Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Гэрэлсүх: Би Ромеогийн дүрд 150 гаруй удаа тоглосон

Б.Төрбат
2015 оны 10 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Английн алдарт зохиолч У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг 19 жилийн дараа тайзнаа тавихаар бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ.

Ирэх арваннэгдүгээр сарын 12-нд нээлтээ хийх уг жүжгийн найруулагчаар УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллаж байгаа бол гол дүрд залуу жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар тоглох юм. Тэгвэл анх 1996 онд “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд жүжигчин О.Гэрэлсүх тоглож, Ромеогийн дүрийг бүтээж байсан билээ. Тиймээс түүнийг энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа урьж, ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Улсын драмын эрдмийн театрын хамт олон алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг 19 жилийн дараа тайзаа амилуулахаар зэхэж, хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ. Та 1996 онд Ромеогийн дүрийг бүтээж байсан. Таныг Монголын анхны Ромео ч гэж ярьдаг. Энэхүү жүжигт гол дүр бүтээж байсан тэр сайхан дурсамжаас тань ярилцлагаа эхлэх нь зөв байх? 

-Баярлалаа. Монголын тайзнаа анх 1966 онд “Ромео Жульетта” жүжгийг Хүүхэд, залуучуудын театрт тавьж байсан түүхтэй. Түүнээс хойш 30 жилийн дараа буюу 1996 онд УДЭТ-ын хамт олон анх удаа тайзнаа тавьж байсан.

Тухайн үед Ромеогийн дүрийг авч, бүтээсэндээ үнэхээр их баярладаг. Харин Жульеттагийн дүрд гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Урнаа нар тоглож байлаа. Өнгөрсөн хугацаанд Ромеогийн дүрийг би 150 гаруй удаа тайзнаа амьдруулсан байдаг. 

-Үнэхээр сонин тоо, баримт байна. Магадгүй та их азтай хүн байх. Учир нь, жүжигчин хүн бүр алдарт “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд тоглохийг хүсдэг шүү дээ?

-Би аз байдаг гэдэгт итгэдэггүй. Зүгээр л тохироо нь бүрдсэн хэрэг. 

-Тийм гэж үү. Би хувьдаа тохироо гэхээсээ илүү аз л гэж хэлэх байна. Тухайн үед та дөнгөж их сургуулиа төгссөн, залуу жүжигчин байсан биз дээ?

-Тийм ээ, тухайн үед дөнгөж 20 гаруйхан настай, залуу жүжигчин байсан нь үнэн. Ромеогийн дүр бол театрт орж ирээд бүтээсэн анхны маань жүжиг. Гэхдээ үүнийг би аз гэж боддоггүй. Зүгээр тохироо нь бүрдсэн байж таарсан юм.

-Тэгвэл таныг яг ямар шалгуураар энэ дүрд тоглуулахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, Ромеогийн дүрд тоглох эрх танд яаж ирсэн юм бэ? 

-Энэ их сонин түүх л дээ. Ч.Найдандорж найруулагч болон тухайн үед театрын даргаар ажиллаж байсан Б.Зоригт нар надтай уулзалгүйгээр Ромеогийн дүрд тоглуулахаар сонгочихсон байсан. Нөгөөтэйгүүр энэ дүрд хэнийг тоглуулах вэ, ямархуу дүр төрхтэй жүжигчин байх ёстойг найруулагч маань хэдийнэ бодчихсон байсан юм билээ. Их ч хайж явсан байгаа юм. Намайг энэ хоёр хүнтэй уулзахаар театрт ирэхэд миний ажилд орох тушаалыг хэдийнэ гаргачихсан байсан. 

-Бас л сонин дурсамж юм. Уран бүтээлчид театрын босгыг өндөр гэж ярьдаг ч танд бол хялбар олджээ. Дөнгөж их сургуулиа төгссөн, мэргэжлийн хувьд туршлага бага залуу тийм том дүрийг бүтээх үүрэг авсан нь асар том хариуцлага байсан нь ойлгомжтой. Энэ үнэхээр ховорхон боломж, аз биш гэж үү? 

-Мэдээж маш их хариуцлага, үүрэг надад оногдсон. Ахмад уран бүтээлчид маань их туслаж, дэмжсэн. Тэр цагаас хойш бүтэн 19 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд манай театрт олон жүжигчин орж, гарсан. Магадгүй бүгд л энэ жүжигт тоглохыг хүсч, мөрөөдөж байсан байх. Гэвч тохироо нь бүрдээгүй л явсан байх нь. Одоо миний юу гэж хэлээд байгааг ойлгож байгаа биз дээ. 

-Залуу жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нарын хувьд ч адилхан тохироо нь бүрдсэн болохоор л “Ромео жульетта” жүжгийн гол дүрд тоглох болсон гэж үү? 

-Яг үнэн. Нөгөөтэйгүүр театрын маань залуу жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нарт яах аргагүй өндөр хариуцлага оногдож байна. Тэд өөрсдөө мэргэжлийн хувьд чадалтай, чадвартай хүмүүс. Бас энэ жүжигт гол дүр бүтээх тэр л шинж нь бүрдсэн. Хамт олон маань тэднийг чадна гэдэгт итгэж байгаа болохоор л сонгосон. Харин үүний дараа бол чиний асуугаад байгаа аз гээч зүйлийг ярьж болох л юм. 

-Алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг хүн бүр мэднэ, бас өөр өөрсдийнхөө өнгөөр хүлээж авсан байх. Харин та энэхүү жүжгийн тухай ямар бодол тээж явдаг юм бэ? 

