Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган есөн боть номын нээлт боллоо

С.Бадрал, iKon.mn
2015 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг/ mpa.mn

“Монгол судлалын шилдэг өв” цувралыг бий болгох ажлын хүрээнд академич Бямбын Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн хэвлүүлжээ.

Энэ онд их эрдэмтний мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа учир уг цувралын тэргүүн дугаарыг түүний бүтээлийн чуулганаар эхэлж байна. 

Цаашид “Монгол судлалын шилдэг өв” цувралаар дэлхийн Монгол судлалд хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлэх бөгөөд тодорхой шалгуурыг үндэслэж, нийтийн хүртээл болгох юм. Энэхүү цуврал нь Монгол судлалын бүтээлүүдэд чанарын дэвшил гаргах зорилготой бөгөөд жишиг болохуйц нэртэй эрдэмтдийн бүтээлийн чуулган, мэргэжлийн хүрээнд үнэлэгдсэн нэг сэдэвт зохиолыг хамруулна.

Ирэх онд академич Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ нарын эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган нь Б.Ринчений судалгааны ажлыг бүрэн хамруулж, монгол судлалын хамрах хүрээгээр нь зүйлчлэн хэвлүүлж буйгаараа онцлогтой.

Бүтээлийн чуулганыг эмхэтгэн хэвлүүлэх ажлыг академичийн намтар, судалгааны үзэл баримтлалыг судлах, бүтээлийг нь эмхэтгэж хэвлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажилласан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэлбичгийн ухааны доктор Э.Пүрэвжаваар ахлуулсан судлаачдын баг гүйцэтгэжээ. 

Бүтээлийн чуулган нь

  • “Монгол бичгийн хэлний зүй-Удиртгал”,
     
  • “Монгол бичгийн хэлний зүй-Авиан зүй”,
     
  • “Монгол бичгийн хэлний зүй-Хэлбэр судлал”,
     
  • “Монгол бичгийн хэлний зүй-Өгүүлбэрзүй”,
     
  • “Монгол хэл судлал”,
     
  • “Монгол утга соёл судлал”,
     
  • “Монгол аман зохиол судлал”,
     
  • “Монгол утга зохиол судлал”,
     
  • “Монгол ард улсын угсаа судлал, хэлний шинжлэлийн атлас” гэсэн есөн ботиос бүрджээ.