Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Таргалалт асуудал болжээ

О.Уянга
2015 оны 10 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Америкчууд таргалалтаа дийлэхээ больжээ гэхээр түргэн хоолтой нь холбож тайлбарлаж, шоолох маягтай ханддаг байсан монголчууд өөрсдөө шоолуулах хэмжээнд хүрч эхэллээ. Сүүлийн үеийн албан бус судалгаагаар гурван хүний нэг нь таргалалтын асуудалтай болчихоод байгаа аж.  Ер нь ийм мэтийн үнэн, худал нь мэдэгдэхгүй судалгаатай судалгаагүй таргалалт аль хэдийнэ асуудал болсныг нэг зүйл гэрчилж байгаа юм. 

Тэр нь тураах хэрэгсэл. Тураах кофе, цай, капсулд, шөл, дэглэм, хувцас хунар гээд байхгүй юм алга.  Ядаж байхад тураана гэсэн болгон эрэлт хэрэгцээтэйг яана аа. Үүнээс болоод тураах бүтээгдэхүүн оруулж ирдэг компани ч ихээр нэмэгдлээ.

Сүүлдээ манайхан өөрсдөө гэдэс цэвэрлэдэг, тураадаг цайнаас авахуулаад янз бүрийн л юм үйлдвэрлэж байна.  

 Сүүлдээ манайхан өөрсдөө гэдэс цэвэрлэдэг, тураадаг цайнаас авахуулаад янз бүрийн л юм үйлдвэрлэж байна.  

Ингэтлээ таргалалттай тэмцэх гэж хичээж байна, манайхан. Уг нь бол хөдөлгөөн дутагдаад, суудлын өвчнөөсөө болоод, машин байнга унаснаас шалтгаалаад таргалаад байгаа юм.  Үүнийгээ ч мэдээд л байгаа байх. Тураах гэсэн хүмүүс мэдсэн юм шиг байгаа юм. Улаанбаатарт худал хэлсэн хүнд байшин болгонд фитнесс төв ажиллаж байна.  Гэтэл тийшээ ч очиж, хөдөлж, хөлсөө гаргах хүн цөөхөн байдаг бололтой. Бүгд л амархан, хурдан турчих арга хайгаад, цай, кофе уугаад л, сүлжээнд мөнгөө үрээд явж байна. 

Нэг ёсондоо таргалалтыг дагасан бизнест өртөж, мөнгөө цацаж байна л даа. Манайхан ийн асуудал болсон таргалалттайгаа тэмцэж ядаж байхад “Бургер кинг”-ийн түргэн хоолны сүлжээ ресторанууд Монголд ээлж дараалан нээгдэж эхэллээ.

Цахим ертөнцөөр барууныхан түргэн хоолны сүлжээ ресторануудыг хааж, боож эхэллээ маягийн мэдээ гарах юм. Ерөнхийдөө бол нийтээрээ татгалзаж эхэлж байгаа юм билээ. Дээрээс нь түргэн хоолны ресторан гэдэг бол мөнгө багатай хүмүүсийнх үйлчлүүлдэг газар гэж байгаа. Тэгээд янз бүрийн түргэн хоолоо идсээр байгаад хэт таргалалтад нэрвэгдсэн баахан хүмүүс баруунаар дүүрэн байгаа гэх. 

Гэтэл манайд бол дундаж болоод баян хүмүүст энэ мэт ресторанд ороод байгаа харагдах юм. Нөгөө барууны ядуусын нэрвэгдсэн таргалалтын зовлонг манай дундажийнхан үүрэх гээд байгаа юм байлгүй. Тэртээ, тэргүй хөдөлгөөний хомсдолд орж, хооллолтоо зохицуулж чадахгүй таргалаад байгаа манайханд нэрмээс болж л байгаа хэрэг. Түргэн хоолны ресторан нь төрөл төрлөөрөө нээгдэж л байхаас гэж хараад суух уу. Тэнд орж үйлчлүүлэх үгүй нь хүмүүсийн л дур.  Гэхдээ “тарган хүн тал бүрийн өвчтэй” гэдэг ч үг байдаг.  

Идэхээ зохицуулж чадахгүй, хөдөлгөөнгүй байгаад, нэг л их гоё машин унасан, том гүзээ унжуулсан эрчүүд яваад байх ч онц биш. Бариухан цамц өмсчихөөр боочихсон хиам шиг харвин нь нугалраад байдаг эмэгтэйчүүд олширох нь ч тийм ч тааламжтай зүйл биш байлгүй дээ. Таргалалтаасаа болоод зүрх нь өөхлөөд, янз бүрийн өвчин тусаад.

 Эмнэлгийн ачаалал нэмээд л. Энэ мэтээр уялдаа холбоотой зүйлс олон л байна даа. Тийм болохоор таргалалтын өвчинд аль болох нэрвэгдэхгүй байхыг хичээх цаг болсон юм биш үү. Ердөө л хувь хүний ухамсар, тэсвэр тэвчээртэй холбоотой л зүйл шүү дээ. Түүнээс биш хөдөлж чадахааргүй таргалчихаад, дараа нь тураана л гэсэн заавартай байвал нохойн баас ч хамаагүй идэхэд хүрэх нь сайхан хэрэг биш дээ.

Зураг