Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЕРӨӨЛ-ийн тухай

МОНСУДАР
2015 оны 11 сарын 13
Монсудар
Зураг зураг

Өнөөгийн монголчууд бид өв соёл, язгуур урлагаа хөгжүүлэн дэлхий дахинд таниулах эрхэм хүндтэй үүрэг хүлээсэн хүмүүс. Тиймээс та бүхэндээ зориулан ардын аман зохиолын онцлог төрөл болох ерөөлийн тухай товчхон бөгөөд чухал мэдээлэл хүргэхийг зорилоо. 

Ерөөл нь ард түмний бүтээл бөгөөд мэргэшсэн ерөөлч тухайн үеийн байдлыг магтан, ирээдүйн сайн сайхныг бэлгэшээн хүсэж аялгуулан хэлдэг аман зохиолын төрөл юм.

Аливаа зан үйл, баяр ёслолын ерөөлийг нутаг орондоо “ерөөлч” гэж үнэлэгдсэн, ерөөл хэлж мэргэшсэн хүн хэлдэг.

Ерөөлч нь уран сэтгэмж, үгийн баялаг, ой тогтоолт сайтай байх ёстой. 

Ерөөлч нь уран сэтгэмж, үгийн баялаг, ой тогтоолт сайтай байх ёстой. Ихэнх ерөөлчид тодорхой сэдвээр тогтоож цээжилсэн бэлэн үгтэй, ерөөлтэй байдаг боловч зарим мэргэшсэн хүн тухайн нөхцөлд тохируулан шууд цэцлэн хэлдэг.

Энэ нь ерөөлчөөс авьяас билиг, хэлэх арга барил, хэлбэр зохиомжийг сайтар эзэмшихийг шаарддаг. Мөн ерөөлийг хэлэх тусгай аялгуу байдаг учир амьсгаа болон мөрийн үг хэллэгээ эхнээс нь дуустал нарийн хуваарилах хэрэгтэй.

Ерөөл хэлэхдээ эхлээд аливаа зүйлийг ерөөх гэж байгаа учир шалтгаанаа хэлээд, дараа нь ерөөж байгаа зүйлээ бодит байдлаар нь магтана. Төгсгөлд нь ирээдүйд сайн сайхныг хүсэн ерөөдөг. Ерөөлийн бүтцийг ерөнхийд нь гурван хэсэгт хуваан үзэж болно.

Үүнд: 
I. Эхлэл хэсэг 
II. Гол хэсэг 
III. Төгсгөл хэсэг орно. 
I. Эхлэл хэсэг: 

Ерөөл нь:

Од гарагийн учралтай 
Олон өлзий бүрдсэн 
Онцын сайхан гэмээж 
Өнөөдрийн энэ өдөр ... (Сүй бэлгийн ерөөл) гэж эхэлж буй нь тухайн жил, сарын сайн өдрийг сонгон хурим найр, зан үйлээ гүйцэтгэж буйгаа хэлж буй хэрэг юм. Мөн эхлэл хэсэгт цугларсан олны хүсэлтээр ерөөл тавьж буйгаа өгүүлж болно. 

... Архи нэртэй ариун чанартай 
Дарс нэртэй догшин чанартай 
Идээнийхээ энэ сайхан дээжийг 
Агар зандан цөгцөндөө 
Амсар дүүрэн бялхуулаад 
Энэ голын эхэнд 
Эгнэн суугаад сөгнөн найрласны 
Анхны лонхыг намайг ерөө гэсэн юм биз ээ ... (Сөнгийн ерөөл) 
“түмэн өлзий”, “олон өлзий” гэдэг нь “өлзий хээ”-ээр дуусашгүй аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлгэдсэн утгатай ажээ. 

