Цахим хөгжлийн эринг дагаад нуруу нугасны өвчнөөр ялангуяа суугаа ажилтай хүмүүс өвчлөх нь их болоод байгаа. Сүүлийн үед офиссын ажилтнуудаас эхлээд оюутан залуучууд ч нурууны шохойжилт, далийлт, нурууны завсар мах хавчуулагдах зэрэг өвчнөөр шаналах нь эрс нэмэгдэж байгааг мэргэжлийн эмч нар тайлбарласаар байгаа.
40-өөс дээш настайчууд болон идэр залуусыг хамарч байгаа энэ өвчний шинжилгээ эмчилгээнд шинэ технологи нэвтрүүлээд байгаа БНСУ-ын “21- зуун” эмнэлгийн ерөнхий эмч, нуруу нугасны мэргэшсэн эмч, Анагаах ухааны доктор Кан Вон Күг манай оронд түр ирээд байхад нь уулзаж ярилцах завшаан тохиосон юм. Ингээд сүүлийн үед Монголчуудыг төдийгүй Солонгосчуудын ч сэтгэлийг зовоох болсон нуруу нугасны өвчний талаар мэргэшсэн доктор юу ярьсныг хүргэж байна.
-Сүүлийн үед нуруу нугасны өвчин 40-өөс дээш насныхан төдийгүй идэр залуусыг ч хамрах болоод байна. Энэ өвчин хэрхэн үүсдэг, ерөнхий шинж байдлын талаар тайлбарлаж өгөөч?
-Монголд ирээд удаагүй байгаа болохоор танай иргэдийн нуруу нугасны өвчлөлийн үндсэн хүчин зүйл, тархалтын талаар сайн мэдэгдэхүүнгүй байна. Харин манай Солонгосчуудын 10 хувь нь амьдралдаа ямар нэг хэмжээгээр нуруу нь өвдөж үзсэн гэдэг судалгаа байдаг юм. Үндсэндээ нурууны яс хоорондын холбоосууд байх ёстой хэлбэр хэв маягаасаа гажиж гадагшаа хэлбийж, мэдрэлийн гол судсыг дарчихдаг. Энэ нь тухайн хүнд маш их зовиур өгөх бөгөөд улмаар нэн хурдацтайгаар тухайн хүн хөдөлмөрийн чадвараа алдахад хүрдэг.
Нуруу нугас, үе мөчний өвнөөс урьдчилан сэргийлэх нь одоо зөвхөн настай хүний тухай ойлголт байхаа больсон. Энэ өвчин орчин цагийн цахим хөгжлийг дагаад маш их залуужиж байна. Настай хүмүүст илэрдэг нурууны өвчин нь амьдралынх нь явцад үүсдэг тул өвчлөл дөнгөж эхэлж байхад нь оношлох нь амаргүй байдаг.
Ер нь бол нуруу нугасны гажиг нарийсал нь хөгшрөлтөөс үүдэн эргэн тойрондох холбоосоороо мэдрэлд нөлөөлж эхэлдэг талаар дээр дурдсан. Энэ явц нь цаашлаад хүний тэнцвэрийн гол тулгуур болсон хөлөнд, өвдөгний үенд нөлөөлж эхэлдэг.
Харамсалтай нь ийм төрлийн өвчин настайчууд гэхгүй цахим мэдээлийн эрин үед улам залуужиж байгааг харуулсан судалгаа гарсаар байна.
БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас явуулсан нэг судалгаагаар нурууны өвчнөөс болж эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 15 хувь нь 10-30 насны залуучууд байна гэж гарсан. Энэ бол анхаарах ёстой ноцтой асуудал. Мэдээж мэдээллийн эрин үеийн хөгжлийг дагаад Монгол Улсад ч энэ өвчин залуужиж байгаа нь ойлгомжтой.
-Нуруу нугасны өвчлөлийн 15 хувийг 18-30 насныхан эзэлж байна гэхээр үнэхээр энэ өвчин залуужиж байгаа юм байна. Гол шалтгаан нь юу юм бол?
-Сүүлийн үед хүмүүс удаан хугацаагаар ухаалаг гар утас хэрэглэх, мөн интернет кафед олон цагаар суух, нотебоокийг өдөр тутам байнга хэрэглэх болсон. Энэ үедээ удаан хугацаагаар доошоо харж, нуруу хүзүүндээ ачаалал өгдөг болсноос нуруу нугасны өвчнөөр өвчлөх нь ихэссэн гэж дүгнэж болно. Мөн манай орны иргэдийн хувьд барууны хоол хүнсийг ихээр хэрэглэснээс таргалалт нэмэгдсэнээр нуруу, үе мөчний өвчлөлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
Хүн хэтэрхий таргалснаар гэдэс нь урагшаа, нуруу нь хойшоо хотойдог. Энэ нь нуруунд шууд өгөх ачааллыг огцом нэмэгдүүлдэг. Үүн дээр эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гутал их өмсч байгаа нь нурууны дискний өвчлөлийг бий болгоход яах аргагүй нөлөөлж байгаа юм.
