараахан шинэ цомог гаргаагүй байх шиг байна?

-Агийг шинэ цомгоо гаргаач гээд ярилцаж л байгаа. Агий чимээгүй байж байгаад шинэ уран бүтээл гаргачих шинжтэй байгаа шүү. Өөрөөс нь асуувал илүү сонирхолтой байх болов уу. 

-Укаг шүдээ янзлуулсан гээд л олон нийтийн сүлжээнд бичээд байсан. Энэ үнэн үү?

-Шүдээ тэгшлүүлсэн. Хүмүүс үүнийг маш их сонирхоод байх шиг байсан. Өмнө нь янз бүрийн инээсэн зургаа цахим хуудастаа тавихаар ямар “аймаар” шүдтэй юм бэ гээд шүүмжлэх хүн олон байсан шүү. Төрснийхөө дараа эмэгтэй хүн эмзэг болчихдог юм билээ.

Өөрийнхөө өө сэвийг их анзаардаг болчихсон. Тэгээд шүдээ янзлуулахаар шийдсэн. Манайд  “Дижитал ментал” гэдэг дажгүй эмнэлэг байдаг юм байна. Тэнд шүдээ тэгшлүүлсэн. Түүнээс хойш өөртөө илүү итгэлтэй инээдэг болсон. 

-Эмэгтэй хүн жирэмсэн байх үедээ их жин нэмдэг. Төрснийхөө дараа ч жингээ хурдан хасах тухай боддог. Гэтэл өөрийн чинь хувьд төрсөн гэж хэлэхээргүй байх юм? 

-Жирэмсэн байхаасаа л эхлээд хоолны дэглэм барьсан. Төрснийхөө дараа хоолны дэглэм барихын зэрэгцээ дасгал сургуулилтаа хийсэн. Цагаан гурил, сүү хүний биед очоод задрахаараа сахар болдог гэсэн.

 Эрүүл зөв хооллолтыг сонгож, дасгалаа хийж байсан болохоор хурдан хугацаанд хэвийн байдалдаа орсон. 

Тэгэхээр хүүхэд сахарын харшилтай болох магадлалтай. Тиймээс сүү, гурилын хэрэглээгээ хассанаар жингээ маш хурдан хугацаанд барьж чадсан. Эрүүл зөв хооллолтыг сонгож, дасгалаа хийж байсан болохоор хурдан хугацаанд хэвийн байдалдаа орсон. Гэхдээ дасгалыг ядартлаа хийж болохгүй шүү. Би их ядарсан. Одоогоор дасгалаа түр зогсоочихсон байгаа. 

-Жирэмсэн байхдаа Ука хэдэн кг хүртэл жин нэмсэн бэ?

-Би 75 кг хүрсэн. Төрөхөөс өмнө хамар томроод эхэлдэг юм билээ. Гэхдээ хурдан хугацаанд буцаад хэвийн жиндээ оччихсон. Одоо бодоход хурдан санагдаж байна. Манай хүү энэ сарын 9-нд нэг нас хүрнэ. 

-Ээж болсноор амьдралд тань ямар өөрчлөлт гарав. Гадна байдлаасаа бол намбалаг болчихоо юу даа?

-Эмэгтэй хүн ээж болж, хүүхэд төрүүлсний дараа бусдыг улам их хайрлаж, энэрдэг болдог юм шиг байна. Энэ хүн над шиг л эх хүнээс төрсөн байгаа, энэ хүнийг эх хүн над шиг хайрласан, тиймээс энэ хүнийг ямар нэг байдлаар байнга л баярлуулах юм сан гэсэн өрөвч зөөлөн сэтгэлтэй болдог юм билээ. Ийм юм ярихаараа уйлах гээд байдаг юм. Ерөнхийдөө бусдыг хайрлаж, энэрэх сэтгэл ундардаг болчихсон шүү. 