-Мэдээж хайр шүү дээ. Хайр бол цацарсан гэрэл гэгээ юм. Хайр хүнд романтик сэтгэлгээг авч ирдэг. “Хонгор зүрх минь энх байх болтугай. Хоёр мэлмий чинь эсэн байх болтугай. Би өөрөө энх эсэн чинь болоосой. Биеэрээ чамдаа шингээд жаргаасай...” гэсэн энэ дөрөвхөн мөртөд л хайр ямар нандин, ариун гэдэг нь шингэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, У.Шикспирийн яруу найраг, дүрслэл нь үнэхээр агуу юм л даа. 

-Тэгвэл өнөөгийн нийгэмд хайрын үнэ цэнэ, хосуудын бие биенээ хайрлах тэр сэтгэл үнэхээр нандин байж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй болж. Хайр гэхээсээ илүү өнгө мөнгө харж гэр бүл болж байгаа хүн олон байна. Хувь хүн, уран бүтээлчийнхээ зүгээс үүнд ямар бодолтой явдаг вэ?

-Би эсрэг бодолтой байна. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлээд өнөөг хүртэл хайрын мөн чанар нь огт хувираагүй. Хүмүүс өөрсдөө л цаг үеэ дагаад “Хайр эвдэрлээ, өнгө мөнгө дээр тогтож байна” гэж. Үүнийг бол хүй нэгдлийн үед ч ярьж байсан байж болох л юм. Гэхдээ хайрыг дорд үзэх, гутаах шиг хялбар зүйл байхгүй. Хүнд сэтгэл зүрх байгаа цагт хайр хэвээрээ л байгаа. 

Өнөөгийн залуусын хайр дурлалыг би яг л хэвээрээ байгаа гэж бодож байна. Гудамжаар дүүрэн Ромео, Жульетта бий гэдэгт итгэлтэй байна. Тэд өдөр бүр бие биедээ шинээр дурлаж, танилцаж байгаа шүү дээ. Энэ бүхнийг үгүйсгэж хэзээ ч болохгүй. Үүнийг л өмөөрөх гэж энэхүү жүжгийг дахин тайзнаа амилуулж байна. 

-Та 1996 онд Ромеогийн дүрд тоглож байсан бол энэ удаад жүжигт ямар ч дүр бүтээхгүй. Зөвхөн арын албанд ажиллаж байгаа гэж сонссон. Гэтэл “Ромео, Жульетта” бол маш олон хүнийг хамарсан, том хэмжээний жүжиг. Олон жилийн өмнөх Ромео өнөөдөр нэг ч дүр бүтээхгүй гэхээр гунигтай санагдахгүй байна уу? 

-Яалаа гэж дээ. Би нэг ч дүр бүтээхгүй. Гэхдээ энэхүү жүжгийг тавихын тулд зохион байгуулалтаас эхлүүлээд хөрөнгө мөнгийг нь олох гээд том үүрэг хүлээсэн. Театр маань гинжин хэлхээтэй байдаг. Өмнө нь бид гол дүрд тоглож байсан бол одоо шинэ, залуу үеэ гаргахаас гадна тэдэнд итгэл, найдварыг төрүүлэх үүрэгтэй. 

-Өөрөөр хэлбэл, хүлээсэн үүргээ л биелүүлж байна гэж үү? 

-Тийм ээ, театрыг ариун сүм гэж ярьдаг. Орчин үед театр бол сүм биш л дээ. 

-Уучлаарай, ингэж хэлэх¬ийг тань сонссон ахмад уран бүтээлчид гомдох вий дээ? 

-Өнөөдөр театр бол тансаглал, мөрөөдлийн газар. Театрт жүжиг үзэх гэж ирсэн хүмүүс өөрийнхөө мөрөөдлийг бодитой харж, ариусан гэгээрч, гэгээ татуулан гардаг л газар юм. Өөрөөр хэлбэл, ариун бодит мэдрэмжийг л жүжгийн үйл явцаар өгөхийг л хэлнэ. 

-Сүүлийн үед хүмүүс театрт жүжиг үзэх нь ховордчихсон шиг санагдах юм. Үүнтэй та санал нийлэх үү? 

-Манай театр жилдээ 200 гаруй тоглолт хийдэг. Сүүлийн үед театрын үзэгчид ихэссэн. Иргэд маань их гэгээлэг, оюунлаг болсон байна. Түүнчлэн хүмүүс техник, технологи өндөр хөгжсөн өнөө цагт амьд тоглолт үзэх, тайзан дээр тоглож байгаа жүжигчдийн амьд дуу хоолойг сонсохыг хүсдэг болсон. 

-Ингэхэд таныг Монголын анхны Ромео гэхээсээ гадна “топ”-уудын эрлэг ч гэж ярьдаг. Топ модель Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн нартай хамтран хэд, хэдэн кинонд дүр бүтээсэн шүү дээ? 

-Миний хувьд сайхан хүүхэн болгонтой хамтарч кинонд тоглоно гэдэг бол хариуцлага юм даа. Түүнээс биш бусдын яриад байгаа шиг аз биш л дээ. 

-Сүүлийн үед царай, бие хаа сайхан л бол мэргэжлийн бус хүмүүс кинонд их тоглох болжээ. Огт өөр мэргэжлийн хүмүүс таны дуртай, хайртай мэргэжил рүү тань үсчиж орч ирээд мэргэжлийн тань үнэ цэнийг унагаагаад байхад уран бүтээлч хүнийхээ хувьд ямар бодолтой явдаг вэ? 

-Үнэлэмж буурч, үнэ цэнэ алдагдаад байх зүйл огт байхгүй шүү дээ. Энэ бол чөлөөтэй, бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Харин ч энэ илүү сайн хөгжөөсэй гэж боддог. 

Зураг