• 6 сарын 10, Мягмар
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Асай: Хөхний хавдар эхэн үедээ өвдөлт бага учраас горьдолт гэж андуурдаг

Ж.Нарангэрэл
2015 оны 11 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг

Улс даяар өчигдрөөс хавдартай тэмцэх 14 хоногийн аян эхэлсэн. Энэ удаа “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриатайгаар аянаа өрнүүлэх юм.

Дэлхий дахинд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилдөг гэсэн тоон судалгаа байдаг. Мөн 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж, энэ төрлийн өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна. Манай оронд жилд 5,000 гаруй хорт хавдар бүртгэгдэж байгаагийн 75 хувь нь хожуу буюу өвчний 3, 4 дүгээр шатандаа оношлогддог гэнэ. 

Хавдар судлалын үндэний төвийн сүүлийн гурван жилийн тайлангаас харахад умайн хүзүүний эрт илрүүлгийн хамрагдалтын хувь буурсан иржээ. Тодруулбал 2012 онд 41хувь /75,046/, 2013 онд 43 /65,810/, 2014 онд 32 хувь /71,636/-тай болж энэ оны эхний хагас жилийн байдлаар эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт дунджаар 21.4 хувьтай /37,976/ болж буурчээ.Тиймээс энэ удаагийн аяны хүрээнд хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа аж. Бид энэ удаа АУ-ы доктор, профессор, Хүний гавьяат эмч Р.Асайтай ярилцлаа. 

-Хөхний хаврын хувьд манай улсад зургаадугаарт бичигддэг болчихож. Өмнө нь харьцангуй бага байсан байх? 

-Хөхний өмөн сүүлийн 10-15 жилийн өмнөөс Анагаах ухааны асуудал болж гарч ирсэн. Түүнээс өмнө бол Монгол эмэгтэйчүүд одоогийнх шиг олноороо хөхний өмөнтэй байгаагүй гэсэн үг.

Аливаа нийгэмд тухайн улс хөгжих тусам хавдрын тоо нэмэгдэж, халдварт өвчнийх буурдаг. Хүн ам нь хөгжих тусам соёлжиж, ахуй нь сайжирч байгаа учраас шүү дээ. Манай улсын хувьд ч ялгаагүй. Жишээлээд харахад Халдварт өвчин судлалын үндэсний төв манай эмнэлэг хоёр 1980-аад онд баригдсан шүү дээ. Тэгэхэд халдварт өвчин их байсан учраас бараг хороолол шиг, харин манайх бага байртай байгаа биз дээ. 

Зөв хооллолт ч хөхний хавдарт нөлөөлнө. 

Хөхний хавдар сүүлийн үед нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай. Ахуйн байдал буюу хоол хүнс, өмсөж буй хувцас хэрэглэл зэрэг нь нөлөөлнө. Уг нь хөх хүний нүдэнд ил харагддаг учраас өвчний илрүүлэлт нь эрт баймаар санагддаг байх. Эмэгтэйчүүд өөрсдөө ч хөхөө үзэж, шалгах боломжтой гэж үздэг. Харамсалтай нь үүнийг иргэд тэр бүр тоодоггүй. Түүнчлэн манай улсын хувьд алс, бөглүү хязгаарт амьдрал буцалж байдаг учраас энэ талын мэдлэг, мэдээлэл тааруухан байдаг байх. 

-Гэхдээ хавдар үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл нь мөн л нийгмээ дагаад олширч байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Хөхний хавдрын хэд, хэдэн эрсдэлт хүчин зүйл гэж бий. Жирэмслэхгүй байх, үр хөндүүлэх, оройтож төрөх, хүүхдээ хөхөөр хооллохгүй байх зэрэг нь хавдар үүсэх нөхцөлийг үүсгэж байдаг. Гэхдээ эмэгтэйчүүд эдгээрээс үүдэж өвдөнө гэж шууд ойлгож болохгүй. Дээр хэлсэн нь сөрөг үр дагавартай эрсдлийг бий болгодог гэсэн үг шүү. Мэдээж муу зуршлууд ч хамаарна. Архи, тамхи зэрэг нь шууд бус ч ямарваа нэгэн байдлаар нөлөө үзүүлдэг. 

Зөв хооллолт ч хөхний хавдарт нөлөөлнө. Учир нь таргалсан хүний өөхнөөс хөхний хавдар үүсгэгч гормон ялгардаг. Тэгэхээр үүнийг бас анхаарах л ёстой. Харин удамшлын буюу генээр дамжсан тохиолдолд хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Харамсалтай ч эрт илрүүлгийн үед хөхийг нь авахаас аргагүй болдог. Ингэж байж тэр хүнийг аврах боломж бүрдэнэ. 

