Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд нийт 312.4 сая ам.доллар шаардлагатай

А.Золжаргал, iKon.mn
2015 оны 11 сарын 3
iKon.MN

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих техник-эдийн засгийн үндэслэлийн /ТЭЗҮ/эхний хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн талаар танилцуулсан юм. 

 

Хотын хүн амын тоо эрс нэмэгдсэн, хотод шинэ үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн, үйлдвэрүүдийн бохир усанд тавих хяналт муу байгаа зэрэг асуудлуудаас болж ашиглалтын хугацаа хэтэрсэн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүй болсон. Үүний улмаас Улаанбаатар хот даяар эвгүй үнэр тархаж цэвэрлэх байгууламжийг тойрсон асуудал чухал байгаа билээ. Туул голд хамгийн их бохирдол учруулж байгаа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд шинэчлэл хийх цаг нэгэнт ирсэнийг хүн бүр дор бүрнээ ярьцгааж байгаа. 

Тэгвэл 2020 оныг хүртэл хэрэгжих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн төсөл тун удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. Инженерийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Европтоо тэргүүлэгч Францын Артила компани нь нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ТЭЗҮ-ийг боловсруулж, түүнд НЗДТГ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар , УСУГ, Байгаль Орчин Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын яам, Сангийн Яам, Аж Үйлдвэрийн Яам зэрэг холбогдох төрийн байгууллагууд саналаа оруулжээ. 
 

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх энэхүү төслийн гол зорилго нь:

 

  • Туул голын бохирдлыг бууруулах
  • Үйлдвэрийн болон ахуйн бохирыг зэрэг хүлээн авч цэвэрлэх боломжтой, 250,000 метр квадрат талбай бүхий  өндөр хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламж барих
  • Өнөөгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах
  • Байгаль орчны бохирдол, орчин тойрны оршин суугчдад үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах 


Өнөөдөр ажиллаж байгаа Төв цэвэрлэх байгууламжийн хувьд барилга байгууламж нь муудсан, цэвэрлэгээний түвшин хангалтгүй, асуудал дагуулсан лаг боловсруулж байгаа гэдгээрээ аль хэдийнээ ашиглалтын шаардлага хангахаа больсон. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн эхний үе шат шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтанд орох хүртэл өнөөгийн ЦБ-ын цэвэрлэгээний түвшинг сайжруулах богино хэмжээний төлөвлөлтөөс эхлэх юм байна. 

Үүний дараагаар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн бохирт тавих хяналтыг сайжруулах ажил хэрэгжих бөгөөд 2020 он гэхэд Улаанбаатар хот шинэ цэвэрлэх байгууламжтай болохоор төлөвлөгдөөд байгаа юм. 

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн төсөлд нийт 312.4 сая ам.доллар шаардагдах ба хөрөнгө оруулалтын асуудал хэлэлцэх түвшиндээ явж байгаа аж.