Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Зүрхний мэс заслыг арван хүнд үнэ төлбөргүй хийжээ

ikon.mn
2015 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын багийн эмч нар өнгөрсөн аравдугаар сард Люксенбургийн Их Гүнт Улсын Зүрхний Төвийн Интервеншнл Кардиологийн Институтийн (INCCI) зүрхний мэс заслын багтай хамтран дотоодод хийх боломжгүй хүнд хэлбэрийн өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг арван хүнд үнэ төлбөргүй хийж өгчээ.

Тус эмнэлэг дээр Люксенбургийн Их Гүнт Улсаас хэрэгжүүлж буй МОН/005 төслийн хүрээнд тус эмнэлгийн “Зүрхний мэс заслын баг”-ийн ур чадварыг сайжруулах, ойрын 2-3 жилийн дотор Зүрхний мэс заслын тасгийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг сайжруулж, ингэснээр тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасаг “өдөрт 1, жилд 250” мэс заслыг тасралтгүй явуулах үр дүнд хүрэх зорилт тавиад ажиллаж байгаа билээ.

Ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд Люксенбургийн Интервеншнл Кардиологийн Институтийн зүрхний мэс заслын багаас нийт 8 удаагийн мэс засал сургалтыг тус эмнэлэг дээр зохион байгуулахаар төлөвлөснөөс өнгөрсөн хугацаанд 5 удаагийн сургалт нь амжилттай зохион байгуулагдаж, хойшид 2016 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үлдсэн 3 удаагийн мэс засал сургалтыг хийхээр төлөвлөөд байгаа.

Энэ удаагийн мэс засал сургалтаар мэс засал эмчилгээ шаардлагатай нийт 38 өвчтөнд үзлэг зөвлөгөө өгч, митрал хавхлагын мэс засал 5 хүнд, аортын хавхлага болон өгсөх хэсгийн аневризмын мэс засал 2 хүнд, титэм судасны мэс засал 3 хүнд, нийтдээ 10 хүнд үнэ төлбөргүй мэс засал хийж амжилттай хамтран ажиллалаа.

МОН/005 төсөл энэ үйл ажиллагааны хүрээнд зүрхний мэс заслын нэг удаагийн болон суулгац материалд дотоодын компаниудаас нийт 490 еврогийн худалдан авалт хийсэн ба Люксенбургийн Интервеншнл Кардиологийн Институтийн зүрхний мэс заслын багийн зүгээс 4,800 еврогийн өртөг бүхий мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн эм тариа, зарим суулгац материал, хиймэл судас болон нэг удаагийн хэрэгслүүд авч ирж мэс засалд ашиглажээ.

Мэс заслын үед ноцтой хүндрэл болон бусад холбогдох асуудлууд гараагүй ба хагалгааны дараах өвчтөнүүдийн биеийн байдал сайн, тогтвортой, ердийн тасаг руу шилжээд байна.

Эх сурвалж: ЭМСЯ