Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр буюу Ням гарагт Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовтой уулзах үеэрээ 12.7 тэрбум иений ($105 сая) санхүүгийн тусламжийг эрчим хүчний байгууламжууд босгох, эрүүл мэндийн техник хэрэгслийг сайжруулахад нь зориулж өгөхөөр тохиролцжээ.
Японы засгийн газар Төв Азийн хамгийн олон хүн амтай (30 сая) энэ оронтой хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нь тус бүс нутаг дахь Хятадын нөлөөг бууруулан тэнцвэржүүлэхэд чухал нэмэр болно хэмээн үзэж байна.
Мөн уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд Японы өндөр технологийг нэвтрүүлэх, мэргэжилтэн солилцох замаар стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэжээ.
Узбекистаны тал Японыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход нь дэмжлэг үзүүлэхээ хамтарсан мэдэгдэлд бас дурдсан байна.
Абэгийн айлчлал нь 2006 оноос хойш Японы ерөнхий сайдын тус улсад хийж байгаа анхны айлчлал юм.
Абэгийн Төв Азийн Туркменистан, Тажикистан, Узбекистан, Киргизистан, Казахстан улсуудаар хийх айлчлал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гараг эхэлсэн бөгөөд үүнээс өмнө Монгол улсад бас зочилжээ.
Эх сурвалж: Nikkei.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!