Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Жавхлан: "Зоос" банкны эрх хүлээн авах үйл ажиллагааг дуусгавар болгох үндэслэл бүрдэж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын ээлжит чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонслоо.

Түүний асуулгын хариуг Монгол банкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ч.Жавхлан өгч, “Зоос” банкны асуудлаар мэдээлэл хийлээ.

Ч.Жавхлан “Зоос банк" ХК нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг, тэдгээрийн анхны шаардлагыг гарган өгч чадахгүйд хүрч өөрийн хөрөнгө алдагдаж, төлбөрийн чадваргүй болсон тул Банкны тухай хуулийн 37, 38 дугаар зүйлийг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 659 тоот тушаалаар албадан татан буулгахаар шийдвэрлэсэн билээ. 

Тус банк татан буугдсанаар иргэд, ААН-ийн хадгаламж, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалах,  банкан дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор МУ-ын Засгийн газрын 2009 оны арваннэгдүгээр сарын 348 тоот тогтоолоор Төрийн банк байгуулах, "Зоос" банк-ны бүтцийн өөрчлөлтөд зориулж нийт 95.1 тэрбум төгрөгийн бонд гаргасан. "Зоос" банканд банкны эрх хүлээн авагч тогтсоноос хойш нийт 63.6 тэрбум төгрөгийн зээл авлагыг эргэн төлүүлж, Зоос банк ХК-иас төлбөрийн нэхэмжлэлтэй иргэн, хуулийн этгээдийн 54.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан болно. 

Үүний дотор Засгийн газрын бондын төлбөрт 37.1 тэрбум төгрөгийг төлж барагдуулснаар 2015 оны  есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Засгийн газрын бондын төлбөр 58 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

"Зоос" банк нь 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 69.7 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байгаагаас 83 хувь буюу 58 тэрбум төгрөг нь Олон овоот ХХК-д, үлдэх 16.6 хувь буюу 11.6 тэрбум төгрөг нь 176 зээлдэгчид хамаарч байна.

Тус банкны тайлан тэнцэл 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 873 сая төгрөгийн цэвэр актив хөрөнгөтэй, нийт төлбөрийн дүн нь 68.5 тэрбум төгрөг, үйл ажиллагааны хуримтлагдсан алдагдал 67 тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хүрээнд "Зоос банк" ХК-ийн нийт актив хөрөнгийг Засгийн газрын бондын төлбөрт тэнцүүлэн шилжүүлж, эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгохоор ажиллаж байна. 

"Зоос банк" ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай:

"Зоос банк" ХК-д банкны эрх хүлээн авагч томилогдмогц Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан Банкны эрх хүлээн авагчийн нэн даруй авах арга хэмжээний хүрээнд банкны хувь нийлүүлэгчдэд санхүүгийн хариуцлага хүлээлгэж 14.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө, 14.7 тэрбум төгрөгийн нэмж төлөгдсөн капитал, хуримтлагдсан ашиг, бусад сангаар алдагчдыг хүлээлгэж санхүүгийн тайланд тусгасан.

"Зоос банк"-ны эрх хүлээн авагчийн зүгээс Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр барагдуулах дарааллыг тогтоосон бөгөөд тэргүүн ээлжинд иргэн, хуулийн этгээдийн харилцах хадгаламжийг алдагдлаас хамгаалах зорилгоор гаргасан Засгийн газрын бондын төлбөрийг барагдуулах ёстой.

Энэ хуулийн 64.1-т заасан төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг банкны хувьцаа эзэмшигчдэд хувьцааны давуу ба ердийн эрх гэсэн дарааллаар хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан байдаг. Иймд дээрх хуулийн заалтын дагуу "Зоос банк" ХК-ийн эрх хүлээн авагчийн зүгээс Засгийн газрын бондын төлбөрийг төлж барагдуулах ажиллагаа үргэлжилж байгаа тул хувьцаа эзэмшигчдийн банканд оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгох нөхцөл хуулийн дагуу бүрдээгүй байгаа болно.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар "Зоос" банкны 627 жижиг хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгийг хувьцаасны нэрлэсэн үнээр тооцон ойролцоогоор нэг тэрбум төгрөгийг хуваарилах саналыг СЗХ-ноос хэлэлцүүлсэн боловч Банкны тухай хуулийн 64.1-т заасан төлбөрийн асуудлыг шийдвэрлэсний дараа дахин хэлэлцэхээр тогтсон. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны есдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар "Зоос" банкан дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгох  актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх асуудлыг хэлэлцүүлэх үед дээрх асуудлыг дахин авч хэлэлцэн, хуулинд заасан дарааллын дагуу Засгийн газрын бондын өр төлбөрт дүйцүүлэн "Зоос банк" ХК-ийн актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх талаар зөвлөмж гаргасан болно.