АНУ-д гэхэд 100 мянган хүний 80-100 нь энэ төрлийн өвчлөлөөр өвдсөн байхад манай улсад 100-д 6-8 байх жишээтэй. Гэхдээ энэ нь бага гэхээсээ илүү бид тэр хөгжил рүү явж байгаа учраас тоо нь ч мөдхөн хаалга тогшино гэж ойлгох хэрэгтэй.

Барууны улсуудад эрт илрүүлэлт, аливаа оношилгоо, эмчилгээний аппарат, тоног, төхөөрөмж нь бий. Гэсэн ч хөхний хавдрын тоо буурахгүй байгаа. Энэ нь зөвхөн эмэгтэй танаас болж байна шүү гэдгийг илэрхийлж буй хэрэг. 

-Энэ төрлийн хавдар залуужих хандлага их байна гэдэг?

-Сүүлийн үед хавдар залуужиж байгаа. Нийгмийн хөгжлөө дагаад зарим охины сарын юм эрт ирж, цаашлаад цэвэршилтийн үйл явц ч оройтох болсон. Энэ хугацаанд гормон хөхөнд идэвхтэй, удаан хугацаагаар нөлөөлж байдаг учраас хавдар үүсэх хүчин зүйл болж байгаа юм.

Уг нь АНУ-ын стандартаар 50-иас дээш насны хүмүүс жилд нэг удаа хөхний маммографи хийлгэх зөвлөмж байсан. Гэтэл дараа нь 10 жилээр урагшлуулж, 40 нас болгосон. Харин удамшлаар өвчлөх магадлалтай хүмүүс бол 20, 30 насандаа маммографи, урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх гэдэг журам баримтлах хэрэгтэй. Эцэг, эхийн аль нэг талд нь хөхний хавдраар өвчилж байсан хүн байгаа л охин хүүхдээ эртхэн үзүүлж, хяналтад байлгах шаардлагатай. 

-Тэгэхээр эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь ихээхэн шалтгаалах нь гэдгийг л ухамсарлах нь ээ? 

-Бүх л хавдар дөрвөн үе шаттай. Бид хавдрын аян гээд зохион байгуулаад байгаа нь ердөө л эрт илрүүлэх шүү дээ. Жижиг байхад нь буюу эрт илрүүлээд төгс эмчлэх нь хавдрын эмч нарын зорилго.

Гэхдээ л статистик мэдээгээр хавдрын 70-75 хувь нь дөрөвдүгээр үедээ орчихсон байхдаа мэдэгдэж байна гэдэг нь маш харамсалтай тоо.

Жижиг байхад нь буюу эрт илрүүлээд төгс эмчлэх нь хавдрын эмч нарын зорилго. 

Тиймээс эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүд өөрөө өөртөө анхаарал, тавьж, манайхаас гаргасан зөвлөмжийн дагуу сардаа ганц удаа шалгаад үзчих хэрэгтэй.

Мэдээж бид хавдрыг зөвхөн энэ төрлийн мэргэшсэн эмч нар бус хот болон орон нутгийн бүхий л эмч нар хавдрын болгоомжлолтой байхыг сануулан, анхааруулж байгаа. 

Өөрөөр хэлбэл хэн нэгэн өвчтөн нь хоолой нь өвдөх зэргээр өөрт нь хандвал, давхар ямар нэгэн хавдар бий эсэхийг шалгаж, судлах л хэрэгтэй гэж эмч нар ярьдаг. Яагаад гэвэл орон нутагт эмэгтэйчүүдийн эмч л гэхэд зөвхөн тэр чиглэлийнхээ дагуу сав, умайн хүзүүг үзээд, хөхийг орхигдуулчихна. Мэс заслын эмч ч гэсэн өөртөө хамааралтайг нь үзээд хөхийг орхино. Тухайн эмэгтэй өөрөө өвчлөл, зовиурынхаа талаар хэлэхгүй л бол үлдчихээд байна гэсэн үг. Тиймээс хөдөөд хорт хавдрын эрт илрүүлэлт буураад байгаа байх. 

-Манайхны дунд хөхүүл үедээ горьдчихсон гэдгээс үүдэн хавдрын үе шатаа хүндрүүлчихдэг тохолдол бий. Тан дээр ирэхдээ хэр байна? 

-Тийм ээ. Эмэгтэйчүүд маань сүсэг, бишрэлд илүү итгэл үнэмшилтэй ханддаг. Жишээлбэл, жаахан гөвдрүү бий болчиход л янз бүрийн арьс, үс наачихсан, зураг зуруулчихсан байх жишээтэй.