-Нуруу, нугас өвдсөн тохиолдолд зөв оношлох нь чухал асуудал гэдэг нь тодорхой. Оношилгооны ямар хэлбэрүүд байдаг вэ?
-Манай эмнэлэгт өвчтөн ирэх үед хамгийн түрүүнд тухайн хүний биеийн байдал хэр байгаад үзлэг хийж, хэрэгтэй гэж үзвэл “X ray” зураг авдаг. Энэ нь тухайн ясны нөхцөл байдал, хэлбэрийг мэдэх диск мөн эсэхийг батлах мэдээллийг олж авах хамгийн энгийн гэж болох ерөнхий шинжилгээ юм.
“X ray” шинжилгээгээр дисктэй холбоотой өвчин болох нь тодорхой болж нурууны үе их гэмтсэн тохиолдолд “CT” ба “MRI” зэргийн нарийн шинжилгээг хийдэг. “CT”-ээр ясны тухай илүү дэлгэрэнгүй нарийн мэдээллийг авч болдог. Нурууны диск байгаа нөхцөлд “MRI” шинжилгээ нь маш нарийн гаргаж ирдэг.
Товчхондоо нурууны ясны холбоос эдүүдийн хооронд байдаг зөөлөн эдүүдийн байдал ямар байгааг маш нарийн мэдэх боломжтой шинжилгээ юм. Энэ нь мэдрэлийн эдийг ч маш сайн тодорхойлж чаддаг тул мэдрэлийг яг хаана нь дарж, хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж чаддаг. Эдгээр нарийн шинжилгээнүүдийн дараа хагалгаа хийх эсэхийг шийддэг.
-“МRI”-ны шинжилгээгээр нурууны диск хазайсан нь батлагдлаа гэвэл заавал хагалгаанд орох ёстой юу?
-Энд хэлэхэд хүмүүс нурууны өвчинг бие даасан өвчин болсон тохиолдолд зайлшгүй хагалгаа хийлгэнэ гэж бодож явдаг. Мөн нурууны хагалгаанаас хүмүүс ихээхэн эмээж, тусгайд нь онцгой хүнд хагалгаа гэж үздэг. Мэдээж мэдрэлийн судастай холбоотой болохоор хүндхэн хагалгаа гэдэг нь үнэн л дээ.
Энэ нь тухайн шинжилгээний хариунаас хамаарна. Үнэндээ бол нурууны дисктэй холбоотой өвчтөнүүдийн 10 хувь нь л хагалгаанд орох хэмжээнд хүрсэн байдаг. Бид гол нь хагалгааны бус эмчилгээгээр өвчтөнүүдээ эмчлэхийг эрмэлзэж байгаа.
Үүнд өвдөлтийг арилгах, эмийн эмчилгээ дасгал хөдөлгөөн, физик эмчилгээ мөн тарианы эмчилгээг хэлж болно. Яг нурууны дисктэй холбоотой гэдэг нь шинжилгээгээр гарсан нөхцөлд нурууны мэдрэлийн тариа буюу үе хооронд үүссэн үрэвслийг дарах тариаг тарьдаг. Энэ бүхний дараа зохих үр дүн өгөхгүй бол хагалгааны эмчилгээг сонгодог.
-Нуруу нь өвддөг болсон хүмүүс өдөр тутам юуг голлон анхаарвал зохих вэ. Амьдарлын зарим хэвшлээ өөрчлөх хэрэгтэй юу?
-Нурууны диск гэсэн хариуг авсан тохиолдолд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол амралт байгаа. Амралт болон нуруугаа нэмж гэмтээхгүй байх нөхцөлийг хангах нь хамгийн чухал. Эмчийн зөвлөгөөн доор дасгал хөдөлгөөнийг хийхээс эхэлнэ.
-Та өөрийнхөө “21 зуун” эмнэлгийн шугамаар Монгол Улсад ирсэн үү?
-Арай үгүй. Танай оронд нэг салбар нь үйл ажиллагаагаа явуулдаг “BTMedi” байгууллагын төлөөлөгчийн газраас урьсаны дагуу Монголд нуруу нугас үе мөчний өвчтэй хүмүүст үзлэг хийх зорилготой ирсэн. Маргааш буюу 31-нээс арваннэгдүгээр сарын 01-ний хооронд үзлэгээ хийхээр төлөвлөсөн байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-БНСУ-ын “21 зуун” эмнэлгийн ерөнхий эмч, нуруу нугасны мэргэшсэн эмч, Анагаах ухааны доктор Кан Вон Күгийн үзлэгийн талаарх мэдээллийг Солонгосын эмнэлгүүдийн төлөөлөгчийн газар хандах буюу, 70009395 утсаар лавлаж болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!