Сүүлийн үед олны анхаарлын төвд байсан “Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” арга хэмжээ МҮХАҮТ-д амжилттай болж өнгөрлөө.
Хэдийгээр анх удаа зохиогдож байгаа ч салбар бүрээс нийт 200 гаруй оролцогч оролцож, 12 илтгэгч маш сонирхолтой илтгэлүүдийг тавьж, интернэт худалдааны чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, бизнес эрхэлдэг 27 эксперт энэхүү арга хэмжээнд оролцож байгаа нь цаг үеэ олсныг харуулж байна.
Арга хэмжээг нээж Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Балгансүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий нар үг хэллээ.
Интернэт худалдааны орчин Монголд болон дэлхийн улс орнуудад ямар түвшинд байгаа, энэхүү орчныг хөгжүүлэхэд бид хамтдаа юу хийсэн, одоо юу хийж байгаа, цаашид юу хийх тухайгаа ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрч, өөр хоорондоо харилцаа холбоо тогтоох нь уг арга хэмжээний гол зорилго юм.
Дэлхийн улс орнуудад интернэт худалдаа амжилттай хөгжсөн туршлагаас харахад интернэтээр худалдан авалт хийсэн нөхцөлд НӨАТ-өөс тодорхой хугацаанд чөлөөлж өгсөн нь хүчтэй нөлөөлсөн байдаг. Мөн төр засгийн дэмжлэгээс гадна интернэт худалдааны оролцогч бүх талууд нэг бодлого дор нэгэн зүгт чиглэж байж үр дүнтэй болдог байна.
Дашрамд дурдахад, МҮХАҮТ, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, Голомт банк болон Баяр агентлаг ХХК тус арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа бол “Алтан ивээн тэтгэгч”-ээр Монголын анхны дижитал контентийн “Монгол контент” ХХК,онлайн төлбөр тооцооны “Z pay” систем ажиллалаа.
Мөн онлайн худалдааны www.apm.mn, www.mmarket.mn, www.ubshop.mn болон ухаалаг кассын систем Egulen pos, хүргэлтийн үйлчилгээний “KGB tegbe”, онлайн захиалгын Z24 систем,програм хангамжийн “Грийнсофт” ХХК, “Астериск Техноложис” ХХК нар арга хэмжээг ивээн тэтгэн хамтран ажилласан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!