Түүнийгээ горьдолтоос болсон гэж бодоод, гайгүй болчих байх гэж санаад гэх зэргээр тайлбарладаг. Эхний үед өвдөлт бага, хөндүүр оргих зэргээр л мэдрэгддэг учраас эмэгтэйчүүд горьдчихлоо гээд яваад байдаг байх нь. Тэгж явсаар 3-4 дүгээр үедээ орчихоод, эмнэлэгт ханддаг. 

-Монгол эмэгтэйчүүд хөхөө эрчүүдэд тэр бүр харуулахгүй юмсан гэдэг ч хувцасны гаднаас харагдах байдалд нь их анхаардаг. Хэлбэр, хэмжээ зэргээр санааширдаг. Тэгэхээр сайхнаас илүү эрүүл байх эсэхэд нь санаа тавих хэрэгтэй байх нь ээ?

-Би зарим эмэгтэйд “Бурхан танд заяасан хөх л бол том, жижиг гэж голох хэрэггүй. Хэдий жижиг хөхтэй ч олон хүүхэд төрүүлээд, хөхүүлээд, өсгөчихсөн яваа эмэгтэй олон. Хүний хамгийн гол юм бол эрүүл мэнд шүү” гэж хэлдэг.

Зарим эмэгтэй залуудаа хиймэл хөх хийлгэх, селикон шахуулах зэргээр гоо сайхандаа анхаардаг. Энэ нь зарим Тохиолдолд нас нь ахиад ирэхдээ эргээд өөрт нь өвчлөл үүсгэх үе бий. Жишээлбэл төрсний нь дараа хүмүүсийн ярьдгаар горьдолт буюу буглаа үүсэх зэргээр нөлөөлдөг. Тиймээс өөрийнхөө хөхийг байгалиас заяасан хэвээр нь байлгах нь чухал. Залуу бүсгүйчүүд тэр бүр мэддэггүй юм. 

-Горьдолт нь идээт буглаа юм бол анагаах ухаан талаасаа хэрхэн тайлбарладаг юм бэ?

-Мэдрэлтэй холбоотойгоор тайлбарладаг. Заавал хөхүүл хүн ч биш, охид ч горьддог. Хөх өөрөө маш мэдрэмтгий эрхтэн. Тиймээс мэдрэлд горьдох, цочих зэрэг нөлөөлөл бий болоход хөхөнд мэдээлэл нь очдог гэсэн үг. Түүнчлэн бамбай булчирхай, өнчин тархины өөрчлөлттэй, бөөр нь өвддөг хүмүүсийн хөх нь байнга шахам өвддөг.

Мөн гэр бүлийн нөлөөлөл, стресс, ажлын ачаалал зэрэгтэй холбоотойгоор ч өвдөнө. Энэ нь хөх бол маш мэдрэмтгий юм шүү гэдгийг харуулаад байгаа хэрэг. Ер нь хөхөн дээр байгаа жижиг бөөрөнхийнүүдийн 20-30 хувь л хавдрын магадлал болохоос бусад нь энгийн асуудал. Тиймээс ямар нэгэн байдлаар урьдчилан сэргийлэх л шаардлагатай. 

-Хөхний хавдрыг хар өнгөтэй хувцаснаас үүддэг гэж тайлбарлах нь ч бий. Нарны хэт ягаан туяа хар хувцсаар илүү дамждаг гэж үздэг гэх юм билээ?

-Шинжлэх ухаанд хар хувцаснаас гэж баталсан юм бол байхгүй. Харин хөхөвчнийхөө хэмжээг тааруулах шаардлагатай. Мэдээж түүнийг хийсэн материал чухал шүү дээ. Биед эвтэйхэн харшил өгөхөөргүй, химийн янз бүрийн будаг, бодисгүй гэх зэргээр анхаарах нь чухал. 

-Бас шөнө харанхуйд унтах нь сайн нөлөөтэй гээд байдаг юм билээ?

-Шөнийн ээлжинд ажилладаг эмэгтэйчүүд хөхний хавдартай болох эрсдэл өндөр байдаг. Хүн шөнө гудамж болон сарны ч гэрэлгүйгээр харанхуйд унтах хэрэгтэй гэдэг. Тас харанхуйд хүнээс тусгай бодис ялгардаг. Энэ бодис нь хөхний хавдраас сэргийлдэг. Тэгэхээр шөнийн ээлжинд ажиллаж байгаа хүн гэрэлтэй нөхцөлд байгаа учраас нөгөө хамгаалалт болох учиртай бодис нь ялгарахгүй. 