-Уран бүтээлч хүн  маш завгүй ажилладаг. Мөн шинэхэн ээж болсон хүний хувьд ажил, амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ? 

-Сүүлийн долоо хоногийн хугацаанд их бухимдалтай байлаа. Хоногийн 24 цаг үнэхээр хүрэлцэхгүй. Гэхдээ эмэгтэй хүн болсон хойно бүх зүйлээ зохицуулаад явж байгаа. Бүх ажлаа цагийн хуваарийн дагуу хийнэ. Хамгийн чухал ажлаа нэгдүгээрт тавьж, бусад ажлуудыг хойшлуулах маягаар шийдэж ажилласан.

Тиймээс найз нөхөддөө гаргах цаг зав тун хомс байгаа. Гэхдээ гэр бүлдээ цагаа яс зориулж байгаа. Өглөө босоод хоолоо бэлдэж тавьчихаад бүгдийг нь үнсээд уяраачихаад л гарна. Орой болохоор хурдан л гэртээ харих юмсан гэж боддог болчихсон. Фитнессээ түр завсарлачихсан байгаа болохоор цаг жаахан ч гэсэн гарч байгаа. Урьд нь дор хаяж хоёр цагийг дасгалд зориулж байсан шүү. 

-Хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа юу? 

-Тийм шүү. Өөрөөрөө төрсөн. Ямартай ч, амьдрал сайхан байна аа. Энэ бүгдийг хуваалцсанд баярлалаа. 

-Укагийн хувьд хувийн амьдралаа их нууцлах юм. Нөхрөө хэзээ олонд танилцуулах гэж байна?

-Нууц, нууц. Сайхан залуу гэр бүл байна. Үр хүүхэддээ, ханьдаа халамжтай сайн залуу бий. Хийж буй уран бүтээлийг минь байнга дэмжиж, өдөр бүр сайхан үгээр дэм өгдөг. Амьдрал сайхан байна. “Танилц манай нөхөр” гээд яаж хэвлэлийнхний өмнө дэлгэх вэ дээ. Яваандаа болох байлгүй.  

Дуугаа хийж дуусмагцаа хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ сонсгодог. 

Хамгийн гол нь миний хувийн амьдрал бусдад ямар ч хэрэгцээгүй. Бусдын нөхөр хэн байх, ямар ажил хийдэг, халаасандаа хэдэн төгрөгтэй байх ер нь хэнд ч хамаагүй шүү дээ. Хүний амьдралд чухал байр суурийг эзлэхгүй болов уу. Тиймээс нөхрөө бусдад танилцуулаад байх зөв зүйтэй зүйл биш байх гэж бодож байна. Нийгэмд эзлэх байр суурьтай залуу гэр бүлүүдийн нэг гэж л танилцуулья. 

-“Зүрхэн тэмдэг” дууны хувьд таны хайртдаа зориулсан уран бүтээлүүдийн нэг юм болов уу. Нөхөр тань энэ уран бүтээлийг яаж хүлээж авсан бэ?

-Ерөнхийдөө уран бүтээл бүрээ би хайртай бүх хүмүүстээ зориулж хийдэг. Яг тэр маань гэж онцгойлохгүй. Зүрх сэтгэлээс гарч буй бүхий л үг, уран бүтээлээ хайртай бүх хүмүүстээ зориулж байгаа гэж ойлгож болно. Дуугаа хийж дуусмагцаа хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ сонсгодог. Мэдээж хамгийн гоёор хүлээж авдаг. Энэ мэдрэмж намайг маш их цэнэглэдэг байх.

-Катя Золтой загварын салбарт цаашдаа хамтран ажиллах уу?

-Мэдээж. Найз нөхдүүд бүгд л нэг нэгийгээ дэмжин хамтран ажиллаж байгаа. Саяхан Энхмаа маань “SS Queen-2016” коллекцоо танилцуулсан. Энэ үеэр надад зориулж маш гоё даашинз урлаж өгсөн. Ямартай ч, найз нөхдүүд бид нэг нэгийнхээ уран бүтээлийг дэмжиж, ажиллаж байгаа. 