II. Гол хэсэг 

Гол хэсэгт тухайн зүйлийн онцлог шинжийг дүрслэн магтана. Гэхдээ энэ нь магтаалаас ялгаатай. Ерөөлд ихэвчлэн цаг хугацааны дарааллаар дүрсэлсэн байдаг. Тухайлбал, 

... Эвий эвий гэж 
Ээж хүү хоёр ярилцаж 
Илж таалж 
Эх нь бойжуулсаар нэг насыг ч хүрнэ дээ 
Инээж торниж 
Их л хөөрхөн болно доо 
Хоёр насыг ч хүрнэ дээ 
Хонгор даахь нь ч ургана 
Алаг хоёр нүдээрээ 
Аав ээжээ таньдаг болно 
Цахиур шүд нь ч ургана 
Цариун хөөрхөн ч болно 
Ус нутгийн улс 
Улам ч хайртай болно 
Гулгаж мөлхөж явсан хүү 
Гурван насыг ч хүрнэ ... (Хүүхдийн ерөөл) гэж хүүхэд мэндлээд өсөж торних явцыг магтан өгүүлжээ. 

III. Төгсгөл хэсэг 

Ерөөлийн төгсгөл хэсэг ирээдүйн сайн сайхныг хүсэж, бэлгэдсэн утгатай байна. 

... Засаг төр минь 
Түмэнтэйгээ амгалан байж 
Заяа тавилан минь 
Санасан бүгдэд хүргэж 
Шим ертөнцийн сайхан бүхнээс амсаж 
Шинэ сарын нэгэнтэйгээ 
Ахин дахин золгож байхын 
Өлзийтэй ерөөлөө 
Өргөн дэвшүүлж барья. (Сар шинийн ерөөл) 
Ерөөл нь ихэнхдээ сэдэвт тохирсон өөр өөр төгсгөлтэй байх боловч нийтлэг төгсгөл бас бий.

Тухайлбал, 

... Өвөлд нь өгнөж 
Зунд нь сөгнөж
Үрсийг эрт гаргаж 
Чагтыг орой мулталж 
Хатирч хүршгүй бэлчээртэй 
Харваж хүршгүй зэлтэй 
Дайраад ирэхэд далай шиг 
Буцаад ирэхэд булаг шиг 
Өвөл зунгүй өгнөж, сөгнөж байхын 
Өлзийтэй ерөөлийг 
Өөд өөд нь өргөн дэвшүүлье. 
Энэ төгсгөл нь энх тунх, элбэг баян амьдрахыг бэлгэдсэн утгатай.

Ерөөл магтаал нь зан үйл, хүмүүжил, танин мэдэхүй, түүх, хэлзүйн зэрэг олон талын ач холбогдолтой. Зарим ерөөлөөс тухайн онцолсон зүйлийн бүтэц, хэлбэр хэмжээ, онцлог зэргийг танин мэдэх ач холбогдолтой.

Тухайлбал, “Гэрийн ерөөл”-д гэрийн бүрдэл хэсгийн нэршлийг тоочих ба тухайн зүйлийг юугаар яаж хийдэг, хэлбэр, хийц, ямар зориулалттайг хэлсэн байх нь бий. 

... Хангайн модыг хасаж хийсэн 
Хашир мужаан харуулдаж хийсэн 
Нимгэн модыг нийлүүлж хийсэн 
Нарийн мужаан зүйж хийсэн 
Маажин будгийг нь тааруулж 
хийсэн 
Маяг хээг нь тохируулж эрээлсэн 
Товхийж хаагддаг 
Сэвхийж нээгддэг 
Салгаж тавьдаг нугастай 
Салхины самбар хаалгатай юм байна ... гэх мэтчилэн гэрийн бүрдэл хэсэг болох хаалга, хана, унь, багана гэх мэт цөмийг магтах ба гэрт байх зуух, галын шилээвэр, тогоо гэх мэт ахуйн хэрэгсэл, гэрийн эзэн болон гэрийн эзэгтэйн хэрэглээний зүйлсийг ч магтсан байдаг.

“МОНСУДАР” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй ардын аман зохиолын цувралын VIII дахь боть “ЕРӨӨЛ МАГТААЛ” номоос бэлтгэв.