-Сүүлийн үед гар утас зэрэг техникийн дэвшлээс болоод шөнөдөө түүнийгээ унтраахгүй бага зэргийн гэрэлтэй орчинд унтчихдаг шүү дээ. Хөхний хавдрын эхлэлийг тавиад байна гэсэн үг байх нь ээ?

-Шууд судалгаагаар батлагдаагүй ч энэ төрлийн зүйлсээс өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж л байх хэрэгтэй. Хамгийн гол нь хүн өөрийгөө хамгаалж, чийрэгжүүлж байх нь л чухал. 

-Хавдрын хүнд үедээ танд хандаж буй хүмүүс ихэвчлэн ямар шалтаг хэлэх вэ?

-Яах вэ, нөгөө л горьдчихсон гэж бодлоо гээд л хөхөн дээрээ зураг зуруулчихсан ороод ирнэ. Элдэв янзын тос түрхэчихсэн байна. Янз бүр дээ. 

-Уучлаарай, нэгэнт хүндэрчихсэн үедээ ирсэн тохиолдолд?

-Манайх 3-4 дүгээр үед эмчилгээ бол хийнэ. Гэхдээ үр дүн муу. Ядаж л мэс засал хийх үе нь өнгөрчихсөн байна. Туяа, химийн эмчилгээнд оруулна. Нэгэнт яс болон бусад эрхтэнд тархчихсан байдаг болохоор тухайн хүний тавилан муугаар л төгсөнө. Хавдрын аяны гол зорилго л эрт илрүүлж, өнгөрсөн жил 10 өвчилснийг оношилсон бол дараа жил нь найм, түүний хойтон зургаа болгож, бууруулан, хүндрэлгүйгээр аврах юм шүү дээ. 

-Бүх эмч хавдрын болгоомжлолтой байх ёстой гэсэн. Энэ төрлийн сургалт, арга зүй ер нь хэр байгаа вэ?

-Багийн эмч нарыг байтугай бидэнтэй хамтардаг ХААН банкныханыг хүртэл сургалтад хамруулж байгаа нь маш сайшаалтай арга хэмжээ. Банкны ажилтан сайн дурын ажилтан болж байна шүү дээ. Энэ тал дээр улсын хэмжээнд анхаарал хандуулж байгаа. Хавдар судлалын үндэсний төв гэдэг утгаараа бүхий л түвшинд сургалт явуулж, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. 

Манай улсад хөхний хавдар бусад хавдартай харьцуулахад тохиолдлоороо зургаадугаарт орж байгаа гэдэг. Бид бол гараараа тэмтрэх, эход харах зэргээр оношилж байгаа. Мэргэжилтнүүдийн хэлдэг скрийнинг гэж программ гэж байдаг. 

Маш нарийвчлалтайгаар шинжилдэг гэсэн үг. Одоогоор манайд нэвтрээгүй. Мэдээж асар үнэтэй учраас шүү дээ. Бид урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, тэнд цугласан хүмүүсийн дундаас эрт илрүүлж байгаа. Хэрвээ скрийнингтэй болчихвол олныг хамрах буюу 40-өөс дээш насны бүх эмэгтэйчүүдийг хамруулах боломжтой болно гэсэн үг. Энэ бол маш их хэмжээний хөрөнгө шаардахаас гадна бүтэн баг эмч, техник хэрэгсэлээ аваад очиж ажиллах шаардлагатай. Ингэсэн тохиолдолд бид эрүүл хүмүүсийн дундаас шинжилгээ хийгээд эрт илрүүлэх боломж бүрдэнэ. 

Гарт тэмтрэгдэхгүй далд байгаа голомтыг илрүүлэх юм л даа. Хавдрын сүүдэр ч харагдахгүй байсан ч жижиг шохойжилт үүсчихсэн байдаг нь тэрхүү аппаратад харагддаг. Тэрүүгээр баримжаалах юм. Энэ бол ирээдүйд хийгдэх байх. 

-Таны хувьд олон нийтэд хандаж эртхэн үзүүлж байгаарай гэж хэлэх байх гэж бодож байна?

-Энэ талын мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр цацагдахаар бүсгүйчүүд гэнэт сэрсэн мэт “би хавдартай юм шиг байна” гэх зэргээр ирдэг. Мэдээж ирэх нь зөв алхам. Гэхдээ энэ сэдэв бол байнга яригдаж, тухайн хүн л анх удаа сонссон, мэдсэн байх магадлалтай учраас цочирдож, айж хүлээж авах шаардлагагүй. 

Манай улсад бол учиргүй газар авчихсан хавдар биш шүү дээ. Заавал манай эмнэлэгт гэхгүй өөрийн тойргийнхоо хавдрын эмчид хандах нь зүйтэй гэж хэлэх байна.

Зураг