Дээрх шийдвэрийг хэрэгжүүлснээр "Зоос банк" ХК-ийн хувьцаа эзэмшигч нарт хуваарилах актив хөрөнгөгүй болж Компанийн тухай хуулийн 9.3 дахь заалт буюу Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсний дагуу хариуцлагыг бүрэн хүлээлгэх, "Зоос банк" ХК-ийн банкны эрх хүлээн авах үйл ажиллагааг дуусгавар болгох үндэслэл бүрдэж байна.

Дээрх шийдвэрийн дагуу "Зоос банк" ХК-ийн шаардах эрх, актив хөрөнгийг Засгийн газраас гаргасан бондын өр төлбөрт дүйцүүлэн шилжүүлэхтэй холбоотойгоор Монголбанк болон Сангийн яамны оролцоотой ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэн холбогдох арга хэмжээг авч байгаа” хэмээн хариуллаа.

 “Монгол газар”, “Жаст” компанид хамаарах зээлийн үлдэгдэл 58.1 тэрбум төгрөг байна

Танилцуулгын дараа УИХ-ын зарим гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л. Цог: "Зоос банк"-ыг дампууруулах шийдвэр гаргахдаа хувьцаа эзэмшигчдийн хурал хийлгээгүй гэж ярьдаг энэ үнэн үү. Хоёрдугаарт Санхүүгийн том луйвар хийдэг хэлбэр яваад байх шиг. Тэр үед УИХ-ын том гишүүд, томоохон аж ахуйн нэгжүүд тус банкнаас зээл авсан гэдэг. Үүнээс барагдсан юм байдаг уу? хэмээн асуув. 

Ч.Жавхлан “Тухайн үед Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаагүй. Хуулийн дагуу тийм шаардлага байгаагүй. УИХ-ын гишүүдтэй холбоотой зээл, өр төлбөрийг сайн мэдэхгүй байна” гэв.

"Зоос" банкны эрх хүлээн авагч н.Ариунбат энэ асуудалд хариу өгөв. Тэрбээр “Зоос" банкыг татан буулгахад өөр банк байгуулах шийдвэр гарсан. Ингэснээр иргэдийн мөнгөн хадгаламжинд зуун хувь баталгаа гаргах хуулийг хэрэгжүүлэх үүднээс тус банкны сайн актив дээр Төрийн банкыг байгуулсан. 

Мөн их хурлын гишүүдтэй холбоотой зээл байхгүй. Өнөөдрийн байдлаар "Зоос" банкны тайлан  тэнцэлд “Монгол газар”, “Жаст” компанид хамаарах зээлийн үлдэгдэл 58.1 тэрбум төгрөг байна” гэв. Нийт "Зоос" банкны эрх хүлээн авагч дээр 130 тэрбум төгрөгийн чанаргүй актив үлдсэн. Үүнээс 60 орчим тэрбум төгрөгийг нь барагдуулж, бусад нь үлдэгдэлтэй байна” гэв.

УИХ-ын гишүүн Г.Уянга асуулт асуув. Тэрбээр “Надад 2009 оны тогтоол байна. "Зоос" банкны бүтцийг өөрчлөн байгуулах гэдэг нэртэй. Дампуурсан гэдэг яриа хаанаас гарсан юм бэ. Төрийн банкыг "Зоос" банкны үргэлжлэл байна гэж харж байна. Энэ тогтоолд бүтцийг өөрчлөн байгуулна гэж тусгасан. Тэгэхээр энэ банк дампуураагүй юм байна. Тэгэхээр жижиг хувьцаа эзэмшигчид нь үнэт цаасны төв дээр бүртгэлтэй яваад байдаг. Энэ жижиг хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилах ёстой юм биш үү.

Дээрээс нь энэ ямар удаан ажилладаг эрх хүлээн авагч вэ. Сард 5, 6 сая төгрөгийн цалин аваад л зургаан жил ажиллаад, ажлаа хийж дуусдаггүй. Төрийн зуун тэрбумыг хэзээ өгч дуусах юм бэ. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк нэг томоохон хувьцаа эзэмшигч нь байсан юм байна. Энэ банк чинь татан буугдсан юм бол хохирлоо барагдуулах арга хэмжээ авдаг биш юм уу. Яагаад том хувьцаа эзэмшигчид нь чимээгүй байгаад байдаг юм бэ” гэв.

