Энэтхэгийн Засгийн газар энэтхэг эмэгтэйчүүдийг гадаадын иргэд “тээгч эх” болгон хөлслөх явдлыг таслан зогсоох байр суурийг баримталж буйгаа илэрхийлж, олон улсын хэвлэлийн мэдээллийн агентлагуудын анхаарлыг татлаа. Ингэснээр тус улсын өдрөөс өдөрт эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй “Тээгч эх”-ийн бизнест томоохон цохилт болох төлөвтэй байна.
Энэтхэгт сүүлийн жилүүдэд хямд үнэ өртөгөөр хууль ёсны дагуу тээгч эх хөлслөх сонирхол бүхий хүүхэдгүй гадаад улс орны хосуудын тоо нэмэгдэх хандлагатай болж иржээ. Улмаар эл явдлыг таслан зогсоох байр суурийг Засгийн газар баримтлах болсон байна.
Тус улсын хувьд эрүүл мэндийн салбарын нэг төрлийн бизнес болтлоо өргөжөөд буй “тээгч эхийн үйлчилгээ” Энэтхэгт есөн тэрбум рупигийн өртөгтэй байдаг бөгөөд жилийн хугацаанд төлбөр нь 20 хувиар нэмэгджээ.
Мөн нөгөө талаар энэ бизнест зориулсан тусгай хууль эрхзүйн зохицуулалт байхгүй тул тээгч эх болж буй ядуу амьдралтай эмэгтэйчүүд “саваа түрээслүүлэх” байдлаар мөнгө олж байна гэх шүүмжлэл ч гардаг аж.
Гэхдээ Энэтхэг улсын хүүхэдгүй гэр бүлийн хувьд тээгч эх хөлслөх явдал нээлттэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байжээ. Улсын хууль дүрмийн дагуу тээгч эх нь хүүхдээ төрмөгц эцэг эхэд нь өгөх ёстой бөгөөд ямар нэгэн гомдол гаргах ёсгүй аж.
Дэлхийн бусад орнуудад тээгч эх гэж байдаг ч Энэтхэгт өртөг нь хоёр дахин бага байдаг юм байна. Тиймээс эл мэдээлэлтэй уялдуулан дэлхийн орнуудад “тээгч эх” гэх ойлголтыг хэрхэн хүлээн авдаг талаар сонирхуулья.
Энэтхэгийг тээгч эхийн эх орон гэж нэрлэх нь бий. Учир нь тээгч эхийн өртөг Энэтхэгт хамгийн хямд байхын зэрэгцээ шалгуур нь ч боломжийн тул энэ төрлийн бизнес хамгийн их цэцэглэсэн орон аж. Энэтхэгийн эмнэлгүүд тээгч эхчүүдэд илүү сайн анхаарал тавихын зэрэгцээ үнэ өртгийн хувьд ч хямдхан байдаг.
Энэтхэгийн эмнэлгүүд тээгч эхчүүдэд илүү сайн анхаарал тавихын зэрэгцээ үнэ өртгийн хувьд ч хямдхан байдаг.
Гэхдээ тээгч эх болох гэж буй энэтхэг эмэгтэйчүүдэд тавигдах шаардлага нь нь өндөр аж. Эмнэлгүүдийн үнэ өртгийн хувьд тухайн эмнэлэгтээ хүүхдийг төрүүлэх, тээгч эхийн байрлах зардал, үр тогтоох зэрэг төлбөрүүдийг оруулаад нийтдээ 10-28 мянган ам.долларын өртөгтэй байдаг юм байна.
Мөн онгоцны тасалбар, эрүүл мэндийн үйлчилгээ, зочид буудлын төлбөрүүдийг оруулах юм бол Их Британид тээгч эх хөлслөх нийт зардлын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хямд байдаг аж.
