Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний Төв Архивын лавлагаа, мэдээллийн үйлчилгээг ТҮР зогсоохоор болжээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 11 сарын 25
iKon.MN

Үндэсний Төв Архивын лавлагаа, мэдээллийн үйлчилгээг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл түр зогсоох болсон байна.

Үндэсний төв архив ирэх жил Шинэ Цогцолбор руу нүүнэ

Энэ талаар Архивын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилга ашиглалтад орж, Үндэсний Төв Архивыг  /ҮТА/ нүүлгэн шилжүүлэх болсонтой холбогдуулан иргэд, байгууллагад үзүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт болон ҮТА-ын лавлагаа мэдээллийн үйлчилгээг зогсоохоор болжээ.

Харин Нийслэл болон аймгуудын архивын газар хэвийн ажиллах юм байна.

Шинэ цогцолборт орсноор үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оруулахгүй гэдгийг Архивын ерөнхий газрын дарга И.Саруул хурлын үеэр хэлж байлаа.

Одоогийн байдлаар архивын байгууллагын нийт ажилтнууд шинэ цогцолбор барилгад нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангахын тулд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Тэд 16,700 хайрцаг, 37,500 уут архивын баримтуудыг нүүлгэх юм байна. 

Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор Архивын ерөнхий газраас яам, агентлаг, хууль хяналтын. байгууллагууд болон хамтран ажиллагч 60 гаруй байгууллагад архивын үйл ажиллагааг түр зогсоох албан бичиг хүргүүлжээ.

Түүнчлэн нүүлгэн шилжүүлэлттэй холбогдуулан архивын үйлчилгээг түр хугацаанд зогсоож байгааг иргэд олон нийт нааштайгаар хүлээн авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Архивын ерөнхий газрын шинэ цогцолборын барилга  Хан-Уул дүүргийн 10 хороо, Буянт-Ухаа II хорооллын баруун талд баригджээ. Шинэ цогцолбор нь Монгол үндэстний онцлог, уламжлалт соёл, түүхийн өвөө сурталчлах, олон талын Монгол судлалыг хөгжүүлэх олон улсын стандартад нийцсэн, оффис, уншлагын танхим, лаборатори зэрэг өрөөнүүдээс бүрдсэн 16,700 м кв талбайтай аж.

Үндэсний Төв Архивын тухай

Үндэсний архивын сан хөмрөгт 1674 оноос хойших Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичиг, соёлын нандин өв хадгалагдаж байгаа бөгөөд эдгээрийг 3 байранд хадгалж байв.

Архивын ерөнхий газрын байр буюу 1-р байр 1997 онд, Үндэсний төв архив буюу 2-р байр 1957 онд, Кино гэрэл зураг, дуу авианы баримтын архивын байр буюу 3-р байр 1975 онд тус тус ашиглалтад оржээ.