Ч.Жавхлан “Банкны хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах ямар ч боломжгүй. Банк 87.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. 
Европын Сэргээн Босголтын Банк нийт хувьцааны 25 хувийг эзэмшдэг байсан. Тэд бусад хувьцаа эзэмшигчдийн адилаар санхүүгийн хариуцлага хүлээгээд энэ нь алдагдал болсон.

Банкны 55 хувийг эзэмшдэг байсан иргэн н.Батбаяр банкнаасаа тодорхой хөрөнгөө хувааж авсан. Харин дүрмийн санд оруулсан хөрөнгөөрөө санхүүгийн хариуцлага хүлээсэн”.

Эрх хүлээн авагч н.Ариунбат “Эрх хүлээн авах үйл ажиллагаа зургаа дахь жилдээ үргэлжилж байгаа нь үнэн. Энэ хооронд Монголбанкны Ерөнхийлөгчийн гурван удаагийн шийдвэрээр хугацааг нь сунгасан.

Сүүлийн хэдэн жил "Зоос" банк-ны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгоод төрөөс гаргасан бондын дүнтэй дүйцүүлэн, үлдэгдэл актив хөрөнгийг Сангийн яам руу шилжүүлэх ажиллагааг дуусгавар болгоё гэж бид саналаа удаа дараа хүргүүлдэг ч шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Харин сүүлийн үед нааштай шийд гарч үлдэгдэл активыг Сангийн яам руу шилжүүлэхээр хоёр талаасаа ажиллаж байна” гэв. 

Г.Уянга: УИХ-аас гаргасан тогтоолоос харахад “Зоос” банк дампуураагүй

Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Уянга дараах саналыг хэллээ.

"УИХ-ын тогтоолоос гажиж Засгийн газрын үйл ажиллагаа явсан юм шиг байгаа юм. Бүтцийг нь өөрчилж Төрийн банкийг байгуулсан. Тухайн үед Сангийн дэд сайд байсан н.Ганхуягийн ярилцлагаар “Зоос” банкны 86.6 тэрбум төгрөгийн хөрөнгө дээр Төрийн банкны эх үүсвэр бий болсон гэж тов тодорхой ярьсан байсан. Тэгэхээр та нар худлаа яриад байна л даа. Одоо дээрээс нь Төрийн банкийг хувьчилна гэж ярьж байгаа. Энэ үеэр энэ асуудал нухацтай сөхөгдөх байх. Ер нь том хувьцаа эзэмшигчид хөрөнгөө гаргаад авчихсан байна. Хүмүүсийн ярьж байгаа болон тодорхой баримтуудаар. 

Тэр 100 тэрбумаас манай нэр бүхий хүмүүс өөрсдийнхөө хохирлыг, мөнгийг гаргуулж авсан мэдээллүүд байна. Хэрвээ хувьцаа эзэмшигчид хариуцлага хүлээх ёстой бол жижгээсээ том руугаа дараалж хариуцлагаа хүлээх ёстой юм шиг санагдаж байна. 

Эхлээд жижиг, дараа нь том хувьцаа эзэмшигчид гэсэн дарааллаар. Та нар тэрийг хангаагүй юм байна. Одоо жижиг хувьцаа эзэмшигчид хохироод үлдчихсэн. 
Тухайн үед маш олон хуулийг зөрчиж банкийг татан буулгасан. Монгол банкны буруутай, алдаатай үйл ажиллагаа энд маш их байгаа. Энэ асуудлууд улс төрийнхний хуйвалдаан болсон гэдэг нь маш олон зүйлээс тодорхой харагддаг. 

87.9 тэрбумын алдагдалтай гэж байгаа хэр нь 86.6 тэрбумын өөрийнх нь хөрөнгө Төрийн банкны эх үүсвэр болсон гэдгийг тухайн үеийн Сангийн дэд сайд тов тодорхой ярьсан байна. Та нар нийлж хуйвалдаж банк идэхээ болих хэрэгтэй. 

УИХ-аас гаргасан тогтоолоос харахад “Зоос” банк дампуураагүй. Өөрчлөн зохион байгуулагдаж буюу “Зоос” банкны үндсэн хөрөнгө дээр Төрийн банк байгуулагдсан. Энэ хувьцаа эзэмшигчдийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Дампуураагүй бол хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хүртэх ёстой. 
Маш яаралтай ойрын хугацаанд энэ асуудлыг судлах, хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох ёстой. Яг энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдсан ч ажил нь урагшлахгүй байна. Тиймээс байнгын хороон дээр энэ асуудлыг үргэлжлүүлэн ярилцаж гацаад байгаа ажлын хэсгийн ажиллуулах саналтай байна" гэв.