Их Британий ерөнхий сайд байсан Тони Блэйр өчигдөр буюу Ням гарагт өгсөн ярилцлагандаа 2003 онд Иракийг довтлохдоо гаргасан алдааныхаа төлөө уучлал гуйж, АНУ тэргүүтэй холбоотнуудын өдөөсөн дайн өнөөдрийн Исламын улсыг бий болгоход дэмжлэг болсон гэжээ.
Блэйрийн хэлснээр холбоотнуудын удирдагч нар Саддам Хуссейнийг зайлуулсны дараа юу болохыг гүйцэд ойлгоогүй байсан гэнэ.
Түүний ярилцлага CNN-ий Фарид Закариагийн GPS хөтөлбөрөөр гаржээ. Саддамын дэглэмийн эсрэг явуулсан дайны ажиллагаа нь түүнийг бөөнөөр устгах зэвсэг үйлдвэрлэж байна гэсэн шалтгаан дээр үндэслэж байсан ч сүүлд энэ нь батлагдаагүй юм.
Блэйр энэ тухай “Бидний авсан тагнуулын мэдээ худлаа байсанд би уучлал гуйж байна” гэжээ.
Гэхдээ тэр Саддам Хусейнийг зайлуулсан явдалд уучлал гуйхгүй гэлээ. Саддам өөрийн ард иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэж байсан нь түүнийг зайлуулах хангалттай шалтгаан гээд “Өнөөдөр 2015 онд тэр энд байхгүй байгаа нь байснаас хамаагүй дээр” гэж онцолжээ.
Эх сурвалж: Time.Com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!