Туркийн англи хэл дээр гардаг Hurriyet Daily News сонинд мэдээлснээр Исламын улс бүлэглэлийн хүүхдүүдийг бэлддэг сургалтын байрыг Истанбул хотоос илрүүлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Туркийн цагдаа Истанбул хотын дүүргүүдэд байрлах 18 байр сууцнуудад гэнэтийн шалгалт хийж Исламын улс бүлэглэлтэй холбоотой 50 хүнийг баривчилсан байна.
Тэдгээрийн 24 нь Тажик, Узбек хүүхдүүд байсан ба энд цэргийн сургалтанд хамрагдаж байжээ.
Хүүхдүүдийн ихэнх нь Узбек гаралтай байсан ба Узбекистаны Исламын Хөдөлгөөн нэртэй байгууллагын шугамаар энд ирсэн бололтой. Энэ байгууллага өмнө нь Аль-Каедагийн салбар гэгддэг байсан боловч өнгөрсөн наймдугаар сард Исламын улс бүлэглэлийг дагах болсноо илэрхийлсэн юм.
Туркийн терроризмын эсрэг ажиллагаа аравдугаар сарын 10-нд Анкара хотод болсон дэлбэрэлтийн дараанаас эрчимжиж эхэлжээ.
100 орчим хүний амийг хөнөөсөн энэ дэлбэрэлтийг Исламын улс зохион байгуулсан нь тодорхой болсон юм.
Турк улс нь удаан хугацааны туршид Сиритэй хиллэдэг хилээ олон улсын террористуудын зорчих гарц болгон ашиглуулан, нээлттэй байлгаж байсан. Олон улсын нийгэмлэг Туркийн энэхүү идэвхгүй, байдлыг ажигласан байр суурийг шүүмжилж байсан юм.
Харин терроризмын аюул өөрт нь нөлөөлж болзошгүй байдалд хүрсний дараа буюу өнгөрсөн оны сүүлээс өмнөд хилээ хаажээ.
Эх сурвалж: Hurriyet
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!