-Орифлэйм брэндтэй Киви хамтлаг хамтарч ажилладаг байх аа?

-Тийм шүү. Орифлэйм брэнд Киви хамтлагтай хамтарч ажиллаад найман жил болж байна. Би үүнийг ололт, амжилт болов уу гэж боддог. Мөн G Mobile компанийг дурьдах хэрэгтэй. Сонирхуулахад, Шведэд очиж, UKA’s cherry гэх өөрийн уруулын будгийг гаргасан байгаа. 2014 оны нэгдүгээр сард Шведийн Стокгольм хотод очиж, Орифлэйм компанийн уруулын будгийн лабораторид өөрийнхөө уруулын будгийг найруулсан.

Миний уруулын будгийг гаргана гэж мэдээгүй байсан болохоор энэ надад маш том гэнэтийн бэлэг болсон. Улс орон бүрийн салбар салбартаа тэргүүлж яваа уран бүтээлчид тэр лабораторид очиж өөрсдийн гэсэн өнгө будгийг гаргаж, уруулын будгийг хийсэн. Миний хувьд Cherry-ны өнгийг лабораторийн ажилтантай хамтарч найруулсан юм. Гэтэл түүнээс сарын дараа UKA’s cherry уруулын будаг гээд гаргачихсан байсан. Тэр үнэхээр гэнэтийн байсан. 

-Зарим хамтлаг дуучин дуэт дуунуудаараа цомог гаргах тохиолдол бий. Укагийн хувьд бусад уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээлүүдээрээ цомог гаргах бодол байна уу?

-Дуэт дуулах уран бүтээлүүдээ дараагийн цомогтоо оруулах бодол байгаа. 

-Хэвлэлийнхний дунд Укаг “шаргал үст, сэргэлэн, сэкси” гэх зэргээр тодорхойлдог. Харин таны хувьд?

-Миний хувьд ээж ааваас оноож өгсөн “Уламбаяр” гэдэг нэр минь намайг илэрхийлдэг юм болов уу. Энэ нэрэндээ би маш их дуртай. Дандаа би улам баярлаж явах ёстой байх. 

-Саяхан төрсөн өдөр чинь тохиосон. Энэ өдрийг яаж өнгөрүүлэв?
 
 -Төрсөн өдрөө маш гоё тэмдэглэж өнгөрүүлсэн. Бүх цаг үед надтай хамт байсан найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа баяраа тэмдэглэсэн. Тэдэндээ цомгийнхоо шинэ дуунаас зориулаад л. Төрсөн өдрөөрөө аймар хүйтэнд “Зүрхэн тэмдэг” дууныхаа клипний зураг авалтад парк дээр орсон. Хөлдөж үхэхээ алдсан. Дууныхаа клипний зураг авалтад орчихоод орой нь төрсөн өдрөө тэмдэглэсэн дээ. 

-Дараагийн цомгийн ажил төлөвлөгдсөн үү?

-Дараагийнхаа ажилд орчихсон байгаа. Ер нь ингээд завгүй ажиллаад байвал сонирхолтой, урамтай ч юм.

-Шинэ он удахгүй гарах гэж байна. Укагийн хувьд 2015 он ямар жил болж өнгөрөв. Мэдээж амьдралд тань гарсан өөрчлөлтүүд маш их байгаа байх?

-2015 он миний амьдралын хамгийн том үүд хаалга нээгдсэн, хамгийн гайхалтай жилүүдийн нэг байлаа. 2016 он ч гэсэн үүнээс илүү амжилттай сайхан жил байх болов уу. Энэ онд сайхан үр хүүхэдтэй боллоо, “Киви” хамтлаг ч тоглолтоо хийсэн, мөн шинэ цомгоо гаргалаа. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх билээ. 

Зураг