Тээгч эхийн үнэ бага, хууль тогтоомж нь уян хатан байдаг гэнэ. 2008 онд Энэтхэгийн дээд шүүх тус улсад тээгч эх хөлслөхийг зөвшөөрчээ. Гэвч энэтхэгийн ядуу зүдүү амьдралтай эмэгтэйчүүдийг “Тээгч эх” болгох сонирхолтой гадаад улс орны хүмүүс ихээхэн нэмэгдэх болсоноор 2014 онд ижил хүйстэн гэр бүл болон ганц бие хүмүүст “тээгч эх” хөлслөх явдлыг хориглох шийдвэрийг гаргасан байна.
Тээгч эх хөлслөх явдал Украинд хууль ёсоор зөвшөөрөгдсөн байдаг аж. Гэхдээ өмнө нь хүүхэд төрүүлсэн эрүүл саруул эмэгтэй л тээгч эх болох боломжтой байдаг юм байна.
Гэхдээ ийм тохиолдолд тээгч эх хүүхдээ авах ямар ч боломжгүй учир дээрх заалтыг тусгажээ. Мөн Украинд зөвхөн гэрлэсэн хосууд л хууль ёсны дагуу тээгч эх хөлслөх замаар хүүхэдтэй болох боломжтой аж.
АНУ-д төрсөн тохиолдолд тухайн хүүхдийг 21 нас хүртэл нь эцэг, эхэд нь ногоон карт олгох Нэгдсэн улсын хууль тогтоомжийн дагуу “тээгч эх” болж, тус улсад амьдрах сонирхолтой гадаадын иргэд олон байдаг юм байна. Гэхдээ энэ мэдээж гол шалтгаан нь биш.
АНУ-ыг бусад улс орнуудтай харьцуулахад эрүүл мэндийн техник технологи дээд зэрэгтээ хүртэл хөгжсөн, эмнэлгийн үйлчилгээ сайтай, хууль эрх зүйн зохицуулалт нь ч сайн учир хүмүүс голдуу АНУ-д ирдэг байна.
Тайландад ч гэсэн тээгч эхийн бизнес цэцэглэжээ. Үнэ ханшийн хувьд хүүхэд тээх тухайн эмэгтэйн хөлс нь 10-15 мянган австрали.доллар байдаг бөгөөд эмнэлгийн үйлчилгээ зэрэг бусад зардалтай нийтдээ 42 мянган ам.долларын өртөгтэй байдаг юм байна. Дэлхийд тээгч эхийн бизнес хамгийн их байдаг нь Энэтхэг гэж дээр дурьдсан.
Харин 2014 онд гаргасан Энэтхэгийн дээд шүүхийн ижил хүйстэн, ганц бие хүмүүс тээгч эх хөлслөхийг хориглох шийдвэрийг гаргасны дараа ийм сонирхол бүхий гадаадын иргэд Тайландыг зорих болжээ.
Тус онд гаргасан мэдээллээр 200 Австрали гэр бүл тайландад ирж, тээгч эх хөлслөн нийт 150 орчим хүүхэдтэй болсон байдаг. Ямартай ч, дээр дурьдсан гадаад хүмүүс хууль бусаар тээгч эх хөлсөлж, мэхлэх тохиолдол гарснаар Тайландын Засгийн газар 2015 оны хоёрдугаар сард гадаад хүмүүсийг Тайландад ирж, тээгч эх хөлслөх явдлыг таслан зогсоох зорилготой хуулийг баталсан байна.
Мексикт тээгч эхийн хөтөлбөрт хамрагдахын тулд 50 мянган ам.долларыг зарцуулах аж. Харин АНУ-д өртөг нь ойролцоогоор үүний хоёрны нэг орчимтой тэнцдэг байна. Харин тээгч эхдээ 11-15 мянган ам.долларыг өгдөг байна.
Мөн тухайн газарт өндгөн эсийн донор болоход 100 ам.доллар орчим байдаг аж. Мэдээж захиалагч хүсвэл гадаадаас өндгөн эсийн донор олж болох гэнэ. Мөн энд эр бэлгийн эсийн банк байдаг юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!