Германы автомашин үйлдвэрлэгч Вольксваген группын дизель хөдөлгүүртэй холбоотой шуугиан Холливуудэд хүрчээ.
АНУ-ын Парамонт Пикчерс студи, жүжигчин Леонардо ди Каприо нар Нью Иорк Таймсын сэтгүүлч Жак Ивингийн бичсэн номоор кино хийх эрхийг худалдаж авсан байна.
Уг номонд Вольксваген группын 78 жилийн түүхэнд тохиолдсон хамгийн том хямрал болох дизель хөдөлгүүрийн хорт утааны түвшинг хуурамчаар харуулдаг програм, түүнтэй холбоотой дуулианы тухай бичжээ.
Одоогоор АНУ, Европын зах зээлд нийлүүлсэн машинууд нь ийм “хуурдаг” програмтай байгааг баталсан бол Ази, Латин Америкийн орнууд бас үүний мөрөөр шалгалт хийж эхлээд байгаа.
Дуулианы улмаас Герман үйлдвэрлэгчийн хувьцааны үнэ гуравны нэг орчмоор унаж, удаан жил удирдсан гүйцэтгэх захирал нь огцорч, шалгуулж байгаа юм.
Нэрт жүжигчин Ди Каприо бол Холливуудын тэргүүлэх байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцэгчид тооцогддог.
Тиймээс түүний хувьд энэ киног хийх нь бизнесийн зорилгоос гадна байгаль орчныг хамгаалах тэмцлийнх нь нэг хэсэг болж байгаа бололтой.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!