“Харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан ЭМСЯ, мэдрэлийн зөвлөх, туршлагатай эмч нар иргэд дунд байгаа харвалт өвчний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсад 100 мянган хүн амд жил бүр 290 хүн шинээр харвалтад өртөж байна. Үүнээс болж жил бүр 49 хүн нас барж байгаа аж. Монгол Улс нь дэлхийд өндөр харвалттай орны тоонд ордог ажээ.
“Харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулсан энэ хуралд Улсын III төв эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа, Улсын I төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч Л. Энхсайхан, Монголын Харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн, зөвлөх эмч Р. Амарбаясгалан , ЭМСЯ-ны мэргэжилтнүүд оролцлоо.
Зөвлөх эмч Р. Амарбаясгалан “ДЭМБ-аас 2008 онд Монгол орныг харвалтад ихээр нэрвэгддэг гэж мэдээлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд харвалтад хүргэдэг эрсдэлт хүчин зүйл, нас барж байгаа хүний тоогоор манайх дэлхийд дээгүүрт орж байна. Дэлхийн харвалтын байгууллагаас энэ тал дээрээ анхаарах, энэ аюултай өвчний талаар хүн арддаа зөв мэдээлэл өгч, бодлого боловсруулж байгаа хүмүүстээ ойлгуулж, өөрчлөлт гаргаач гэсэн шаардлага тавьж байгаа юм.
Манайх эрсдэлт хүчин зүйлээрээ өндөр. Учир нь дандаа давстай цай уудаг, өөх тос, өрөм зөөхий иддэг. Үүн дээрээ нэмээд сүүлийн жилүүдэд хөдөлгөөн багатай болсон гээд олон хүчин зүйл бий. Энэ нь харвалтад хүргэх хөрс, суурийг бэлдэж байна.
Олон хүн жил бүр бидний гар дээр харвалттай ирээд, нас барж байгаа нь эмч бид нарт эмзэглүүштэй зүйл юм.
Харвалт өгсний дараа эмчлэгдэх газар нь манайд хомс байна. III эмнэлэг дээр дэлхийн жишигт хүрсэн нэг тасаг байгаа бол I эмнэлэгт өөрсдийнхөө санаачлагаар байгуулсан нэг тасаг байдаг.
Харвалтын тасаг хүртээмжгүй байснаас болж хүмүүс эмнэлэгт очихгүй гэртээ байх, ажил дээрээ байх зэрэг асуудлууд гардаг. Тархи гурван цаг болоход л үхжиж эхэлдэг. Энэ хугацаанд арга хэмжээнд орж, эмчилгээ аваггүйгээс тахир дутуу болох, амь насаа алдах магадлал их байна. Тиймээс энэ нэгжийг аймаг, дүүргүүдэд байгуулах шаардлагатай байгаа.
Нөгөөтэйгүүр бодлого боловсруулагчид харвалтын талаарх ажлыг дэмжих хэрэгтэй. Ард түмэн энэ талаар мэдлэг, мэдээлэлтэй болбол өөрийнхөө амь нас, гэр бүлийнхнийгээ аврах боломжтой” гэдгийг онцолж хэлэв.
Улсын III төв эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа тасгийнхаа үйл ажиллагааны талаар танилцууллаа.
“Харвалтын тусламж үйлчилгээ цогц байх ёстой гэдэг бодлогыг бид барьдаг. Харвалтаар өвдсөн хүний гуравны хоёр нь саажиж, гуравны нэгт нь харааны өөрчлөлт ордог. Ерөнхий ой тогтоолт мөн мууддаг.
Үүнтэй холбоотой тухайн хүний амьдралын чанар муудна, айл өрхөд сөргөөр нөлөөлнө, цаашид ядууралд хүрнэ гэсэн судалгааны баримт бий. Үүнийг үндэслээд тусламжийг яаж сайжруулах вэ гэдэгт их анхаарч байгаа.
Улсын III төв эмнэлэгт Харвалт ба зүрхний шигдээсийн тасаг байгуулагдсан. Энэ тасаг нь хамгийн сүүлийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэж байгуулагдсан. Бид улсынхаа хэмжээнд гол үйл ажиллагааг явуулж байна. Учир нь дүүрэг, аймаг, сумын хэмжээнд хийж чаддаггүй гуравдугаар шатлалын эмчилгээг хийдэг” гэв.
Дэлхийн хэмжээнд харвалтаар өвдөж байгаа арван хүн тутмын дөрөв нь эмэгтэйчүүд байгаа учраас сүүлийн жилүүдэд “Эмэгтэйчүүд бид өртөмтгий байна” гэсэн сэдвийн дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Тиймээс айл гэрийг авч явж буй эмэгтэй хүмүүс өөрсдөө энэ өвчний талаар мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал байгаа аж.
Мөн хувь хүн өөрийнхөө даралт, биеийн жин зэргээ үзэж, анхан шатны хяналт тавьснаар харвалтаар өвдөхөөс сэргийлэх боломжтой гэдгийг санууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!